АН‑ын дарга Н.Алтанхуяг Завханы Тосонцэнгэлд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
АН‑ын дарга Н.Алтанхуяг, АН‑ын жагсаалтад нэр дэвшигч З.Нарантуяа, Ж.Батболд нар өчигдөр орой Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэд сонгогчидтой уулзалт хийсэн юм.
Уулзалтад АН‑ын дарга Н.Алтанхуяг, жагсаалтаар нэр дэвшигч З.Нарантуяа Ж.Батболд болон Завхан аймгийн ИТХ‑ын дарга н.Дэмчигсүрэн, Тосонцэнгэл сумын АН‑ын дарга Г.Батжаргал нар оролцож иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Завхан аймагт АН‑аас нэр дэвшиж буй аймгийн засаг дарга Я.Санжмятав, аймгийн АН‑ын дарга Б.Шинэбаатар нарын хувьд Завхан аймгийн Түдэвтэй суманд ажиллаж байгаа аж.   
АН‑ын дарга Н.Алтанхуяг Тосонцэнгэлийн иргэдэд хандан “Ардчилсан хувьсгалын 22 жилийн хугацаанд монголчууд маань УИХ‑ын сонгууль зургаан удаа өгчээ. Ардчилсан нам нэг удаа 1996 онд ялж үзсэн. Одоо АН‑ыг ялуулж хүн төвтэй “Монгол хүн” хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг та бүхэн олгооч. Ардчилсан нам Ардын намыг ялах гэж биш авилгал хээл хахууль, шударга бус бүхнийг ялах гэж энэ сонгуульд орж байгаа юм шүү. Завханчууд, тэр дундаа Тосонцэнгэлчүүд та бүхэн Ардчилсан намыг ялахад чухал үүрэгтэй. АН‑аас Завхан аймагт нэр дэвшиж байгаа аймгийн засаг дарга Я.Санжмятав, аймгийн АН‑ын дарга Б.Шинэбаатар нар дэвшиж байгаагаас гадна Завхан нутгийн хүү Ш.Түвдэндорж, З.Нарантуяа нар АН‑ын жагсаалтад нэр дэвшиж байна. АН‑ыг Завханчууд дэмжиж саналаа өгсөнөөр Завхан аймаг УИХ‑д дөрвөн гишүүнтэй болох боломж байна. Завхан нутгийнханд илүү их боломж байна. Завхан нутгийнхан өөрчлөлтийг хийх цаг болсон. Учир нь Завхан аймагт 2008 оны орон нутгийн сонгуулиар Ардчиллын залуус ялж олонх болсон. Тэр утгаараа Завхан аймаг сүүлийн дөрвөн жилд эрчимтэй хөгжиж чадсан. Орон нутгаа ингэж хөгжүүлж байгаа гар нийлсэн багийг та бүхэн УИХ‑д сонгоод өгөх хэрэгтэй. Тэгвэл орон нутагт хийж хэрэгжүүлсэнээсээ ихийг хийх болно” гэсэн юм.
Харин АН‑аас жагсаалтаар нэр дэвшигч З.Нарантуяа, Ж.Батболд нар АН‑аас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлж, давуу талуудыг онцлон тайлбарлалаа.
Тосонцэнгэл сумын иргэд уулзалтын үеэр Ардчилсан нам энэ жил өнгөтэй байна. Ардчилсан намынхан хоорондоо эв нэгдэлтэй бие биенээ дэмжиж, тусалж явна. Харин өрсөлдөгч намынханы хувьд хоорондоо ч таарахгүй хүндхэн байгаа талаар ч хэлээд авсан юм. Түүнчлэн Завхан нутагт хур бороо дагуулан ирсэн АН‑ын багийнханд ихэд талархсан юм.
Түүнчлэн Тосонцэнгэл сумын АН‑ын дарга Г.Батжаргал Манай Тосонцэнгэлчүүдийн хувьд ардчилсан үзэл бодол, ардчилсан намыг дэмждэг. Тэр тусмаа АН‑ыг дангаараа засаг барих цаг нь болсон гэж ард түмэн хүсэн хүлээж байна. Манай намаас нэр дэвшигч Я.Санжмятав даргын хувьд юу хийж чаддаг хүн бэ гэдгээ Завханыханд төдийгүй Монгол даяар харууллаа. Б.Шинэбаяр дарга ч нутаг орондоо нэр хүндтэй. Я.Санжмятав даргатай гар нийлэн олон зүйлийг Завханчуудынхаа төлөө бүтээж чадах хүн. Тийм учраас Тосонцэнгэлчүүд маань АН‑аас нэр дэвшсэн манай хоёрыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top