МУ-ын гавьяат жүжигчин Батзаны Батзаяа энэ жилийн сонгуульд УИХ-ын 22-р тойрогт МУНН-аас нэр дэвшиж байгаа. Тэрээр арван зургаахан насандаа нэрт зохиолч Э.Оюун, С.Удвал нарын жүжгүүдэд шүүмж бичиж явсан догь толгой. Харин шүүмж нь сонинд гарсаны дараа өөрөө “нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг юм” хэмээн сүрхий шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Хошин урлагийн нэрт жүжигчин маань энэ жил улс төрд хөл тавьж, олигархиудын эсрэг хүчтэй шүүмж өрнүүлэхээр шийдсэн аж. “Намайг Монголчууд хошин шогийн жүжигчин, уран бүтээлч гэдгээр нь мэднэ. Гэхдээ өнөөдөр инээж, хөгжилдөөд явж байх цаг үе биш. Монгол хүний хувьд газар нутаг маань гадаадынхны мэдэлд орж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч байгааг зүгээр хараад сууж чадахгүй нь. Уран бүтээлч хүн гэдэг нийгмийн аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, болж бүтэхгүй асуудлыг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүргэдэг. Энэ утгаараа уран бүтээлч хүн өөрөө тэмцэгч байдаг юм. Энэ чанар маань өнөөгийн улс төрд бас хэрэгтэй байна. Нэрт найрагч О.Дашбалбарын агуу үзэл бодол надад таалагдсан учраас би МУНН-ыг анх байгуулагдахад гишүүнээр нь элссэн. Улс төрийн намууд дундаас хамгийн цэвэр цустай нь МУНН гэж үздэг учраас энэ намаас нэр дэвшиж байгаа. Бусад нэр дэвшигчидтэй адилхан баруун зүүнгүй цацаад байх их мөнгө байхгүй ч би худлаа амлахгүй, шударгаар төрд зүтгэнэ” гэжээ. МУГЖ Б.Батзаяа уран бүтээлээрээ нэгэнт олонд танигдсан тул улс төрд яагаад орох болсон шалтгаанаа Налайх, Баянзүрхийн сонгогчиддоо ойлгуулахад анхаарлаа тавьж байгаа аж. Их улс төрд урлаг соёлынхныг төлөөлж Батзаны Батзаяа ийнхүү нэр дэвшиж байна. Дашрамд сонирхуулахад нэрт нийтлэлч Баабар Батзаяа хоёр ах дүүсийн хүүхдүүд. Хоёулаа “Баабар” овогтой. Баабар хорон үгтэй, Батзаяа хошин үгтэй. Хорон үгтэй Баабар Их хуралд сонгогдож байсан удаатай. Харин Баянзүрхчүүд хошин үгтэй Батзаяаг сонгох болов уу.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )