Ажил хийсэн хүн л шүүмжлүүлдэг гэдэг мэргэн үг бий. Тийм ээ, хийсэн, бүтээсэн ажилгүй бол юугаа шүүмжлүүлж, хэн зөв, бурууг нь дэнслэх билээ. УИХ-ын гишүүн Ц.Батбаярын хувьд, улс орон, төр түмнийхээ төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэгэн. Гэтэл сүүлийн үед түүний хийсэн, бүтээсэн ажлыг хараар будаж, нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон тул УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгогчидтойгоо уулзаад завгүй байна уу. Уулзалт хийгээд явж байхад таны анхаарлыг ямар асуудал хамгийн их татаж байна вэ?
-Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийнхээ иргэд, сонгогчидтой уулзаад явж байхад зам, дэд бүтцийг сайжруулах, зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлийг анхаарч үзэх асуудал хамгийн чухал болохыг мэдэрлээ. Манай улсын хүн амын тал хувь нь залуус. Тэднийгээ ажлын байртай, эх орондоо цалингаараа сайхан амьдрах эрх зүйн орчныг төр бүрдүүлж өгөх үүрэгтэй. Үүний төлөө хийх ажил их байна.
-Та хотынхоо, сонгогчдынхоо тулгамдаж байгаа асуудалд их мэдрэмжтэй ханддаг. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд бодлогын чанартай том, том ажлуудыг зоригтой эхлүүлж, хийж чадсан. Гэвч сүүлийн үед таны хийсэн, бүтээсэн ажлыг шүүмжлэгчид их олон боллоо?
-Намайг шүүмжилж байгаа хүмүүс миний хийсэн ажлаас илүүг бүтээсэн юм байлгүй дээ /инээв/. Би улсынхаа нүүр царайг Улаанбаатар хотоор төсөөлдөг. Хот хөгжиж байж улс маань хөгжинө. Иргэд ч ажилтай, орлоготой сэтэгэл амар ажиллаж, амьдарна шүү дээ.
-Тойрог солих нь эрсдэлтэй алхам уу. Таныг тойргоо солисон гэж зарим нэг хүн шүүмжлэх гээд байх шиг байна. Ер нь, Та яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-Би тойрог солихыг эрсдэлтэй алхам гэж бодохгүй байна. Тойрог бол хэн нэгний өмч ч биш. Ажиллаж чадаж байвал хэн ч, хаана ч нэр дэвшихэд нээлттэй шүү дээ. Миний хувьд, тойрог солих солихгүйг би шийдээгүй, намын Бага хурлын гишүүдийн шийдвэр. Би нийслэлийн аль ч тойрогт нэр дэвшсэн бай хотын төлөө л ажиллана. Нийслэлчүүдийнхээ төлөө, хүн ардынхаа төлөө, эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө хийх зүйл их байгаа учраас би зүтгэнэ. Хэн нэгэн юу гэж ярих нь хамаагүй, би хийх ёстой зүйлээ л хийхэд болно шүү дээ.
-Та 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихдээ “Газраа байраар солино” гэдэг мөрийн хөтөлбөртэй оролцсон. Гэтэл энэ асуудлаа шийдээгүй болохоор тойргоо сольж байгаа гэдэг мэдээлэл яваад байна?
-Намайг унагах гэсэн хүмүүсийн л явуулга гэж ойлгож байна. Би УИХ-ын гишүүн болоод Баянзүрх дүүрэг рүү инженерийн шугам сүлжээг татах ажлыг эхлүүлж, газраа байраар солих хууль эрх зүйн болон эдийн засгийн орчныг шийдлээ. Үүний үр дүнд 2000 гаруй айл газраа байраар солиод зогсохгүй энэ нь төрийн бодлого болон зургаан хувийн хүүтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Цаашид Нисэх, Яармаг гээд хотын гэр хорооллын айлуудын газрыг байраар солино. Гэхдээ энэ бүгд өргөс авсан юм шиг шууд шийдэгдэхгүй, цаг хугацаа шаардлагатай гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.
Би Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшиж болно. Гэхдээ би энэ дүүрэгт хийх ёстой ажлаа хийсэн учраас одоо өөр дүүргийн тулгамдсан асуудлуудыг шийднэ. Тэгж байж хот хөгжинө.
Хан-Уул дүүргийн хувьд нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг ч хөгжлөөрөө хоцрогдолтой. Уг нь энэ дүүрэгт үйлдвэрлэлийн гол суурь байдаг ч өнөөдөр бүгд хаалгаа барьсан. Тиймээс үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээж, эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг эхлүүлэхээр манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн Багануур, Багахангай дүүргүүдийг ч дагуул хот болгохоор төлөвлөгдсөн.
-Таныг хотын дарга байхдаа Сүхбаатарын талбайн урд хэсгийг хятадуудад зарсан. Шуудхан асуухад газрын наймаачин гээд байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Миний нутгийг газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг үг байдаг байх аа. Би эх орныхоо торгон хилийг манаж явсны хувьд газар нутаг ямар үнэ цэнэтэй болохыг мэднэ. Тиймээс би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Харин ч хотын дарга байхдаа зарим нэг газрын маргааныг цэгцэлж, анх удаа газрыг дуудлага худалдаанд оруулсан хүн шүү. Дуудлагаар зарагдсан газрын төлбөрийг би хувьдаа завшаагүй, бүгд улсын төсөвт орж, эргээд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, улс орны бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Би үүнийг хаана ч хэлнэ. Мэдэх хүмүүс нь ч мэднэ. Мөн гэр хорооллын үнэгүй байсан газрыг үл хөдлөх хөрөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлийг ч би тавьсан.
Харин Сүхбаатарын талбайн урд хэсгийг зарсан гэдэг мэдээлэл гэнэт хаанаас гарч ирсэнийг мэдэхгүй. 2006 онд Сүхбаатарын талбайн өмнөгазар доогуур худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол зэрэгиж бүрэн тохижилттой талбай хийх зураг төсөл нь хийгдсэн. Төсөл нь одоо Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт бий. Тэр төслийг сонгон шалгаруулах журмаар хийснээс биш Хятадын ямар нэг компани,хэн нэгэнд өгөөгүй.Энэ бол миний эсрэг явуулж буй хар пи арбайх.
-Тэгвэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой асуудал юу болсон бэ. Энэ хэрэгт холбогдуулаад таныг АТГ-аас шалгасан?
-Хууль хяналтын байгууллага гэм буруутай үйлдлийг шалган тогтоохдоо хэнээс ч асууж, байцааж болно шүү дээ. Мэдүүлэг авдаг журам бий. Байцаалт авах шаардлагатай гэж үзвэл хэнийг ч дуудаад байцаалт авч болно. Би тэр үед Хотын дарга байсны хувьд хоёр ч удаа очиж байцаалт өгсөн.“Өргөө” зочид буудалтай холбогдох бичиг баримт, тухайн үед гарч байсан шийдвэрүүд түүний үр дүн, үр ашгийн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдүүлгийг хууль эрх зүйн хүрээнд хангалттай өгсөн гэж бодож байгаа.
-Тухайн үед “Өргөө” зочид буудалд менежментийн өөрчлөлт хийх шаардлага байсан юм уу. Одоо энэ буудал хэний мэдэлд байдаг вэ?
-Энэ буудлыг хотын өмчөөс хэн ч салгаж аваагүй гэдгийг би хаана ч хэлнэ. Гэхдээ намайг Хотын захирагчаар ажиллаж байхад энэ буудалд менежментийн өөрчлөлт хийхгүй бол цаашид явах ямарч боломжгүй байсан. Тог цахилгаан, ажилчдын цалин хөлс гээд хотоос татаас авдаг хэрнээ дандаа алдагдалтайажиллана. Ер нь бол бүтэхгүй хүмүүсийн цуглардаг газар байсан. Тийм учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Өргөө” зочид буудлын асуудлыг авч хэлэлцээд нийслэлийн төвд, байршил сайтай газарт алдагдалтай ажиллаж болохгүй гээд зохион байгуулалтын өөрчлөлт хийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтарсан үйл ажиллагаа явуулан алдагдалгүй болгох шийдвэр гаргасан. Өөрчлөлт хийснээр алдагдалгүй болсон. Авдаг биш орлого оруулдаг газар болж шинэчлэгдсэн. Байснаас нь дордуулчихсан, нураагаад ачаад явсан, үгүй хийчихсэн юм алга. Хэрвээ засч сайжруулж,өөд нь татсанаараа бурууддаггүй юм бол шүү дээ. Тиймээс би буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байгаа.
-Таны улс төрийн хэрэгт амжилт хүсье. Төр, түмнийхээ төлөө хийснээсээ ихийг хийж бүтээгээрэй.
Ө.Энхтүвшин: Монголын төрд хэрэгтэй хүмүүсийн нэг бол Ц.Батбаяр юм шүү
Ц.Батбаяр бол шударга бус зүйлтэй тэмцэж, шүүмжилж чаддаг гишүүн. Төрийн албыг шат, шатаар дамжин хариуцлагатай албуудыг хашиж явсан болохоор юу хэлж, юу хийхээ маш сайн мэддэг. Парламентын танхимд түүний хэлсэн үг, санаачлан баталсан хууль, тогтоолууд нь улс орны, тэр дундаа хотын амин чухал асуудлуудыг шийдсэн гарц, гаргалгаа нь байсан. Манай хүн дүүргийн, хотын дарга байсан болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсанаар Улаанбаатар хотыг барилгажуулах эх үүсвэр тавигдсан. Гэр хорооллын айлуудын газрыг байраар солих асуудал дэвшүүлснээр 10 гаруй багц хуульд өөрчлөлт оруулж, эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг нь шийдэж өгсөн юм. Мөн дэд бүтцийн асуудалд хамгийн их анхаарлаа хандуулан байр сууриа илэрхийлж, тодорхой ажлуудыг хийсэн. Энэ мэт түүний нийслэлийн төлөө хийсэн ажлуудыг тоочоод байвал барагдахгүй. Цаашид хийх ажил бүр ч их бий. Тиймээс би Ц.Батбаярыг Монголын төрд хэрэгтэй хүмүүсийн нэг гэж боддог.
Өнөөдөр Монгол Улс их бүтээн байгуулалт, хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Энэ үед төрд шударга, тууштай, туршлагатай, ажил хийвэл дуусгадаг хүмүүс хэрэгтэй учраас манай нам Ц.Батбаярыг сонгогчид Та бүхэн рүү илгээсэн юм. Хотынхоо жаргал, зовлонг мэддэг, том ярихаа биш юу хийхээ чухалчилдаг туршлагатай төрийн түшээгээ сонгож, дүүрэг, хотоо хамтдаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )