Баянголчууд олуулаа ялах уу, ялна аа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ардчилсан намаас Баянгол дүүрэгт УИХ-д нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Д.Оросоо, Ц.Одонтунгалаг нарын нэгдсэн уулзалт өнөөдөр UB паласт боллоо.

УИХ, Нийслэлийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэгдсэн уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Ламбаа, З.Энхболд нар оролцсон юм.

Баянголчуудын хувьд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж, цэнхэр тойрог гэдгээ улам бататгана гэлээ.

Баянголын иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр Ардчилсан намын удирдлага, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг:

 

Ялвал ялсан шиг ялъя, өгвөл өгсөн шиг өгье, хийвэл хийсэн шиг хийе

Ардчиллын төлөө,Ардчилсан намаас нэр дэвшигчдийг өнгөрсөн жилүүдэд тууштай дэмжиж ирсэн цэнхэр дүүргийнхэндээ гүн талархал илэрхийлье. Ардчилсан намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж 14  аймагт ажиллаад ирлээ. Энэ жилийн сонгуулийн уур амьсгал, өнгө их сайхан байна. Ард түмэн энэ жил ардчиллыг, нэр дэвшигчдийг нь дэмжье, ялах цаг нь болсон гэцгээж байна. Арав гаруй аймагт ажиллах үеэр олон сонин, содон үйл явдлуудтай таарлаа. Гурван зүйлийг нь та нартаа хэлье гэж бодлоо. Баян-Өлгий аймгаас машинаар гараад Увс аймагт орж ирэхэд цэнхэр эвэртэй сүрэг ямаатай таарсан. Гэтэл Увсад очсон чинь олон жил улаарлаа бид энэ жил цэнхэртэнээ гэсээр угтсан. Архангай аймгаас Булган ороход биднийг эгэл жирийн иргэд дөнгөж исгэсэн, шинэхэн сайхан айргаа бариад халгиулж, цалгиулан биднийг угтсан. Мөн бидний очсон аймаг бүрт хур бороо асгарч байсан. Гэтэл зарим нь Ардчилсан намын дарга очсон газар бүртээ үүл буудаад явж байнагэж гуйвуулсан. Тэгэхээр энэ жил ардчиллын хур бороо орон даяар буух нь ээ. Энэ сонгуульд бид зөвхөн Ардын намыг ялах гэж ороогүй. Ардын нам манай өрсөлдөгч бишээ. Бид ажилгүйдэл, ядуурал, авилгалыг устгахын тулд энэ сонгуульд орсон. Энэ бидний зорилго шүү. Хамтарсан  Засгийн газарт орж ажиллаад уул уурхайн томоохон шийдвэрийг хамтдаа гаргаж чадсан. Харин хамтарч болохгүй хоёр зүйл байдаг юм байна. Хээл хахууль, авилгал, шударга ёсыг тогтоохын төлөө тэд хөдөлдөггүй юм байна. Энэ байдалдаа өөрсдөө уусаад нэвширчихжээ. Тийм учраас бид тусдаа гарч байж олуулаа ялж, дангаараа болж байж хээл хахуулыг устгаж шударга ёсыг тогтооно. Хоосон амладаг цаг өнгөрсөн. Хоосон амлагчдад хууртаж санал өгдөг ч эцэс болсон. Баянголчууд та бүхнийг 6 сарын 28-нд Ардчилсан намыг сонгоно гэдэгт итгэж байна. Сонгуульдаа олуулаа оролцье, олуулаа ялъя. Ард түмэн ялна, олуулаа ялъя. Монгол хүн хэлэлцүүлгээр ард түмэн хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье гэж хэлсэн юм шүү.Монголчууд олуулаа хөгжиж, олуулаа хүн шиг амьдрахын төлөө энэ уриаг гаргасан.  Энэ жил ялвал ялсан шиг ялъя, өгвөл өгсөн шиг өгье, хийвэл хийсэн шиг хийе”

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч С.Эрдэнэ:

 

Эдийн засгийн хувьсгал, өөрчлөлтийг хийх цаг болсон

Бид тэртээх 1990 онд цагаан морин жил ардчилсан хувьсгалыг анх эхлүүлж Монгол Улсад ардчиллын салхийг салхилуулсан. Түүнээсхойш 23 жил өнгөрчээ. Бид улс орондоо ардчиллын салхийг салхилуулсан ч эдийн засгийн хувьсгалыг хожуу эхлүүлжээ. Бид өнгөрсөн 23 жилийн түүхийг эргэн харахад маш олон зүйлийг өөрчилж чадсан. Шударга ёс, ардчиллыг монголын нийгэмд хүлээнзөвшөөрүүлж чадсан гавъяатай. Ардчилал, шударга ёсоор овоглодоггүй улстөрийн нам, түүнийг ярьдаггүй улстөрч гэж хаана ч байхгүй болжээ.Бид 1990 оноос хойш малыг малчдад, орон сууцгы иргэдэд, газрыг тариаланчдад, үйлдвэрийг ажилчдад нь хувьчлуулж чадсан. Гэхдээ энэ бүгдийн охь, үр шимийг иргэд маань бүрэн дүүрэн хүртэж чадаагүй. Тухайн үеийн коммунист нар илүү хүртсэн. Тэднийг илүү хүртэх боломжийг бид бүрдүүлээд өгчихсөн байна. Тэд улам хөрөнгөжиж, коммунист олигархиудын хөрс суурь болсон. Энэ байдалд Ардчилсан нам  дүгнэлт хийж эдийн засгийн хувьсгал “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг улс орон даяар хэлэлцүүлсэн. Бид улс орондоо эдийн засгийн хувьсгал, өөрчлөлтийг хийх цаг болсон. Монгол орны газар шороо, бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуриуцлагатай цаг үе ирлээ. Энэ цаг мөчид Ардчилсан нам “Монгол хүн” хөтөлбөрийг та бүхэндээ өргөн барьж байна. “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэдэг уриа өнөөдөр энгийн мөртлөө маш өргөн утга агуулгыг илэрхийлж байгаа юм. Бидний дэвшүүлсэн энэ уриаг Монгол орны өнцөг булан бүрт дэмжиж байна. Та бүхэн минь дэмжээрэй. Миний хувьд та бүхнийхээ төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийж ирсэн. Цаашдаа ч хийх болно. Бидний зорилго, үйлс, үйлдэл бүхэн ариун. Монгол Улсын төлөө, Монгол хүн бүрийн төлөө Ардчилсан намын мөрийн хөтөлбөр чиглэж байгаа юм шүү.

УИХ-д нэр дэвшигч, БГД-ийн АН-ын дэд дарга С.Одонтуяа:

 

Бид олуулаа ялна

Өнгөрсөн өдрүүдэд иргэдтэйгээ уулзалт хийлээ. Бидний очсон газар бүрт иргэд халуун дотноор хүлээн авч АН-ын багийг дэмжихээ илэрхийлж байна. Асар их итгэл найдварыг даалгаж хариуцлага ногдуулж байгааг мэдэрсэн. Бид хаач явсан олуулаа гэдгээ ойлгосон. Бид олуулаа ялна. Өнөөдөр өөрийн үнэт зүйл, ард түмнийхээ үнэт зүйлийг хамгаалахаар УИХ-д нэрээ дэшүүлсэн. Миний үнэт зүйл бол эх орон газар шороо, эх байгаль, гэр бүл, үр хүүхэд минь юм. Өнөөгийн тогтолцоо бидний үнэт зүйл рүү нулимаж,өдрөөс өдөрт буланд шахаж байна. Хүний өдөр дутмын хэрэглээ болох хүнсний зүйлийн үнэ нэмэгдэж, жирийн иргэд араас нь хөөгөөд ч гүйцэхгүй боллоо. Тийм учраас энэ үнэт зүйлээ хамгаалахын төлөө УИХ-д нэр дэвшсэн. Ардчилсан нийгэмд бид ардчиллыг тоосго нэг бүрээр барьж байна. Нэг тоосго нь нэг гэр бүл гэж үзэх юм бол өнөөгийн тогтолцоо тоосго бүрийг нэг бүрчлэн хагалж байна. Энэ буруу тогтолцоог халахын төлөө бид ажиллана. Мөнгөтэй бус зөвүзэл бодолтой нам нь ялдаг гэдгийг энэ удаагийн УИХ ын сонгууль харуулах болно. Иргэдэд газраа мэдэх, төсвөө мэдэх, асдуулаа шийдэх эрхийг нь авчирч өгмөөр байна. АН ялж төрийн төмөр нүүрийг гадаадын луйварчид, эдийн засгийн алуурчдад харуулах цаг болсон. Баянгол дүүрэгт УИХ-д нэг эмэгтэй, нийслэлд нь гурван эмэгтэй нэр дэвшсэн. Эмэгтэйчүүдэд манай нам итгэл найдвар өгч байна. Бид олон жил маш завгүй ажилласан. Бид өвдөөд ирсэн хүнийг эмчлэх гэж, сурах гэж буй хүүхдэд багшлах гэж, айл өрхийн талхыг шинэхэн байлгах гэж олон жил завгүй байсан. Гэтэл баялагийн хувиарлалт шударга бус хийгдэж хийхийн ихийг хийсэн бүсгүйчүүд хамгийн бага өчүүхэн хэсгээс нь хүртэж байна. Энэ буруу тогтолцоог бид өөрчлөх болно. Хүнээ мартсан, гэр бүлээ мартсан монголын төрийн бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдрөөр яриагаа дуусгаж, ажилдаа оръе. Хойч үеэ аварцгаая.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:

Ардчиллын нар мандуулсан шинэ үеийнхний хонхны дуу эгшиглэх болно

Хэдхэн хоногийн өмнө Баянголын нэр дэвшигчдийн нээлтэд оролцох үеэрээ “Монгол орон өөрчлөгдөх ёстой” гэж хэлж байсан. Монголын ард түмэн асар том өөрчлөлтийн өмнө зогсож байна. Ардчилсан нам бодлоготой, хариуцлагатай, зохион байгуулалттай байх ёстой. 22 жилийн өмнө хонхны дуугаар ардчиллын салхи үлээж өнөөдрийг хүртэл хар үүлийг хөөж шуурга тавьж байна. Тэгвэл тавхан хоногийн дараа ардчиллын нар мандана. Ардчиллын нар мандуулсан шинэ үеийнхний хонхны дуу эгшиглэх болно. Үүнийг бүх Монголчууд хүсэн хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ардчилсан нам 22 жилийн ардчиллыг хамгаалж явахдаа олонч доромжлуулж, басамжлуулж, гүтгэгдсэн. Сонгуулийн сурталчилгааны энэ богинохон өдрүүдэд ч энэ бүхэн дахин давтагдлаа. Ардчилсан нам дандаа ард түмнийхээ төлөө байсан. АН-аас нэр дэвшиж байгаа манай нэр дэвшигчид, нийслэлийн залуучууд ардчиллын түүчээ болж байгаа тул Баянголчууд хүндэлж, дэмжиж байна. Сүүлийн гурван сонгуульд даргын эрхэт ёсонд дулдуйдаж, дарамталж, хоосон амлаж хөгжлийг зогсоосон улсуудтай хариуцлага тооцно. Даргын эрхэт ёсонд хариуцлага тооцохгүй юм бол Монголд эрх чөлөө, шударга ёсны тухай олголт байхгүй болно. Хэлмэгдүүлэх, худлаа хэлэх хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Хулгайг зогсоохгүйгээр хөгжлийн төлөө ярихгүй. Манай намаас нэр дэвшүүлсэн хүмүүс одоо төрж байгаа нөхдүүдээс нэр цэвэр.Ардчилсан нам баялгаа иргэддээ хувьчлах асуудлыг шийдэж, иргэдээ эрдэнийн хувьтай болгож чадсан. Ард түмний маань эрдэнийн хувийг МАН өөрсдийн явцуу эрх ашгаас тайлбарлаж, хувьцааг нь үнэгүйдүүлж байгааг Ардчилсан нам тэвчихгүй. Иргэн бүр эрдэнийн хувьтай байх ёстой. Эрдэнийн хувиа алдсан оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудынхаа хувьцааг эргүүлэн олж авна. Энэ жил Монголын ард түмэн ардчиллыг дэмжвэл дэмжсэн шиг дэмжье гэж байна. Энэ сонгуульд бид ялагдах эрхгүй. Бид олуулаа хөгжинө, ялна. Бидэнд итгэж болно. Бид ард түмэндээ итгэж байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд:

Улаанбаатарыг 92 жил удирдсан МАН түүх болон үлдэнэ

Сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Сонгогч та саналын хуудсан дээр байгаа Ардчилсан намыг сонгож, Ардчилсан намын хэсэгт байгаа нэр дэвшигчдийг бүгдийг нь дугуйлаарай. Хэрэв энэ удаад Ардчилсан намыг сонговол 92 жилийн турш Улаанбаатарыг удирдсан МАН түүх болон үлдэнэ. Монгол орныг 92 жилийн 4 жилээс бусдад нь удирдсан МАН түүх болон үлдэнэ. Ийм сонголтыг хийх цаг нэгэнт болжээ. Энэ сонгуулиар МАН ялагдах нь сонгуулийн өмнө ч тодорхой байсан. МАН биднийг муулж маш их хар зүйл цацаж байна. МАН-ынхан “Санал тоолдог машин, хэн хэнд санал өгснийг бүртгэж байгаа” гэж цуурхал тараасан байна. Дэлхий даяар ганцхан нууц байдаг. Гэтэл тэр нууцыг ил гээд байгаа хүнийг баримттай нь Ардчилсан намын 1206 утсанд мэдээл. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Сонгууль хариуцлагатай болсон. МАН-ынхандэхнээс нь эрүүгийн хэрэг үүсгээд байна. Увс аймагт мөнгө тараагаад баригдлаа. Мөнгө, архи тараасан хүмүүст эрүүгийн хэрэг үүсч байгаа. Буу зэвсэг бариад төрийн эрх авах, мөнгө, архи тараагаад гишүүн болох гэж байгаа хүн төрийн эрх булааж байгаатай адилхан. Тараасан мөнгийг нь сонгуулийн хороон дээр авчирч  өгвөл арав нугалж өгнө. МАН-ын нэр дэвшигч Р.Хадбаатарын өгсөн 50 сая төгрөгийг авч ирч өгөөд 500 сая төгрөг болгон авах гэж байгаа хүн байна. Чингэлтэй дүүргийн хашаандаа туг хатгуулаад 40 мянган төгрөг авсан иргэд мөнгөө 400 мянга болгон авах гэж байна. БЗД-т МАН-ын сүлжээнд ороод 20 мянган төгрөг авсан хүн түүнийгээ хэлээд 200 мянган төгрөг болгож авна гээд сонгуулийн тойргийн хороонд өгсөн байна. Тараасан буруутай этгээдүүд нь мөнгөө төлөх юм. Сонгуулиа сонор сэрэмжтэй, шударга, тунгалаг явуулъя.

УИХ-ын гишүүн С.Ламбаа:

Улсаа улс шиг, хүнээ хүн шиг амьдруулах нам бол Ардчилсан нам

Ардчилсан намын сойсон морьд сонгуулийн гараанд хүрэхэд дөрөв хоног, барианд ороход зургаахан хоног үлдлээ. Морьд хурдтай, эрчтэй, өнгөтэй, гэгээлэг байна. Энэ сонгуульд Ардчилсан нам ялагдах эрхгүй. Арчдилсан өнөөдрийг хүртэл түүхэн үүргээ гүйцэтгэж, амласан бүхнээ биелүүлж байсан. Харин дангаараа удирдаж байсан түүх байхгүй. 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол төр түшилцэж явахдаа маш их бэрхшээлтэй тулж явлаа. Өнөөдөр Ардчилсан нам өөрийн байр сууриндаа ирэх цаг болсон. Энэ улсаа улс шиг, хүн ардаа хүн шиг амьдруулах нам бол Ардчилсан нам. Та бүхэндээ итгэж байна. Энэ хүлээлтийг ард түмэн олон жил хүлээж байна. Энэ хүлээлт одоо биеллээ олох цаг нь болжээ. Та бүхэндээ баярлалаа.

НИТХ-д нэр дэвшигч Л.Нарантуяа:

 Монгол оронд ардчиллын нар жинхэнэ утгаараа мандах цаг ирлээ

Бид өнөөдөр африкын ядуу орон шиг амьдрах уу, европын өндөр хөгжилтэй орон шиг амьдрах уу гэдэг түүхэн сонголтын өмнө ирээд байна. Өнөөдөр бид төрийнхөө үйлийг төвхнүүлж, түмнийхээ үйлсийг төвшитгөх төрийн ажлыг хийх чадвартай, итгэлтэй төрийн түшээдийг сонгох мөчийн өмнө ирээд байна. Өнөөдрийн төрийн ажил ямар байгааг бидний амьдрал харуулж байна. Түмний минь хуруу хумсаа хугалан байж хураасан татварын мөнгийг даанч дээ гэмээр цамаан зарцуулж байна. Ханаж цадахаа мэдэхгүй хоноцын сэтгэлээр ханддаг, төрийн нэрээр эрх мэдлээрээ далайлгасан төрийн түшээдийг төрөөсөө цэвэрлэх цаг нь болжээ. Монгол оронд ардчиллын нар жинхэнэ утгаараа мандах цаг нь ирлээ ахан дүүсээ.

НИТХ-д нэр дэвшигч Д.Орсоо:

Ардчиллын хонхны дуунаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байлаа

Намайг Д.Орсоо гэдэг. Би 40 настай. Яагаад насаа онцолж байна гэхээр 1990 онд ардчилсан хувьсгал ялах үед би 18 настай байсан. Тэр үед би төгсөлтийн хонхны дуугаа сонсч байсан. Гэхдээ би төгсөлтийн хонхны дуунаас илүү ардчиллын хонхны дууг илүү сонсдог байсан. Тийм учраас ардчиллын хонхны дуунаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байлаа. Өнөөдрийг хүртэл би өөрийнхөө зүрх сэтгэлд ардчиллын хонхны дууг байнга сонсож явдаг.

Хүн шиг амьдаръя, хот шиг хөгжье гэхээр зарим хүмүүс хот биш юм уу гэж асуугаад байна. Бид нийслэл Улаанбаатар хотоо дэлхийн хотуудтай харьцуулж харсан. Хүн амьдрахад таатай 500 хотын жагсаалтыг харахад түүнд Улаанбаатар хот алга байна. Тийм учраас бид хот шиг амьдаръя гэж хэлээд байгаа юм. Нийслэл хотоо бид хот шиг хот болгохын тулд 5А-г дэвшүүлж байгаа юм. Агаар нь цэвэр Улаанбаатар, авлигагүй Улаанбаатар, амины сууцтай Улаанбаатар, амгалан аюулгүй Улаанбаатар, ажилтай орлоготой Улаанбаатар гэсэн 5А-г дэвшүүлж байна.

НИТХ-д нэр дэвшигч Ц.Одонтунгалаг:

Ардчиллын салхи Улаанбаатарт сэвэлзэх цаг нь болсон

Анх оюутан болоод Баянгол дүүрэгт ирж амьдарч байхдаа нийслэлийн хамгийн хөгжилтэй, олон том үйлчилгээний газартай цэвэрхэн тохитой дүүрэгт амьдарч байна гэж боддог байсан. Гэтэл бидний бахархал болсон нийслэлийг маань сүүлийн 22 жил удирдсан удирдлагууд  ямар болгосныг та бүхэн харж байна. Ардчиллын салхи Улаанбаатарт сэвэлзэх цаг нь болсон. Энэ бүхнийг өөрчлөхөөр бид мөрийн хөтөлбөрөө та нарт танилцуулж байна.

НИТХ-д нэр дэвшигч Ц.Алтанцэцэг:

Ардчилсан намын чадварлаг багийг сонгоно гэдэгт итгэж байна

Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, Баянгол дүүргийнхээ төлөө хийж бүтээх чин эрмэлзэл Ардчилсан намаас НИТХ-д нэр дэвшиж байгаа манай багийнханд бий. Зах зээлийн эдийн засгийн үндсэн ухагдахуун багаар ажиллах. Ардчилсан намын Монгол хүн хөтөлбөрийг бидний баг хэрэгжүүлж чадна. Чадвартай, чадалтай, эрч хүчтэй манай багийг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Ардчилсан намаас Баянгол дүүрэгт УИХ, НИТХ-д нэр дэвшигчдийн нэгдсэн уулзалтыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хаасан юм. Тэрбээр UB паласт цугларсан олныголуулаа Ардчилсан намд саналаа өгөхийг хүсч, Олуулаа хөгжихийн тулд олуулаа ялах ёстой гэсэн юм.

Төгсгөлд нь Монгол орон даяар эгшиглэсэн Халуун элгэн нутаг дуугаа дуулцгааж уулзалтыг өндөрлүүлсэн юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top