Энэ жилийн сонгууль их сонирхолтой болох нь лавтай. Зарим тойргуудад бүр гал гарч мэдэхээр байна. Сонгуулийн товлосон хугацаа ойртох тусам сонин хачин, элэг хөшөөмөөр инээдтэй пиар, сурталчилгаа ширүүсч эхэллээ. Зарим нэгэн нэр дэвшигчид бүр өөрт нь тохиолдсон зүйлээ өөр хэн нэгэнтэй тулгарсан мэтээр хэлж ярьж хэвлэлээр пиардах юм.
Нар уулын толгойд тусахаас эхлээд жаргах хүртэл “Ээдээ намайг сонгоорой гэж царайчилсан эрхмүүд усан бороонд норж уулзалтанд ирэх иргэдийг хүлээн чичирч зогсох нь ойрын өдрүүдэд нэг биш удаа тохиолдлоо. Нөгөө нар салхинд илбүүлдэггүй нандин цагаан хацар, нүүр нь тас хар, өмссөн хослол нь хүртэл “овоо”-ны хадаг адил гандаж орхисон харагдана.
Хөөрхий муусайн нэр дэвшигчдийг манайхан их л зовоож байгаа бололтой. Одоо яая гэх вэ? нэгэнт гишүүн болно гээд мөрөөдөөд, зүтгээд байгаа хүмүүсийг нэг хэсэг ч гэсэн залхаах хэрэгтэй шүү дээ. Зарим нэгнийг сайн зовоож байгаад бүр сонгохгүй байхад ч яадаг юм. Тэр нөхдүүдийг сонгогчид гадарлана. Өмнөх сонгуульд гараад хулхин дээр цэцэг тарЬсан хэд л байгаа даа.
Сүүлийн үед нөгөөх хэдэн нэр дэвшигчид маань бүр тойрогтоо хийсэн жаахан ажилаа минийх чинийх гэж булаацалдаж байх юм гэнэ. Жишээ нь ганцхан километр зам гэхэд гурван эзэнтэй болчихсон миний тавьсан зам, чиний тавьсан зам гээд хэрүүл болж байгаа сурагтай. Зарим нэр дэвшигчид бүр тухайн тойргоо “А”-ч мэдэхгүй юм байж энэ миний унасан газар, угаасан ус маань гэж ирээд л таарсан айлынхаа хашаанд ороод хөрвөөж байгаад явдаг гэнэ.
Сонгууль дөхөх бүр сонгогчиддоо аль болох таалагдчих санаатай есөн зүйлийн арга сэдэж явах болжээ. Согинохайрхан дүүрэгт л гэхэд АН-ын гурван нэр дэвшигч айлын хашаа шатааж, ассан галыг гал команд ч дуудалгүй унтрааж баатарлаг гавъяа байгуулах шахаж явхад зарим нэгэн нэр дэвшигчид мөнгө тараасан гэх балаг тарьж явах юм.
Залхмаар сонгуулийн өрдүүдийг ганц дарж байгаа зүйл бол хөлбөмбөг л байна үнэндээ. Энэ мэтчилэн сонгуулийг зах зухаас нь сонирхвол нэг иймэрхүү. Хэн гэдэг аавын хүү ард түмнийхээ итгэлийг авч гарч ирэх юм бол. Эрхэм сонгогчид мэргэн саналаа зөв хүндээ өгөх биз ээ... Үргэлжлэл бий.
А.ТЭМҮР