Тулга төрөө маналцах түшээ эмэгтэйчүүдийн уриалга

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын VI дахь удаагийн сонгууль нь ардчилалд дүн тавих, ард түмний итгэл найдварыг сэргээх улс төрийн энэ онцгой нөхцөл, цаг үед болох гэж байна. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал нь хариуцлагaгүй, шударга бус, луйвартай улс төр ямар аймшигтай, гарз хохиролтой болохыг бидэнд харуулсан билээ. Иргэний хөдөлгөөний нам (ИХ Нам) манай оронд ийм явдал дахин давтагдах ёсгүй гэж үзэж байна.  

Ардчилсан нийгэмд улс төр, засаглалын мухардмал байдлаас гарах хууль ёсны гарц нь сонгууль байдаг юм. Гагцхүү энэ боломжийг зөв ашиглаж, сонгуулиа шударга явуулах ёстой.

ИХ Намаас иргэд, сонгогчид, улс төрийн намуудад хандаж дараахь зүйлийг уриалж байна:  

  • УИХ-д суудалтай намууд,  түүний дотор Засгийн газрыг бүрдүүлэн төрийн эрх барьж буй  Монгол ардын намд
    • сонгуулийн бүх шатны хороонд ажиллах  төрийн албан хаагчид болон Сонгуулийн  ерөнхий хорооны үйл ажиллагаанд шударга, хариуцлагатай, хуулиа дээдэлсэн байдлыг хангая;
    • аливаа  маргаан будлиан гарсан тохиолдолд цаг тухайд нь шийдвэрлэж хариуцлага тооцож байя;
    • сонгуулийн үйл явцад мониторинг, ажиглалт хийх хуульд заасан эрхийн бодит хэрэгжилтийг хангая;
    • санал тоолох тоног төхөөрөмжийн найдвартай байдалд  олон улсын хөндлөнгийн дүгнэлт гаргуулъя.
  • Улс төрийн бүх нам, эвсэл сонгуулийг хуулийн дагуу, тайван замаар явуулахад өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийе.
  • Ард түмний гуравны нэг ядуу тарчиг амьдарч байгаа өнөө үед сонгуулийн сурталчилгааг үрэлгэн байдлаар явуулах, хүмүүсийн гачигдалтай байдлыг санал авахын төлөө ашиглах, сонгуулийн санхүүжилтийг босгохдоо ард түмэн, эх нутгаа умарталгүй авлигад автахаас улс төрийн бүх нам, эвслүүд татгалзая.
  • Эх орондоо эзэн байх үүргээ ухамсарлан иргэн бүр УИХ-ын сонгуульд идэвхтэй, хариуцлагатай оролцъё.
  • Иргэд аль нэгэн нам, улс төрийн хүчний турхиралтад өртөхгүй байж, сонгуультай холбоотой аливаа нэг будлиан гарвал түүнийг хуулийн дагуу шийдүүлэхийн төлөө ажиллацгаая.
  • Улс төрийн намуудын өнгө, мөнгөний амлалтанд хууртахгүй байж, эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг тууштай хамгаалж чадах улс төрийн хүчин, иргэнд  саналаа өгцгөөе.
  • Ухаалаг, ухамсартай, хариуцлагатай, зөв сонголт хийж, эв эетэй байж, эх орондоо эзэн сууцгаая.

 

ИХ Нам энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргахдаа тэдний оюуны санааны эерэг хүчийг улс орныхоо хөгжлийг чиглүүлэн удирдахад бүрэн дайчлах, улс төрийн эрхийг нь бодитой хэрэгжүүлэх, сонгогч иргэддээ сонголт хийх боломжийг олгох зорилго тавьсан юм. Ард түмний аж байдал, улс төрийн үйл явцыг цэгнэн дүгнэвээс энэ бол хамгийн ухаалаг, зоригтой, зөв шийдэл гэж үзэж байна. Нэр дэвшигчээс мөнгө авахгүй, сонгогчийн саналыг худалдаж авахгүй зарчмыг баримтлан сонгуульд оролцож байгаа нь ИХ Намын онцлог, улс төрийн шинэ соёлыг бий болгоход чиглэсэн санаачлага юм.

Төрөө мөнгөөр бус, харин эрдэм мэдлэг, туршлага, ёс зүй, эх оронч сэтгэлээр цогцлооно.

Эмэгтэй нэр дэвшигч олон байх нь сонгуулийг шударга, хүчирхийллээс ангид, эв эетэй болгоход нэн чухал гэдэгт ИХ Нам итгэж байна. 

Улс төр өөрөө бохир зүйл биш. Гагцхүү түүнийг хийж буй этгээдийн ёс зүйгүй үйлдлээр бохирддогИХ Нам шинэ бөгөөд барьцаалагдаагүй, барьцаалагдахгүй улс төрийн хүчнийг эх орондоо хайрлаж улс төр, улс төрчийн нэр хүндийг өргөх чин хүсэлтэй байна.

БИД МОНГОЛ ХҮНИЙ БИЛИГ ТАНХАЙ УХААНД ИТГЭЖ БАЙНА.

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top