Авлига хээл хахуулийн хэрэгт шалгагдаж буй гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийгөө хамгаалахын тулд гадаад улс орнуудаас Монголын төр засагт шахалт үзүүлэх талаар маш их ажил хийсэн. Дэлхийд алдартай сая сая долларын хөлстэй хуулийн фирмүүдэд хандаж бас нэр нөлөө бүхий сонин хэвлэлүүдэд хэдэн зуун мянган долларын төлбөртэй нийтлэлүүд тавиулж Монгол улсын нэр хүндийг шалд нь буулгаад байгаа. Уг асуудлын хүрээнд улс орныхоо нэр хүндийг цаг алдалгүй аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ, Европын холбоо, АНУ болон бусад холбоотнуудад хандаж авлигын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхийг уриалсан бололтой.
Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дээрх мэдэгдлийн хариуд АНУ-ын зартай хөлсний бичээч, бохир мөнгөний боол хэмээн алдаршсан Доуг Шоен /Doug Schoen/ гэгчид мөнгө төлөн “Forbes” сэтгүүлд нийтлэл бичүүлжээ. Уг нийтлэл тэр аяараа Монголын нэр хүндийг унагах, олон улсын зүгээс Монголын Засгийн газарт дарамт шахалт үзүүлэхийг уриалсан чанартай байна. Тухайлбал “...Өнөөдөр миний бие Намбарын Энхбаярыг шүүх ажиллагаатай холбогдуулан гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдлийн талаар нийтлэл бичиж, олон улсын зүгээс Энхбаяр болон түүний хүүг сонгуульд оролцуулахын тулд Монголын төр засагт дарамт шахалт үзүүлэх явдлын ач холбогдлыг онцолсон билээ” гэсэн байх юм. Юу болж байна аа. Захын хөлсний бичээч монгол төрд дарамт үзүүлэх талаар олон улсад уриалга гаргаж байх юм. Хэний төлөө гээч. Мэдээж мөнгөний, бас Н.Энхбаярын ял завшиж, төрд дахин гарах гэсэн явцуу эрх ашгийн төлөө бичиж байна.
Уг хөлсний бичээч эрээ цээрээ алдсан нэгэнд нь доорх зүйлээс ажиглагдана. “...Энхбаярын шүүх хурал дараагийн долоо хоногоос наана эхлэхгүй тул 6 дугаар сарын 28-ны өдөр болох сонгуулийн наана шүүхийн тогтоол гарах магадлал тун бага бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гартал буруугүйд тооцно гэсэн үзлийг мөн авч үзэх нь зүйтэй” гэсэн нь Н.Энхбаяртай нэгэн бодолтой байгааг нь харуулна. Үнэхээр ч Н.Энхбаяр элдэв арга саам хийсээр хоёр ч удаа шүүх хурлыг хойшлуулаад байгаа. Дараагийнх нь шүүх хурлыг хойшлуулахыг Доуг Шоен мэдэж байна. Бас өмгөөлөгч авах бүрэн эрхтэй, хэргийн материалтай танилцахад хугацаа орно хэмээн мэдэмхийрчээ. Уг нь “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хуулийн 27.5.2-т ...нэр дэвшүүлэхдээ ....Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх” гэсэн заалт байгааг дээрх бичээч мэдэхгүй нь харамсалтай. Ганцхан заалтыг нь дурьдахад л хууль дээдлэх гэсэн үг байна. Тэр хууль дээдэлдэг үү? Дээдэлдэггүй.
Н.Энхбаяр өмгөөлөгчөөсөө татгалзаж, цаашдаа хэргийн материалтай танилцаагүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг дахин хойшлуулах гэж байгаа нь ойлгомжтой боллоо. Дээрх нийтлэлд Н.Энхбаярыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хэмээн бичсэн байх юм. Эндээс Н.Энхбаяр УИХ-ын гишүүнээр дамжин Ерөнхийлөгчийн сэнтийд санаархаж байгаа нь ч ил болж байна. Гэхдээ энэ юу л бол... хамгийн гол нь ялгүй салахыг л эрмэлзэж байгаа гэвэл үнэнд нийцэх биз ээ. Энэ мэтчилэн хаанаас гарч ирж байгаа нь үл мэдэгдэх асар их мөнгөний урсгал Н.Энхбаярын гараар дамжин гадаадын хөлсний этгээдүүдэд цутгаж Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд хутгаж байна. Энэ чинээгээрээ Монголын нийгэм, улс төр цаашлаад эдийн засгийн хөгжилд таагүй зүйл учрах нь дамжиггүй. Амьд явахад их юм үзнэ гэгчээр улс эх орноосоо илүү үнэ цэнэтэй авлигачийн эрх чөлөө байдаг гэдгийг харах шив. Мөн авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй зүйл болох нь харагдаж байна. Энэ янзаараа Н.Энхбаяр мэтийн авлигачид ял завшиж үлдвэл Монгол улс сүйрэхэд ойрхон болжээ.
Д.Сайханбаяр
Сэтгэгдэл ( 0 )