Очирбат: Бага насны бүх хүүхэд ясли цэцэрлэгт явна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 



Том тоо, сайхан амлалтанд хахсан, зурагтаас нэр дэвшигчид гарч ирж долоох шахсан энэ өдрүүдэд дээрх амлалт маргааш ажил болж хэрэгжихээрээ Чингэлтэйд нэр дэвшсэн Д.Очирбатын амлалт бусдаас ялгаатай байлаа.

 

Гоё тоо, бал мэт уран үгээр цатгаад хаядаггүй, шилний цаанаас мөсөн чихэр долоолгодоггүй, жирийн олны нэгэн болж харагдах гэж баахан хөлсний хүн дагуулж хашаа гудамжаар гүйдэггүй, онигоо зугаа ярьж, хүн газар доор ортол муулдаггүй. Бусдын хийснийг өөрийн болгож зээлдэггүй. Шалихгүй юм хийснээ заан болгодоггүй. Сонгогдоод мартдаггүй. Тэр шударга. Д.Очирбат үзэл бодлынхоо төлөө нугарахгүй хатуу зогсч чадна. Нэр цэвэр. Түүнийг бусад улстөрчдөөс тод харагдуулах тэр онцлог нь тэр бол ЭРҮҮЛ сэтгэдэг. Түүний намынхаа мөрийн хөтөлбөртөө тусгасан санаачилга ч эрүүл мэнд, эрүүл орчин, эрүүл нийгмийн тухай байна.

 

ДНБ жилдээ 20 хувь өсч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 2 дугаарт орж байхад Хайлаастын айлын тавагтай хоол хэмжээ нь хэвээрээ байгаа энэ гажиг тогтолцоог эмчлэх хэрэгтэй гэж Д.Очирбат үзжээ. Зарим нь хагартлаа баяжаад зарим нь баян орны ядуу иргэд байгаад байж болохгүй биз дээ. Ядаж байхад өнөөдөр эрүүл хүн нүдний цөцгий мэт ховор болжээ. Эдийн засгийн их тэлэлтээс нэлээд хэсгийг монгол хүний эрүүл мэндэд зориулах хэрэгтэй гэж тэр үзэж байна.

 

Нүүрс эрдэс гэхээсээ эрүүл монгол хүн Монголын баялаг гэж Д.Очирбат үзэж, үүнийгээ ч Салхит, Жигжид, Хайлааст, Хүчит шонхор зах, Нуурын 17 дугаар гудамжны цагаан худагт болсон  иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ярьж байлаа. “Манай эдийн засгийн нөөц боломж хязгаартай. Би хязгаартай нөөцийг хамгийн чухал зүйлдээ заръя гэж байна. Монголчууд бид эрчилж хуйлрах хамтын хүчээр юуг ч бүтээж чадна гэдэгт итгэдэг” гэж Чингэлтэйн Очирбат иргэдтэй хийсэн уулзалтандаа хэллээ.

 

“Интүм” дэлгүүр, Бөмбөгөр, Барилгын коллеж, байрны дундах сагсны талбай, баавгайтай цэцэрлэг, хөтөл, Зурагтын эцэс, 6 буудал, М100, Тагнуулын 50, Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэнд иргэдтэй уулзаж, амьдрал ярихдаа түүний дэвшүүлсэн гол амлалтууд нь:

1.    Эрүүл мэндэд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг зориулах,
2.    Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана,
3.    Орчны бохирдлыг зогсоож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, залуу гэр бүлийг орон сууцжуулан 20-40 м2 байраар хангана
4.    Цэцэрлэгийн насны бүх хүүхэд ясли цэцэрлэгт явна
5.    Ахмадаа халамжлах “Ач санах” хуультай болох гэсэн Чингэлтэйн Очирбатын санал Монгол Ардын Намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссаныг хууль болгохын төлөө тэр зүтгэх болно. Сонсоход цөөхөн мэт боловч удаан асар их тэмцэл өрнөнө.

 

Харин энэ ажлын үр дүнд нь ахмадууд ач санах хуультай, залуучууд орон сууцтай, үр хүүхэд маань эрүүл өсч амьдрах болно.

 

Хэлсэн үгэндээ эзэн байж, зорилгынхоо төлөө сөхөршгүй, цөхөршгүй тэмцдэг, эрдэм боловсрол, сэтгэл зүтгэлтэй, хөдөлмөрч, эрч хүчтэй, нэр цэвэр, ирээдүйтэй улстөрч, мэргэшсэн эмч, армийн хурандаа, залуучуудын шилдэг төлөөлөгч, Монголын шилдэг хөвгүүдийн нэг Дагвадоржийн Очирбатыг та бүхэндээ илгээж байна гэж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тусгаар тогтнолын талбайд цугласан олонд хандаж хэлэв. “Чингэлтэйнхэн чигээрээ, Чингэлтэйн Очирбат хэвээрээ” гэж С.Батболд нийслэлийн хоймор дүүргийнхэнд хандан уриалсан юм.

 

Д.Очирбат хэлэхдээ “Бид хэний ч өмнө нүүр улайхааргүй шилдэг эмчтэй. Мэргэжилдээ үнэнч. Мэргэшлийг нь гадныхан хүлээн зөвшөөрдөг. Тэвчээртэй, хүлээцтэй, ажилсаг иргэд. Тэгээд монгол эмчээс өөр хэнийг ч ийм бага цалингаар их ачаалалтай, өрнөөс өрөнд амьдар гэвэл зөвшөөрөхгүй. Гиппократ өөрөө байлаа ч тэр. Монголын эмч бурхантай эгнэнэ. Гэтэл орлогын тэгш бус хуваарилалтын үр дүн нь эрүүл мэндийн салбарт үүссэн дарамтаас тод харагдаж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хүрэлцэхээ болилоо. Үйлчилгээний чанар тааруу байна. Ор хүрээгүй өвчтөн эмнэлгийн корридорт хэвтэж байх нь жирийн явдал болсон. Хүн амын өвчлөлд бэртэл хордлого давамгайлж байна. Халдварт өвчин, түүний дотор бэлгийн замын халдвар, сүрьеэ, вируст гепатит зонхилж байна. Жирэмсний хяналт хангалтгүй байна. Эрүүл мэндийн эрх зүйн орчин 20 жил хоцорч байна” гэлээ.

 

Хамгийн аюултай нь хүн амын эрүүл мэндэд орчны бохирдол сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатарын агаар дахь тугалгын эх үүсвэр нь хар тугалга бүхий бензин хэрэглэдэг 160,000 автомашины утаа, түүхий нүүрсийг их хэмжээгээр түлж байгаатай холбоотой юм. Хүйтний улиралд ердийн зуухтай гэр хорооллын 165,000 айл өрх 1,726 мянган тонн нүүрсийг нэг өдөрт шатааж байна. Нэмэгдээд 1400 нам даралтын зуух, гурван дулааны цахилгааны станцын яндангаас олгойдон гарч буй утаа бидний, үр хүүхдүүд маань агаар биш угаараар амьсгалж байна.

 

Залуусаа ажилтай орлоготой болгож, хашааг нь орон сууцаар сольчихвол, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэж, цахилгаанаар халаадаг болчихвол утаагүй Улаанбаатар болно. Монгол улс нүүрсний орон, хүссэнээрээ хямд цахилгаан үйлдвэрлэх боломжтой дэлхийн цөөхөн улсын нэг. Үүнийгээ ашиглавал утаа арилж агаар цэвэршинэ.

 

Хувьдаа том компанигүй, олигархиудтай найзалдаггүй муудалцдаг, мэс заслын эмчээс УИХ-ын гишүүн болтлоо залуу насаа хүний төлөө, төр түмний төлөө өгч байгаа Чингэлтэйн Очирбатад том компаний эзэдтэй өрсөлдөх мөнгө байхгүй ч алсын хараатай, шударга зөв бодолтой, хуулиа дээдэлдэг, цэвэр зоригтой хууль тогтоогчтой болохыг хүсч байгаа олон түмэн маань нэр дэвшигч түүнийг дэмжинэ гэж итгэж  байна. Сонголт зөв бол ахмадууд ач санах хуультай, залуучууд орон сууцтай, үр хүүхэд маань эрүүл өсч амьдрах болно.

Евро 2012-ын гайхалтай тоглолтуудыг онлайнаар үзэхийг хүсвэл ЛАЙК дарна уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top