УИХ-ын VI дахь удаагийн сонгууль нь ардчилалд дүн тавих, ард түмний итгэл найдварыг сэргээх улс төрийн энэ онцгой нөхцөл, цаг үед болох гэж байна. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал нь хариуцлагaгүй, шударга бус, луйвартай улс төр ямар аймшигтай, гарз хохиролтой болохыг бидэнд харуулсан билээ. Иргэний хөдөлгөөний нам (ИХ Нам) манай оронд ийм явдал дахин давтагдах ёсгүй гэж үзэж байна.
Ардчилсан нийгэмд улс төр, засаглалын мухардмал байдлаас гарах хууль ёсны гарц нь сонгууль байдаг юм. Гагцхүү энэ боломжийг зөв ашиглаж, сонгуулиа шударга явуулах ёстой.
ИХ Намаас иргэд, сонгогчид, улс төрийн намуудад хандаж дараахь зүйлийг уриалж байна:
ИХ Нам энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргахдаа тэдний оюуны санааны эерэг хүчийг улс орныхоо хөгжлийг чиглүүлэн удирдахад бүрэн дайчлах, улс төрийн эрхийг нь бодитой хэрэгжүүлэх, сонгогч иргэддээ сонголт хийх боломжийг олгох зорилго тавьсан юм. Ард түмний аж байдал, улс төрийн үйл явцыг цэгнэн дүгнэвээс энэ бол хамгийн ухаалаг, зоригтой, зөв шийдэл гэж үзэж байна. Нэр дэвшигчээс мөнгө авахгүй, сонгогчийн саналыг худалдаж авахгүй зарчмыг баримтлан сонгуульд оролцож байгаа нь ИХ Намын онцлог, улс төрийн шинэ соёлыг бий болгоход чиглэсэн санаачлага юм.
Төрөө мөнгөөр бус, харин эрдэм мэдлэг, туршлага, ёс зүй, эх оронч сэтгэлээр цогцлооно.
Эмэгтэй нэр дэвшигч олон байх нь сонгуулийг шударга, хүчирхийллээс ангид, эв эетэй болгоход нэн чухал гэдэгт ИХ Нам итгэж байгаа.
Улс төр өөрөө бохир зүйл биш. Гагцхүү түүнийг хийж буй этгээдийн ёс зүйгүй үйлдлээр бохирддог. ИХ Нам шинэ бөгөөд барьцаалагдаагүй, барьцаалагдахгүй улс төрийн хүчнийг эх орондоо хайрлаж улс төр, улс төрчийн нэр хүндийг өргөх чин хүсэлтэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Нийт нэр дэвшигчдийн 45 % нь эмэгтэйчүүд гэсэн. Эмэгтэйчүүдэд ийм том боломж олгосон анхны нам бна.