Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Байгаль орчин , аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон албаны бусад хүн, байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөөлөл бараалхаж, НҮБ-ын “Эх дэлхийн манлайлагч” шагнал хүртсэнтэй нь холбогдуулан баяр хүргэлээ.
“Эх орныхоо болон тив дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлст онцгой идэвх зүтгэл, санаачилга гарган ажиллаж, “Эх дэлхийн байгаль орчны бодлогын манлайлагч”-аар шалгарсныг тань тохиолдуулан байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй иргэн бүрийг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс танд баяр хүргэж байна.
Ерөнхийлөгч Та олон улсад нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн нь манай улс дэлхий дахинд “ногоон гадаад бодлого”-ын чиглэлээр танигдаж эхэлснийг нотолж байна.
“Нүүдэлчний амьдрал ахуй байгаль орчинд хамгийн ээлтэй байдаг. Монголчууд олон зууны турш уул усаа хамгийн их хамгаалж, хайрлаж ирсэн ард түмэн” гэсэн үгийг Та дэлхийн “сонорт” байнга хүргэдэгт бид талархдаг бөгөөд олон улсын түвшинд энэхүү үгс чинь онцгой анхаарал татдагийг дурдмаар байна.
Цаашдаа Монгол Улсаас гарах аливаа “ногоон санаачилга”-ууд олон улсын хэмжээнд дэмжлэг авахад Таны энэхүү “Эх дэлхийн манлайлагч” шагнал ихээхэн түлхэц болж өгөх нь дамжиггүй” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар ярилаа.
Байгаль хамгаалагчид хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж хөх гацуур тарихаар шийдсэнээ хэлэв.
Энэ уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудын явц, санал санаачилгуудын үр дүнгийн талаар ярилцаж санал солилцлоо.
Байгаль орчны асуудлуудыг тусгасан шинэ хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн, Ази-Европын уулзалтын гишүүн орнуудын сайд нарын зөвлөлдөх уулзалтаас гарсан санаачилгуудыг баримт бичгийн түвшинд бэлдсэн, ус цөлжилтийн асуудлаар гаргасан Ерөнхийлөгчийн санаачилгуудын дагуу хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байгаа зэрэг мэдээллийг БОАЖЯ-ы албаны хүмүүс өглөө.
Сэтгэгдэл ( 0 )