Г.Билгүүн: Сонгуульд дахин санал өгөхийг оролдвол дохио дуугарна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн, Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэг, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболд нар УИХ болон НИТХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад будлиан гарч байгааг удаа дараа мэдээлсэн. Энэ бүгдийг гүтгэлгийн чанартай хуурамч мэдээлэл хэмээн УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн няцааж мэдээлэл хийлээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд 21 мянган сонгогчийг нэрсийг жагсаалтаас хасч, 16 мянган хүний нэрийг сонгогчийг жагсаалтад нэмсэн. Мөн нэг хаяг дээр олон хүнийг нэмж бүртгэсэн, хүн амьдардаггүй байранд 20 сонгогчийн нэрс байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Г.Билгүүн “Манай байгууллага иргэдэд хаяг өгдөггүй. Дүүрэг, хороодоос тодорхойлсон хаягандаа иргэд өөрсдөө хүсэлт гаргаж манай байгууллагад хандсаны дагуу тухайн хаяганд шилжүүлэг, хасалт хийдэг. Түүнээс биш манай бүртгэлийн байгууллага иргэнийг шилжилт, хасалтыг өөрийн дураар хийдэг байгууллага биш” гэв.

Мөн 21 мянган хүний нэрсийг хууль хяналтын байгууллага шалгажээ. Шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суугаа иргэд хашаагаа 3-4 хувааж зарахад шинээр ирсэн хүмүүс эхний хаягаар бүртгүүлсэн, хашаандаа 10 өрөөтэй нийтийн байр барьж 10 өрхөд түрээслүүлснийг нэг ам бүл гурван хүнтэй гэж тооцвол тухайн хаяганд 30 хүн байна. Мөн нэг хаяг дээр 28 хүн бүртгэлтэй байна гэсэн мэдээллийг шалгахад Асран хүмүүжүүлэх газар байсан. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гэх газар нэг хаяг дээр 169 хүн бүртгэлтэй байна. Тус хороо нутаг дэвсгэрийн хувьд том газартай учир зөвшөөрөлгүй иргэд олон. Тиймээс дээрх иргэдийг  бүгдийг нь Хар усан тохой гэж нэг хаяг дээр харьяалагджээ. 21 мянган иргэний асуудлыг дүүргийн Иргэний бүртгэлийн газраас нэг бүрчлэн шүүж үзэхэд шилжсэн болон нас барсан иргэд олон  байсан аж. Ямартай ч хууль хяналтынхан дээрх асуудалд шалгалт хийхэд УБЕГ-тай холбоотой зөрчил илрээгүй гэж албаныхан мэдэгдлээ.

Тэд хэлэхдээ сонгууль будлиантуулсан сонгогч дахин сонгууль өгөх боломжгүй. Учир нь сонгогч сонгууль өгөхдөө хурууны хээ, регистрийн дугаар зэрэг нь дахин давтагдахгүй. Нэг удаа саналаа өгсөн сонгогч дахин санал өгөхийг оролдвол сигнал дохио тухайн санал өгч буй байранд чанга дуугарах болно гэж хурлын үеэр онцлов.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top