Юмыг дандаа муухай өнцгөөс хардаг “нүд”-ээ бид өөрчлөх цаг болжээ. Монголд болж байгаа, бүтэж байгаа зүйл захаас аваад бишгүй олон байна. Улаанбаатарт сүндэрлэж байгаа орон сууцны хорооллууд үүний тодоос тод жишээ болов уу. Ю.Цэдэнбал даргын үед л III, IV хорооллыг орос ах нарын дэмжлэгтэйгээр босгож байснаас, ардчилал Монголд ялснаас хойш ганц ч хороолол бий болж байгаагүйг санахад буруудахгүй л байх. Харин “Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, үргэлжлээд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр Монголд жишиг хорооллууд бий болсоор байна. Ардчиллаас хойшхи анхны хорооллууд өнгөрсөн дөрвөн жилд боссон гээд хэлчихэд ч буруудахгүй байх.
Бүх үйлчилгээ нь нэг дороо, цэцэрлэг, сургууль нь хажуудаа, дэлгүүр хоршоо нь дэргэдээ ийм хорооллууд улам олноор босох боломж, нөхцөл ч бий боллоо. Яагаад гэвэл, Монгол Ардын Намын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд зөв суурийг нь тавьж өгч чадлаа.
Төрийн албан хаагчид жилийн найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орсон бол удалгүй бүх хүнд тэгш боломжийг Засгийн газар олгов. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоод эхэллээ. Ингэхээр 100 мянган өрх утаатай гудамжаа угаалтууртай байраар солино гэсэн үг. Хотод 75 мянга, хөдөөд 25 мянган айлын орон сууц шинээр босгох, айлуудаа бага хүүтэй, урт хугацаатай зээлээр хангах энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын утаа өдөр ирэх тусам багасч, орчин сайжирч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Цаашид Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүдэд орон сууцны шинэ хорооллууд улам олноор сүндэрлэх нь ч ойлгомжтой байгаа юм. Юу гэвэл, Монгол Ардын Нам “200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Тус намын мөрийн хөтөлбөрт туссан энэ хөтөлбөр хот, хөдөөд зэрэг хэрэгжих юм байна. Өөрөөр хэлбэл, хотод 150 мянга, хөдөөд 50 мянган орон сууцыг шинээр барьж, иргэдээ урт хугацаатай, бага хүүтэй зээлээр хангахаар Монгол Ардын Намынхан зорилтоо тодорхойлжээ. Тэдний төлөвлөж буйгаар шинэ хорооллуудад инженерийн дэд бүтэц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж нь цуг байх аж. Мөн хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулж шинээр солих, гэр хорооллын 50 мянган өрхийг дулаан, цэвэр, бохирын шугамд холбож, амины орон сууцны хороолол болох нөхцөлийг нь бүрдүүлэх юм байна.
Өнгөрсөн дөрвөн жилд хийснээсээ ихийг Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хийхээр зорьсон нь энэ. Үр дүнд нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 200 гаруй мянган өрхийг 150 мянга нь шинээр орон сууцанд орж, 50 мянга нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцны хороололд амьдрах нь. Энэ таатай мэдээ биш гэж үү. Орон нутагт ч ялгаагүй 50 мянган айлын орон сууц босч, хотын иргэдтэй адил нутагтаа тохилог сууцанд амьдрах боломж хөдөөгийн иргэдэд маань бүрдэх юм. Тэгэхээр шинэ орон сууцанд орох 200 мянган айлын нэг нь танайх байх нь.
Сэтгэгдэл ( 0 )