Б.Батзориг: Иргэддээ би итгэж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт Ардын намаас нэр дэвшиж буй Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг өнөөдөр дүүргийнхээ 7-р хорооны иргэд сонгогчидтой уулзав. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд энэ бол түүний уулзалт хийсэн 27 дахь хороо юм.  Хүмүүсийн нэрлэж заншсанаар Сансарын 12-р хороолол орчмын иргэд, оршин суугчид тус хороонд харьяалагддаг байна. Санал өгөх өдөр хаяанд ирсэн энэ өдрүүдэд Ардын намаас нэр дэвшиж буй тэрбээр 22-р тойргийн ихэнх хороодын иргэд сонгогчидтой нүүр тулан уулзаад байгаа юм. Сурталчилгааны нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл өдөрт хоёроос дээш уулзалт хийж байгаа бөгөөд Баянзүрх, Налайх дүүргийн иргэд сонгогчид нэр дэвшигч Б.Батзоригийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Өнөөдөр уулзалтанд оролцсон 7-р хорооны 500 гаруй хүн ч бас түүнд амжилт хүсэж байлаа. Уулзалт болсон тоглоомын талбайн хажуугийн 38а байранд одоогоос хэдэн жилийн өмнө амьдарч байснаа Б.Батзориг иргэдэд хэлж байсан.

Нэр дэвшигч Б.Батзориг өнгөрсөн дөрвөн жилд дүүрэгтээ ихийг хийсэн хүн хэмээн үг хэлсэн олон хүн онцгойлон баяр хүргэж байв. “Шархадын там “ гэдгээрээ алдартай байсан авто замыг л гэхэд Баянзүрх дүүргийнхэн өнгөрсөн онд бүрэн шинэчилж ашиглалтанд өгсөн юм. Энэ нь баянзүрхчүүдэд төдийгүй техникийн захаар үйлчлүүлж буй иргэдэд ямар их хэрэг болж байгааг хүмүүс мэднэ. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд тус дүүргийг удирдахдаа олон хороог шинэ байртай болгосон, Шархадын автобусны буудлыг бүрэн шинэчилж, тохижуулсан, дүүргийхээ гол гол газарт усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн олныг байгуулсан,  иргэдийн амьдрах орчинг хангасан тохижилтын олон ажил хийсэн зэрэг нь иргэдэд хүрч чадсан гэдгийг үг хэлсэн олон хүн онцолсон. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд баянзүрхчүүд “Баянзүрх-Нэг зүрх” уриатайгаар нягт хамтарч ажилласны үр дүнд жил дараалан шилдэг дүүргээр шалгарсан юм. Үүнийг нь ч МАН-ын удирдлагууд харгалзан үзээд Б.Батзоригийг орон нутгаа сайн мэддэг, иргэдийхээ дунд орж ажилладаг хэмээн дүгнэж энэ удаа Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшүүлсэн хэрэг. Нэр дэвшигч ч иргэддээ итгэж буйгаа уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Б.Батзориг намын мөрөө хөтөлбөрөөс 7-р хорооны иргэдэд хэрэгтэй гол гол  хэсгийг, тухайлбал үйлдвэрлэл, үйлчилгээний 10 мянган газрын үүдийг нээх нь иргэн танд ямар ашигтай болохыг, үүнийг дагаж жил бүр 15 мянган  ажиллах хүчнийг бэлдэх гэж байгаа нь ажилгүйдлийг эрс бууруулах төдийгүй улс орны бүтээн байгуулалт руу чиглэсэн бодитой ажил болно гэдгийг дэлгэрэнгүй  танилцуулсан. Үүнийг ч иргэд таатай хүлээж авсан юм. Тэрчилэн одоо дүүрэгтээ хэд хэдэн хороолол дундах замын ажлыг эхлүүлснээ иргэдэд дуулгасан. Мөн удахгүй тус дүүрэгт зүүн дөрвөн замаас Ботаник хүртэлх, “Туул жин пан”-гийн уулзвараас “Цайз” захын уулзвар хүртэлх замын ажлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Эдгээр ажлын санхүүжилтын эх үүсвэрийг нийслэлээс өнгөрсөн хавар шийдсэн байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top