Энэ онд таван байршилд газар өмчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Иргэн бүрт 0.7 га газрыг өмчлүүлэх тухай хууль манай улсад 2003 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Тус хууль гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 100 мянга гаруй иргэн газар өмчилсөн бөгөөд энэ нь нийслэлийн хүн амын 10 орчим хувь юм. Гэтэл 2013 оныг хүртэл өмчлүүлэхээр төлөвлөсөн 4700 гаруй га газрыг иргэдэд өмчлүүлж дуусчээ. Тиймээс иргэнд газар өмчлүүлэх хугацааг таван жилээр буюу 2018 оны 5-р сарын нэгэн хүртэл сунгасан юм. Газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин шинээр тусгажээ. Төлөвлөгөөнд тусгаснаар иргэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны газар, Баянзүрх дүүргийн 55 га, Багахангай дүүргийн 160 га, Налайх дүүргийн 300 га газрыг өмчлөх боломжтой юм байна. Эдгээр дүүргүүдэд олгож буй газрыг эзэмшихийг хүссэн иргэд хуульд заасны дагуу тухайн өмчлөхийг хүсч буй газраа тухайн дүүргийн Засаг даргад батлагдсан маягтын дагуу хүсэлт гарган, кадастрын болон байршлын зургийг мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулж хавсаргах ёстой. Хэрэв иргэн гэр бүлийнхэнтэйгээ хамт газар өмчлөхийг хүсвэл гэр бүлийн гишүүдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг баталгаажуулж хавсаргах аж. Өргөдлийн дагуу нийслэлийн Засаг дарга 3 сарын хугацаанд шийдвэрлэдэг ч нийслэлийн газрын алба нэг сараас 45 хоногийн хугацаанд иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргаж байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top