Чин үнэндээ энэ хүний тухай бичихээс дур гутах хэдий ч хөх тэнгэрийн дор хууль гэж байх ёстой учраас арга буюу үзэг цаас шүүрлээ. Хуулийн дор долоон тэрбум оршин эв зүйгээ олж амьдардаг. Хэн нэг нь илүү эрх дарх эдлэж, хэн нэг нь дутуу байж гэмээнэ хүн төрөлхтөн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах биз ээ. Монгол улсад танил талгүй, хөрөнгө бэлгүй, эрх мэдэлгүй хүмүүст хууль төмөр нүүрээ харуулдаг. Тухайлбал 1500 төгрөг хулгайлсан ядуу эмэгтэй 10 жилийн хорих ял сонсож торны цаана суусан түүхтэй. Тэгвэл авлига хээл хахуулийн хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хуулийн дээр амьдарч, хоёр сая 699 монголоосоо илүү эрх эдлэж байна. Өөрөөр хэлбэл тэр гэмт хэрэг үйлдэж болдог, бас ял завшин хараат бус шүүхийн дээгүүр тас хөндлөн алхаж, аймаг хошуу алгасан өөрийгөө алдаршуулах лекц уншиж явна. Хулгайч л бол хулгайч. Нэг хүний халааснаас уу, төр нэртэй нийт ард түмний халааснаас уу аль нь ч ялгаагүй хулгайлсан бол гэмт хэрэгтэн. Орон байрны хулгайн хэргээр шалгагдаж байгаа нөхөр шүүх хурлыг хойшлуулан “би буруугүй” гэдэг лекц уншаад аймаг хот хэсүүчлэн явбал юу болох вэ? Үүнтэй нэгэн адилаар экс ерөнхийлөгч Н.Энхбаяр шүүх хурлыг дөрөв дэх удаагаа хойшлууллаа. Анхны шүүх хурал зарлагдахад бие муу гэдэг шалтгаанаар, удаад нь өмгөөлөгчөө солилоо, гурав дахь удаад нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй, харин сая дахиад л өмгөөлөгчдөөсөө татгалзлаа. Ер нь энэ янзаараа шүүх хурал болох эсэх нь ч эргэлзээтэй болж байна. Хүний муу үзэх гэсэндээ шүүмжлээд байгаа юм биш, гагцхүү буруу зөвийг эцэслэн шийддэг шүүхийн өмнө хүн бүр адил үүрэг, ижил эрхтэй байх ёстойг сануулаад байгаа хэрэг. Бид бусдыг дууриах дуртай. Тэгвэл Египетүүд экс ерөнхийлөгчөө дамнуурга дээр авчраад насаар нь хорих ял өгчихөж байна. Хөгшин хонины насгүй болсон амьтан шүү дээ хөөрхий. Хууль бол ийм л байдаг.
Н.Энхбаяр өөрийгөө баривчлагдана гэдгийг сайн мэдэж байсан. Яагаад гэвэл түүнийг мөрдөн байцаалтанд АТГ-аас арвантаа дуудсан байдаг. Тэр очоогүй. Яагаад гэвэл хүн биш Ерөнхийлөгч гэж өөрийгөө үзсэн. Үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэйг зааснаас биш Н.Энхбаяр илүү эрхтэй гэсэн заалт үзээд өгье гэсэн ч байхгүй. Төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс ард түмэндээ үлгэр үзүүлж байх ёстой. Тэгвэл Н.Энхбаяр ард түмэндээ хуулийг нулимах тухай хичээл зааж байна. Ер нь манай шүүхийнхэн ч гэсэн ард түмнээ алагтай цоогтой үздэг нь харагдаж байна. Энгийн нэгэн байсан бол аль хэдийн “бүгд найрамдах” уншчихсан байгаа. Ер нь ганц шүүх ч биш, хорихын удирдлагууд алагчилж үздэгээ бас л харууллаа.
Хадгаламж зээлийн хоршооны луйврын хэргээр хоригдож байгаа Ж.Мэндбаяр түүний жишгээр өлсгөлөн зарласан боловч нам дарагдлаа. Хууль, хуульчид ерөнхийдөө ийм л байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Н.Энхбаярын хүүгийн нэр дээр АНУ-д гурван хаус, эхнэрийнх нь нэр дээр Лондонд үнэтэй байр байдгийг зураг хөрөгтэй нь гаргалаа. Ширхэг ч бохь зарж үзээгүй Н.Энхбаярыг ийм их эд хогшилтой гэдгийг нь мэдсэн монголчууд мэл гайхаж, цэл хөхрөв. Үүнийг нь ч шалгах ёстой. Энэ бүхэн ард түмний хөрөнгө. Малын хулгайч 100 бод хулгайлаад нэгийг нь улайж шоронд ороод гарч ирүүт 99-ийг нь идэхтэй адил. Ер нь шүүх хурал болох уу? Мэдээж хэрэг дараагийн удаад тэр дахиад л нэгэн шалтаг олж хурлыг хойшлуулна. Яагаад гэвэл тэр гурав дахь Ерөнхийлөгч.
Сэтгэгдэл ( 0 )