Р.ЭМҮЖИН
Тэр үе үе тэсэрдэг. Тэгэхдээ үнэнээр тэсэрдэг. Түүний хамгийн даацтай тэсрэлт МАН-ын уугуул нэрийг сэргээж, үзэл баримтлалаа шинэчилсэн явдал байлаа. Магадгүй бас зүрх сэтгэлдээ хамгийн удаан тээж явсан тэсрэлт энэ байсан болов уу.
У.Хүрэлсүх долоон настайдаа анх жолоо мушгиж үзсэн гэдэг. Шилийн Богдоос Алтан-Овоо хүртэл аавынхаа нөмөрт жолоо мушгиж явсан тэр нэгэн хүү эдүгээ Монгол төрийн жолоог хямгадаж явна. МАН бол түүх талаасаа, тусгаар тогтнолын тулгын гал, монголчуудын эрслэн босож, эгцлэн тулалдсан тэмцлийн анхны туг байлаа. Хоёр зууныг дамнан үргэлжилсэн Манжийн дарлалыг сөрөх зориг нь МАН байв. Энэ утгаараа Монгол түмний үнэ цэнэтэй баялаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин МАН-ын энэхүү эх орон, тусгаар тогтнолоор хэмжиж болох үнэ цэнийг улс төрийн тавцан дээрээс зоригтой тунхаглаж чадсан хүн бол У.Хүрэлсүх.
Ардчиллын сургаар МАН-ыг олон хүн буруутган чичилж, хаалга саван гарч байх үед цэл залуухан У.Хүрэлсүх энэ намын босгоор алхаж байсан гэдэг. Үзэл бодолдоо үнэнч, үйл хэрэгтээ үнэнч тэрбээр Монгол ардын армийн 152-р ангид улс төрийн орлогчоор ажиллаж, их улс төрд анхан шатны байгууллагаас нь эхлэн хөл тавьж байв.
Чухам МАН-д У.Хүрэлсүх шиг залуусын сэтгэл, зүтгэл хэрэгтэй түүхэн цаг үед тэрбээр энэ намын их өөрчлөлттэй хамт төлөвшсөн гэж хэлж болно. Хүү нь том болж, хүлгийн хурдаар алсыг туулахын адил У.Хүрэлсүх улстөрчийн хувьд эрийн цээнд хүрэхийн цагтаа намынхаа уугуул нэрийг сэргээж, үзэл баримтлалаа шинэчлэх ажлыг гардан хийсэн байдаг. Энэ бол хэн хүний зориглон шүүрч авах ажил биш.
Ялангуяа МАН-д ганц хүний ноёрхол галзуурч байх үед алдаа оноогоо шуудхан хэлчихдэг шударга дуу хоолой үгүйлэгдэж байлаа. Эл орон зайд эзэн нь болж, хэт их эрх мэдэл, хэмжээ хязгааргүй бялдуучлалыг сөрөн “МАН бол ганц хүний нам биш” хэмээн шийдмэг дуугарсан У.Хүрэлсүхийн үг энэ намд төдийгүй, нийгэмд харанга дэлдсэн нь үнэн юм. Үүнийхээ төлөө шалгуулж, байцаагдаж, хоригдож байсан түүх түүний намтарт бий. Энэ он жилүүд У.Хүрэлсүхийг жинхэнэ улстөрч болгон хүмүүжүүлсэн. Монголчууд Ухнаагийн хүүгийн алдаа оноо, уналт, сэргэлтийг мэднэ. Түүнтэй хамт шантарч, шаналсан нь байдаг л байх. Эгэл жирийн тээвэрчин аав, ээжийн хүү тэрбээр хүн чанар, мөн чанар, сэтгэл итгэлээ гээлгүй, өнөөг хүртэл улс төр хэмээх уруудаж өгсдөг замд жолоо сунгаж яваа нь өөрөө үнэ цэнэ юм. Улстөрчид эвдэрдэг. Эд баялаг, эрх мэдэл, албан тушаалын өгсүүр замд өнгөөр амьдарч, үзэмжээр гоёх нь ч бий. Харин У.Хүрэлсүх МАН-аар бардамхан гоёж, МАН-ыг чимж, чиглүүлж өнөөг хүрэв. Тусгаар тогтнол, эрх чөлөөт эх орноороо гоёж, эх орноо ч бас өөрөөрөө хөтөлж өнөөг хүрэв.
Түүний “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж алдартай үг бий. У.Хүрэлсүхийн зориг Монголын төрд, МАН-д дутагдаж байх үед тэр энэ үгийг хэлж, өөрийгөө болоод өрөөлийг хурцалсан нь үнэн юм.
УИХ-д хоёронтоо сонгогдон түмний итгэлийг хүлээж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын албыг нэр төртэй хашиж ирсэн У.Хүрэлсүхэд бусад улстөрчдөд байхгүй давуу тал бий. Энэ бол эр зоригийн хүмүүжил. Басхүү улс төрийн стратеги талаасаа боловсорсон асар их туршлага, нам хэмээх амьд организмын зүрх сэтгэл нь болон цохилж чаддаг чанар түүнийх.
МАН-ын далбааг иргэний хөдөлгөөний төөрөлдсөн залуучууд шатаан, тус намын байран дахь жанжин Д.Сүхбаатарын хөшөө рүү шээж байхыг тэвчиж чадаагүй ухаан мөн л У.Хүрэлсүхийнх. Ахмад үеэ хүндэлж, түүхээ сэргээн тунхаглаж, өнгөрсөн цагийн ололтыг өнөө цагт үргэлжлүүлж, уламжлалаа шинэчлэлтэй хослуулан ажиллаж чадсанаар нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр залуус бахархдаг.
Энэ намын залуу үеийнхний туг далбаа, бүрээ бөмбөр нь болж чадсан тэрбээр МАН-ын залгамж чанарт сэтгэлээ чилээж явдаг. Тиймээс ч хойч үеийнхэндээ харамгүй сэтгэлээр ханддаг аж. Ганцхан жишээ дурдахад НАМЗХ-ны ерөнхийлөгч Д.Оюун-Эрдэнийг Хэнтийгээс олж ирсэн тухай яриа бий. Тэр үед Д.Оюун-Эрдэнэ оюутан байж. Зуныхаа амралтаар Хэнтийд аймгийн Засаг даргын тамгын газрын манаачаар ажиллан ээждээ талхны мөнгө залгуулж байжээ. Тухайн үед ажлаар Хэнтийд очоод байсан У.Хүрэлсүх энэ залуугийн сэтгэлийг олж харан намдаа “уруу татсан” гэдэг. Энэ мэтээр МАН-ыг, улмаар төрийг залуужуулах, шинэчлэх ажлыг олон жилийн өмнөөс, өөрийн итгэл үнэмшлээр эхлүүлсэн нь олзуурхмаар.
У.Хүрэлсүхийн гэргий хүүхдийн цэцэрлэгийн багш. Тэрбээр бурхадтай ажилладаг гэргийгээрээ бахархах дуртай. Хоёр охиныхоо дунд нялхарч суудаг уяхан аав, их улс төрд ухаан уралдуулдаг тулхтай улстөрч, эх орон дуудахад эр цэрэг нь болох бэлтгэл хурандаа хэмээн түүнийг товчхон тодотгож болно.
Үе үе эрс шийдмэг алхмууд хийдэг У.Хүрэлсүхээс эмээдэг хүн байдаг л байх. Хүн чанарыг нь нөмөрлөж явдаг нөхөд нь ч бас бий. Тэр жил, УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хөвсгөл далайд сураггүй алга болсон мэдээ Монголыг хэдэн өдөр доргиов. Тухайн үед Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх ангийн андынхаа эрэлд биечлэн мордож, эрж хайх ажиллагааг зохион байгуулан шуурхай ажилласныг цэнхэр дэлгэцээр олон нийт харсан. Түүний энэ цогтой, шуурхай чанар 2008 оны сонгуулийн дараа балгас болсон байшинтай, нулимс болсон гишүүнтэй үлдсэн МАН-ыг богино хугацаанд бодит болон оюун санааны өөрчлөлтөд дуудаж чадсан билээ. 2007 онд нисдэг тэрэг осолдон хэдэн сайхан залуу бурхны оронд одсон гашуун түүх байдаг. Энэ хар өдрүүдэд төрийн түшээгийн хувьд, эр хүний хувьд харамлаж чадаагүй нулимсаа гарынхаа араар шударч зогссон У.Хүрэлсүхийг эл мөн чанарынх нь төлөө олон нийт үнэлдэг.
Заримдаа тэр сүржин. Бас омогтой. Гэвч энэ нь монгол эр хүнд байх л ёстой араншин гэж би хувьдаа үздэг. Олон монгол хүн У.Хүрэлсүхийн омгийг зүрхэндээ тээж гэмээнэ эх орноо гэх сэтгэл нь илүү уужим байх болно.
Ухнаагийн Хүрэлсүхийг Эмүжин юутай их магтаваа гэж атаархах хэрэггүй. Муулах
ч хэрэггүй. Нэгэн үеийнхэн нэртэй яваа нэгнийгээ үнэлж, үгээ хэлж чаддаг байхыг би эрхэмд тооцдог. Тиймээс атаархаж гоочлохын оронд У.Хүрэлсүх шиг амьдар, У.Хүрэлсүх шиг зоригло, У.Хүрэлсүх шиг цохил! Учир нь иргэн таны Монголыг гэх зүрхээр улс эх орон чинь дутдаг юм!
Сэтгэгдэл ( 0 )