Алтайчууд өөрчлөлтийг хүсч байна
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, АН‑ын жагсаалтаар нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг, АН‑ын даргын зөвлөх, жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд нар өнөөдөр Говь‑Алтай аймагт хүрэлцэн ирлээ.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний бүрэлдэхүүн “Шинэ‑Алтай” захаар орж жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.
“Шинэ‑Алтай” захын жижиглэнгийн бараа, махны худалдаа, барилгын материалын бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр тэд захын орчин нөхцөл сайжруулах, жижиг бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьж, төрөөс ирж буй олон төрлийн татвар дарамт учруулж байгааг онцоллоо. Алтайчуудын хувьд махны үнэ хэт өндөр хотынхонтой адил өртгөөр буюу хонины мах нэг кг‑ийг 6000, үхрийн мах 8000 төгрөгөөр худалдан авч байна гэсэн юм. Мөн энэ жилээс иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа нь Бигэрийн алтны уурхай ажиллахгүй болсонтой холбоотой гээд баялагийн тэгш хувиарлалт шударга бус байна гэсэн юм.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд Алтай нутагтаа өөрчлөлт хийж, нутгийн унаган хүү Б.Аринсанг дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний бүрэлдэхүүн өнөө орой Есөнбулаг сумын иргэд сонгогчидтой уулзах юм байна.
УИХ-ын тавдугаар тойрог буюу Говь‑Алтай аймагт Ардчилсан Намаас ЭБЭХ‑ний дэд сайд асан Б.Ариунсан нэр дэвшиж байгаа бөгөөд түүний хувьд энэ өдрүүдэд аймгийнхаа зах хязгаар сум болох Алтай, Бугат, Хөх морьт, Жаргалан, Баян‑Уул, Тайшир сумдад ажиллаж байгаа аж.
Говь‑Алтай аймагт АН‑аас нэр дэвшигч Б.Ариунсангийн хувьд энэ сарын зургаанд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн бөгөөд энэ үеэр Говь-Алтай аймгийн АН-ын байр “Ардчилалын өргөө”-ний нээлт болсон нь Алтайчуудын талархалыг хүлээсэн байна. Учир нь 22 жилийн турш нэг намын удирдлага дор ажиллаж, амьдарч байсан Алтайчууд “Ардчиллын Өргөө”-г “иргэдийг сонсох өргөө” хэмээн бэлэгшээж Ардчиллын түшээтэй болж өөрчлөлт хийхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Тодруулга
Бид хамтаа “Шинэ Алтай”‑г бүтээн босгоно
-Ардчилсан намаас Говь‑Алтай аймагт дэвшигч Б.Ариунсангаас дараах тодруулгыг авлаа.
‑Таны хувьд Алтай нутагтаа “Санъя, сэрье, өөрчилье, хөгжье” гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм байна?
‑ Ардчилсан нам 2012 оны УИХ‑ын сонгуульд “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриаг дэвшүүлсэн бол миний хувьд Алтай нутагтаа “Санъя, сэрье, өөрчилье, хөгжье” гэсэн уриаг дэвшүүлэн оролцож байна. Яагаад энэ уриаг дэвшүүлэх болов гэвэл манай гараг ертөнц дээр 1210 оноос хойш анх удаа хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа үүсч бий болсон. Түүнээс хойш Английн хүний эрхийн бичиг баримт, Парисын тунхаглал, НҮБ‑ын хүний эрхийн тунхаглал гээд эрх чөлөө, хүний эрхийн актууд гарч байсан. Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон бие даасан улс болж, 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгалыг хийж чадсан. Гэтэл энэ он цагуудад Говь‑Алтай аймагт 70 жилийн турш нэг нам, ардчилалын 22 жилд ч мөн л нэг нам ноёрхсон хэвээр байна. Алтайчуудын хувьд энэ бүхнийг өөрчилье гэж байна. Ардчилсан Монгол Улсын түүхэнд гарын таван хуруунд багтах аймаг л өөрчлөлт, шинэчлэлтгүй өдий болж байна. Тэдгээрийн нэг нь Говь‑Алтай аймаг. Өнөөдөр Говь‑Алтай аймгийн иргэд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байна. Ардчиллын салхи Говь‑Алтай аймаг руу эргэж байна. Алтай нутгаа өөрчлөх үү, өөрчилье гэж ард түмэн минь хэлж, дэмжиж байна.
‑Алтайчууд маань чухам юуг өөрчлөх гэж таньтай нэгдэж байна вэ?
‑Бид Алтай нутгийнхаа гурван мянга гаруй иргэд рүү “Өөрчлөх үү” гэсэн асуулга мессеж явуулахад өөрчилье гэсэн хариултыг өгсөн. Хүнд суртал, нэг намын тогтолцоо, төрийн захиргааны тогтолцоо, шударга бус байдлыг өөрчилж баялагийн тэгш хувиарлалт, иргэдэд тэгш боломж олгохыг хүссэн. Манай хөрш зэргэлдээ Завхан аймаг гэхэд өөрчлөлтийг хийж чадсан учраас өнөөдөр үр шимийг нь хүртэж байна. Гэтэл Говь‑Алтай аймагт нэг нам 22 жил, орон нутагт 18 жил засаглал бариад байж байна. Ардчиллын төлөө явсан анхны залуусын хувьд нийгэмд дандаа шинийг санаачилж, сэдэж, хэрэгжүүлж байсан. Түүний үр дүнг ард түмэн хүртэж ирсэн. Малыг малчдад, газрыг иргэдэд, орон сууцыг эзэнд нь, хүн бүрт гадаад паспорт гээд бүгд ардчиллынх. Олон зүйлийн санаачлагч нь Ардчилсан нам. Ардчилсан нам ард түмнээс сонгогдсон ард түмний нам учраас үүсгэл санаачлага бүр нь ард түмэн хүртдэг. Ардчиллыг үүсгэн байгуулсан хүмүүс л ардчилсан нийгмийг авч явах юм байна. Ардчиллын үр шимийг бүрэн таниагүй нөхөд л ардчиллыг хойш нь татдаг. Говь‑Алтайчуудын хувьд ардчиллын төлөө сонголтоо эрт хийсэн бол ардчиллын үр шимийг илүү эрт мэдрэх байсан. Гэхдээ бид оройтоогүй байна.
‑Шинэ Алтайн тухай яриа танай аймагт их өрнөж байна. Энэ талаар?
‑Шударга бус байдал, хүнд суртал, авилгал, ажилгүйдэл, ядууралгүй шинэ Алтайг бид цогцлооно. Ардчилсан нам хүн бүрт тэгш боломж, сайхан амьдрах бололцоог эдийн засгийн хувьсгалаараа бүрдүүлж өгнө. Хөгжих боломжийг нь нээж өгнө гэсэн үг. Эдийн засгийн хувьсгалыг Алтайчууд дэмжээд төрийн зөв бодлого хэрэгжүүлэх юм бол Алтай нутгийнханд маань олон боломж бий болно. Манай нутгийнхан ажилч, хичээнгүй учраас боломж нь бүрдвэл хийж бүтээх чадвартай хөдөлмөрч хүмүүс. Тийм учраас бид хамтдаа “Шинэ Алтай”‑г бүтээн босгож чадна.
‑Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд танай аймагт хэр шударга өрсөлдөцгөөж байна вэ?
‑Манай намын хувьд улстөрийн шинэ технологоор ажиллаж байна. Хуулиа дээдэлье, шударга өрсөлдье гэдэг зарчмыг өрсөлдөгчдөдөө тавьж байгаа. Гэвч хуулиас гадуур гаж буруу зүйл явагдаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалт өгөхгүй, айл өрхийн ам бүлийн тоо нэмэх, хасах гэсэн бүртгэлтэй холбоотой олон будлиан эхнээсээ гарах болсон. Энэ мэт шударга бус хар технологи байсаар байна. Үүнийгээ болье, шударга өрсөлдье гэж дахин хэлье.
Иргэдийн яриа
Говь‑Алтай аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Ардчилсан намын дарга Х.Энхбаяр:Алтайчууд хожуу боловч Ариунсангийн ачаар 21‑р зуунд гэрэлтэй болсон
Энэ удаагийн УИХ‑ын сонгуульд манай аймагт ҮЗХ‑ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ЭБЭХ‑ний дэд сайд асан Балданжавын Ариунсан нэр дэвшиж байна. Алтайчууд нутгийн уугуул хүү Б.Ариунсан, Ардчилсан намаа дэмжиж байна. Б.Ариунсангийн хувьд аймаг орон нутаг, улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой бодит ажил хийсэн, нэр цэвэр хүн. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажилладаг Халамжийн газрыг толгойлж байсан. Дараа нь Үндэсний татварын газрын дэд даргаар ажиллаж улсын төсөв бүрдүүлж, хөрөнгө зоорь улсын сан хөмрөг бүрдүүлж байсан. Хамтарсан Засгийн үед уул уурхайн томоохон бодлого тодорхойлох, эрдэнийн хувь хүртээх ажилд гар бие оролцсон. Эрдэс баялагийн сайдаар ажиллаж байхдаа олон чухал ажил хийсэн. Алтай нутагт 2008 онд Ардчилсан намаас дэвшүүлсэн хавтгай Монгол хөтөлбөрийн гол санаа бол аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох асуудал байсан. Энэ асуудлыг гардан зохион байгуулахад ҮЗХ, Гүйцэтгэх зөвлийн гишүүний хувьд маш их үүрэг оролцоотой ажилласан. Говь‑Алтайчуудын хувьд олон жил дуншсан, Ху‑гийнханы олон жилийн улстөрийн шоу хийсэн Тайширын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эцэс төгсгөл болгож Алтайчуудыг хожуу боловч 21‑р зуунд Иличийн гэрэлтэй холбож өгсөн хүн бол яах аргагүй Б.Ариунсан. Үүний ач буянаар Алтайчууд цахилгаан эрчим хүчээр 24 цаг хангагддаг болсон. Говь‑Алтай аймгийн төв Алтай хотын хувьд байнгын гэрэл цахилгааны хомсдолтой байдаг ч жил бүр манайд хоёр дизель генератор суурилуулсаны хүчинд аймгийн төв цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Хамтарсан засгийн газрын үед манай Завхан аймгийн Тэлмэн суманд цахилгааны станц барихаар шийдвэрлэсэн. Энэ бол бодлогын шинжтэй ач тустай зүйл болсон. Энэ бүх асуудлыг шийдэхэд Б.Ариунсан гар бие оролцсон учраас Говь‑Алтайчууд дэмжиж байна.
Говь‑Алтай аймгийн Есөнбулаг сумын АН‑ын дэд дарга Д.Батбилэг:Алтайчууд Ардчилал, Ариунсан хоёрыг дэмжиж байна
Хэдхэн хоногийн өмнө Алтай нутагт өнгө нэмсэн Ардчиллын өргөө сүндэрлэн боссон. Энэ өргөө бол Алтайчуудын өргөө. Ардчиллын үйл хэрэг энэ хэрээрээ дэгжин тэлэхэд маш чухал үйл явдал болсоон. Ардчиллын өргөөг маш богино хугацаанд бид хамтын хүчээр барьж чадлаа. Алтай нутагт Ардчилсан нам хүчтэй байна. Алтайн ажил амьдрал энэ байрыг чанартай, хурдан босгосон шиг хурдтай хүчтэй байна. Ардчилсан намд итгэвэд бид Алтай нутгаа богино хугацаанд эрчимтэй бодлогоор хөгжүүлж чадна. Ардчиллын өргөөг барихад Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид, энэ удаагийн сонгуульд манай намаас нэр дэвшиж байгаа Б.Ариунсангийн үүрэг оролцоо их байсан. Алтай нутгийнхан энэ удаагийн сонгуульд “Хоёр А”‑г дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Алтайчууд Ардчилал, Ариунсан хоёрыг дэмжиж байна.
АН‑ын ҮЗХ‑ын гишүүн М.Дашпунцаг: Алтайчууд өөрчлөлт хийнэ
Говь‑Алтай аймагт сүүлийн 22 жил нэг намын бодлого шийдвэрээр явж ирлээ. Харин энэ удаагиийн УИХ‑ын сонгуулиар өөрчлөлт хийх нь цаг нь ирсэн. Хувьсгалын тохироо нь ч бүрдсэн байна. Алтайчуудын хувьд энэ жил өөрчлөлт хийж шинэ хүн, шинэ бодлого, шинэ Алтайг хүсч байна. Энэ бүгдийн үр дүнд Алтай нутаг хөгжиж, Алтайчууд л үр шимийг нь хүртэх болно. АН‑аас нэр дэвшигч Б.Ариунсан Алтайн Ардчиллынхан дундаас төрсөн анхны дэд сайд. Хамтарсан Засгийн газрын үед манай аймгийн цор ганц сайд байсан. Энэ утгаараа Монгол Улсад болон Алтай нутагт их зүйл хийсэн. Б.Ариунсангийн хувьд өмнө нь төрийн ажил хийж байсан арвин туршлагатай учраас одоо УИХ‑ын гишүүн болоход бүх талаараа хангагдсан эрэмбэтэй, чансаатай улстөрч.
Бизнес эрхлэгч Ц.Дархижав:
Говь-Алтайчууд сайхан ирээдүйг цогцлоон бүтээх шинэ хүнээ л зөв сонгох хэрэгтэй
Манай аймагт эрх мэдэл албан тушаалын ялгаа маш их бий. 90 гаруй жил бид нэг намын удирдлагад ажиллаж амьдарч ирлээ. Бид энэ байдлыг өөрчлөх цаг болсон гэж боддог. Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлнэ. Тиймээс би өөрчлөлтийг хүсч байгаа. УИХ-д 12, 8 жил суусан хүн байна. Одоо эдгээр хүмүүсээ өөрчлөөчээ гэж Монголын ард түмэнд хэлмээр байна. Манай аймаг Улаанбаатар хотоос 1000 гаруй киломерт зайд оршдог. 1000 км явж бараа авч ирэхэд замын асуудал маш хүнд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зам янзалж чадахгүй байна. Тиймээс юм хийдэг Говь-Алтайчууд сайхан ирээдүйг цогцлоон бүтээх шинэ хүнээ л зөв сонгоорой гэж хэлмээр байна.
Есөнбулаг сумын Наран багийн малчин Г.Загдбазар:
Борзонгүй усаар толгойгоо угаах цаг болжээ
Ард түмэн маань борзонтой усаар олон жил толгойгоо угаасан бол одоо борзонгүй усаар толгойгоо угаах цаг болжээ гэж би иргэн хүнийхээ хувьд боддог. Тиймээс залуучууд шинэ хүнээ дэмжихийг хүсч байна. Ардчилал бий болсоноор ард түмний амьдрал сайжирсан. Дээр үед нэгдлийн дарга нар машинтай байдаг байсан бол одоо хэн хөдөлмөрлөж чадаж байгаа нь сайхан амьдрах боломж байна. Гэхдээ төр засаг ажил хийхгүй байгаа хүнд зүгээр мөнгө өгдөгийг би дэмждэггүй. Халамж хавтгайрсанаар хүнийг залхуу, ажил хийх сонирхолгүй болгодог. Тиймээс ажил хийгээд амьдралаа авч явж байгаа хүмүүсээ дэмжиж халамжаа багасгамаар байна.
Сэтгэгдэл ( 0 )