“Манай Баянзүрх дүүргийн Засаг дарга бол айл гэрээр жишвэл өрхийн тэргүүн юм. Тиймээс Б.Батзоригийг парламентын сонгуульд нэр дэвшиж байгаад манай Хужирбулангийн 28-р хорооныхон маш их талархаж байгаа. Өрх гэртээ асар их зүйл хийсэн хүн. Одоо хууль тогтоох дээд байгууллагад очиж биднийг төлөөлөөд зогсохгүй улс орны хэмжээний их үйлсэд гар, бие оролцох нь зөв. Хужирбуланчууд Б.Батзоригийг энэ удаа дэмжих болно” хэмээн тус хорооны оршин суугч, МУ-ын гавьяат багш Цэрэндулам хэлж байна. Өнөөдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэд сонгогчидтой УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Ардын намаас нэр дэвшиж байгаа тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн багийнхан уулзаж, санал бодлыг нь сонсох үеэр тэрбээр ийн сэтгэлээ уудалсан юм. Хужирбулангийн хувьд Баянзүрх хайрханы өвөрт байдаг, цэргийн ангид ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүс голдуу амьдардаг газар. Одоогоос жил гаруйн өмнө тус дүүргийн хамгийн отгон хороог энд байгуулжээ. Одоогоор зургаан мянга гаруй хүн амтай. Шинээр байгуулсан хороо учир хүндрэлтэй асуудал Хужирбуланд багагүй байгаа аж. Гэхдээ хорооны байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан, одоо 12 жилийн сургалттай дунд сургуулийн барилгын ажил ид өрнөж байгаа аж. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн амын шилжилт хөдөлгөөнөөс хамаарч энэ хавийн айл өрхийн тоо ч байнга өсөж буй гэнэ. Хужирбулангийн зүүн дэнж л гэхэд хэдхэн жилийн дотор айлаар дүүрсэн байна. Үүнийг дагаад цахилгаан, хогны асуудал зэрэг шийдлээ хүлээсэн ажил ар араасаа ундарч байдаг байна. Гэхдээ одоо цахилгаангүй байгаа айлуудыг наадмаас өмнө гэрэлтэй болгох аж. Үүнд шаардагдах хөрөнгийг саяхан нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд өнөө маргаашгүй ажил нь эхлэх гэж байгааг энэ үеэр дүүргийн Засаг дарга иргэдэд хэлсэн юм. Гагцхүү сонгуулийн шинэ хуулиар иймэрхүү зүйлд нэр дэвшигч оролцож болохгүй учраас энэ ажил “чимээгүй” өрнөж байгааг ч онцолсон. Тиймээс цаашдаа Хужирбуланг төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбож, газар өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдэх зэргээр хотын бусад гэр хорооллуудад үлгэр жишээ болохуйц суурьшлын бүсийг энд байгуулна гэдгээ УИХ-ын 22-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг Хужирбулангийнханд хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )