Багш нар ”Нар” дууг шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ахмад болон залуу багш нарын төлөөлөл С.Батдулам, С.Янжиндулам, Г. Жамц нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Өнөөдөр УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбоотойгоор улс төрийн намууд, нэр дэвшигчид  мөрийн хөтөлбөрөө танилцуулж,  иргэдтэй уулзалт зохион байгуулах зэрэг сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Гэтэл сонгуулийн сурталчилгаандаа  ашиглаж буй уран бүтээлдээ сэхээтнүүдийг бэлтгэдэг багш нарын нэр төр, алдар хүндэд халдлаа” гэсэн юм. Учир нь Никитон хамтлагийн “НАР” дууны клипэнд багш нарыг хүчирхийлэгч, дарангуйлагч мэтээр харуулж, үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Үүнд тэд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Багш нар цааш хэлэхдээ “Ардын хувьсгалаас хойш багш нар бүх нийтийг бичиг үсэгтэй болгохын төлөө ажиллаж ирсэн. Мөн бүхий л салбарт эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн. Гэтэл энэ дууны үг, клипэнд оюунлаг багш болон шавь нарыг төрүүлсэн эрдмийн өргөөг элээ, хэрээ эргэлдсэн түгшүүрийн газар болгон дүрслэн үзүүллээ. Яагаад заавал багш, энхрий бяцхан үрсийг минь энэхүү клипэндээ гутамшигтайгаар ашиглана вэ. Энэ нь багш хүний ариун нандин сэтгэл зүй, уламжлагдан ирсэн сурган хүмүүжүүлэх ухаан, эв дүйг эсрэгээр нь балмад, бүдүүлгээр харуулж буй нь нийгэмд сургууль багш нарын гавьяа бүтээлийг харлуулж, ард түмэн сургуульд итгэх итгэлийг үгүйсгэлээ. Түүнчлэн ард иргэдээ хамгаалж байдаг төрийн тангарагт, үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарыг бүдүүлгээр нухчин дарж байгааг харуулсан нь сэтгэл сэрдхийлгэх, итгэл алдруулахад хүргэж байна.Энэ явдалд ахмад, дунд, залуу үеийн багш сурган хүмүүжүүлэгчид  бид харамсаж байна” гэлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top