Түүнд хийсэн ажил их бий, хийх ажил бүр ч их бий

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна гэдэг бахархал. Төр, түмнийхээ гүүр нь болж яваа УИХ-ын гишүүн Ц.Батбаярын хувьд тийм л нэгэн төрийн түшээ. Тэрбээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр үгээ далайцтай хэлдэг шигээ хотынхоо, улсынхаа, хүн ардынхаа төлөө олон даацтай ажлыг хийсэн билээ. Бүгдийг тоочихгүй ч тоймлоод дурдахад:

400 автобусаар парк шинэчлэл хийв

Улаанбаатар хотын иргэдийг хөл дүүжлэх унаатай болгосон хүн бол УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. Тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан хүний хувьд хотын тулгамдсан асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээс УИХ-ын гишүүн болмогцоо 2009 оны улсын төсвийг хэлэлцэх үед 34,6 тэрбум төгрөг суулгуулсаны дүнд нийтийн тээвэрт 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн юм.

БНСУ-аас оруулж ирсэн эдгээр автобус хотын өнгө үзэмжийг чимээд зогсохгүй нийслэлчүүд түргэн шуурхай үйлчлүүлж байна.

140 км зам тавиулж чадлаа

УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хоттой холбоотой ямар л асуудал хэлэлцэнэ бусдаас өрсөн дуугардаг ганцхан хүн бий. Энэ хүн бол эрхэм гишүүн Ц.Батбаяр билээ. УИХ-ын гишүүн болоод ч өнөөг хүртэл “Хотын мээр” гэдэг алдраасаа салаагүй яваа тэрбээр Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн тав тухтай амьдралд хамгийн их анхаарал тавьдаг нэгэн. Тиймээс өнгөрсөн хугацаанд Баянзүрх, Налайх дүүрэг гэж туйшраагүй, Улаанбаатар хотын төв болон гэр хороололд улсын төсвийн хөрөнгөөр 140 км замыг шинээр болон шинэчлэн тавиулав. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг дээ. 

12 мянган өрх гэрэлтэй болов

XXI зуунд улсынхаа нийслэлд гэрэл, цахилгаангүй амьдарч байгаа 17 мянга гаруй өрх бий. Хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа энэ үед тавдугаар цахилгаан станцыг барих ажлаа даруйхан эхлүүлж,  ашиглалтад оруулахгүй бол тэдгээр өрх хэдий болтол лааны гэрэлд амьдрах юм бэ гэж тэдний өмнөөс дуугарсан хүн УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас өөр байхгүй. Хэрэв ажлаа хийж чадахгүй бол огцор гэдэг асуудлыг намынхаа нөхөр сайдад удаа дараа тавиад авсан. Гэхдээ тэрбээр дэмий хоосон ярьсангүй. Үүнийхээ үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын 12 мянга гаруй өрхийг гэрэл цахилгаантай болгож чадав. Цаашид олон мянган айл өрхийг дэд бүтэцтэй холбож, нийслэлийнхээ хөгжил, иргэдийнхээ гэрэл гэгээтэй амьдралд хөрөнгө оруулалт хийх нь лавтай.

Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэсүүдийг машинтай болгов

Баянзүрх 34 хороотой том дүүрэг. Хотын хөгжил дүүргээс эхэлдэг болохоор Ц.Батбаяр гишүүн сонгогдсон тойргийнхоо нэг том асуудлыг  шийдсэн нь төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэсүүдийг машинтай болгож, дүүргийнхээ иргэдийг баярлуулав. Мөн нийслэлийн III амаржих газрыг түргэний тэрэгтэй болгосон байна. Хүнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, эрсдэлтэй зүйлүүдээс урьдчилан сэргийлэхэд түүний оруулсан бодит хөрөнгө оруулалтад  дүүргийн иргэд ам сайтай байдаг.

2000 гаруй өрх газраа байраар солив

2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа газраа байраар солих ажлыг эхлүүлсэн хүн бол Ц.Батбаяр. Энэ амлалтад олон хүн эргэлзэж байсан ч түүнд итгэл хүлээлгэсэн нь буруудаагүй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдоод хашааны газрыг үнэтэй болгох, газрыг байраар солихоор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээ холбоотой 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг богино хугацаанд шийдэж өгсөн юм. Үүний үр дүнд ямар ч үнэлгээгүй байсан хашааны газрыг үл хөдлөх хөрөнгө болгож, эдийн засгийн эргэлтэд орууллаа. Одоогоор 100 айл, Дэнжийн мянга, Дөлгөөн нуур орчмын зарим айл, өрх газраа байраар солихоор чөлөөлж, тэнд нь VII хорооллын төлөвлөлт хийгдэж байна.  Мөн 2000 орчим айл газраа байраар солиод орон сууцанд амьдарч байна.

Ц.Батбаяр гишүүний энэ санаачилга дээр тулгуурлан зургаан хувийн хүүтэй, урт хугацааны зээлээр иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр төрийн бодлого болон хэрэгжиж байгаа юм.

Ахмадын сувилал барив

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр улс орны ирээдүйн хөгжил, эрүүл монгол хүний төлөө үгээ хэлж, тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Эдгээр ажлын нэг нь Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Их ам”-ны хэсэгт байрлах Ахмадын сувилал юм. Өнгөрсөн онд ашиглалтад орсон энэ сувилалд ахмадууд хэвтэн эмчлүүлэх дуртай аж. Бариа засал, эмчилгээ сайтайгаас гадна сувилалын өнгө үзэмж, тохижилт үйлчилгээ ч сайн гэдгийг амрагсад ам уралдан ярьцгааж байна. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top