"Өөрчлөх цаг нь болсон өөдрөг амьдралын төлөө хамтдаа зүтгэе" гэж эрс шулуухан хэлэх Булгамаа хэмээх энэ бүсгүй нийгэмд шинэ зүйлийг бүтээх их хүсэл эрмэлзэл, зориг шийдэл, тэмүүлэлтэй нь түүний яриа, үйл ажлаас тодхон харагдана. Сонгуулийн энэ өдрүүдэд гэлтгүй өдөр тутмын амьдралдаа ч үргэлж зогсолтгүй хөдөлмөрлөж байдгийг түүний ойр дотныхон, түүнийг тойрон хүрээлэх хүмүүс, ахан дүүс нь хэлж байсан юм. Ажил мэргэжилдээ тууштай шударга, амласан үгэндээ түүнээс ч шуудруу Булгамаа нэр дэвшигчийн хувьд зогсолтгүй хөдлөх хөдөлгүүр, цог золбоотой залуу үе гэдгээ ажилдаа ч амьдралдаа ч, алхам тутамдаа ч үргэлж батлаж явна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажилтай, хэлэх ярих зүйлтэй, сурган хүмүүжүүлсэн олон шавь нартай, сурлага сахилга өндөр баттай дайчин энэ бүсгүйг улс төрд ороход ажил урагшлана уу гэхээс алдаж цалгардахгүй гэдэгт бат итгэнэм. Энэ нь Их Засаг гэдэг их айлын сургалт хариуцсан захирал хэмээх хүндхэн албыг хариуцаж, хувийн хэвшлийн байгуулагыг дэлхийн хэмжээний чансаатай болгоход хувь нэмрээ оруулж байгаа болоод захирал Ням-Осорын үйл хэргийг гардан зохион байгуулж яваа нь ийм үүрэг хариуцлага хүлээх чадвартай, сайн удирдан зохион байгуулагч гэдгийг бэлхнээ нотолж байгаа юм. Иргэний зориг гарган их хуралд нэр дэвшиж буй Булгамааг дүүргийн, хорооны, өрхийн иргэд танихгүй хүнгүй болж түүний хэлж ярьсаныг сонсоогүй сонгогч үгүй болжээ. Өнгөрсөн сонгуулийн өдрүүдэд хамгийн их хороо хорин, хот дүүргээр явган нимгэн явж уулзаж ажил байдлаа, амлалт хөтөлбөрөө танилцуулж байсан нэр дэвшигч гэвэл УИХ-д Баянзүрх, Налайх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшиж байгаа Ринзааны Булгамаа юм. Бид түүнтэй сонгуулийн өмнөх их ажлын үеэр уулзаж ярилцлаа.
Сур: Сонгуулийн сурталчилгааны хоног дуусаж, сонголтоо хийх цаг дөхөж байна энэ өдрүүдэд та иргэд сонгогчидтой уулзаж явахад хамгийн их хөндөгдөж байгаа сэдэв юу байна? Хамгийн тэргүүнд ханцуй шамлан орох ажил юу байна?
Сайн байцгаана уу иргэд сонгогчид оо. Бид тун удахгүй амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргах мөчид ойртоод байна. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэд сонгогчидтойгоо уулзаж явахад тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байна. Өнөөдөр төр засаг ард иргэддээ хүрч үйлчлэх ёстой чухал асуудлууд шийдэгдээгүй хэвээрээ л байна.
Манай Баянзүрх дүүрэг 300 мянгаад хүн амтай, Налайх дүүрэг маань 32 мянгаад хүн амтай, хоёр дүүргийн нийт өрхийн тоо 80 мянга гарсан байгаа.. Энэ нь хүн ам ихээр төвлөрсөн газруудад тулгарах олон асуудлууд манай дүүрэгт байна гэсэн үг юм. Манай дүүрэгт ажилгүйдэл, ядуурал, архидалтаас авхуулаад, гудамж талбайн хог, зам гээд гэр хороолол, хотод яригдаж байдаг олон зүйл байна. Үүний дотор нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал гэвэл нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, орон сууцны асуудал байна. Түүнчлэн ажлын байр, үнийн хөөрөгдөл үүн дотор махны үнийг эрс бууруулахыг иргэд ахин дахин хэлж байна.
Байшин хороололын хувьд өнөөдөр гэр хороололоос дутахааргүй олон асуудлууд байна. Үүнд нийтийн эзэмшлийн зам талбай, ус дулаан, цахилгааны хараат байдал, сантехник, цахилгаан нь гэмтэлтэй бөгөөд хуучирч муудсан байдалтай, байрны чанарын асуудал бол байнга хөндөгдөж байна. Жишээ нь 63м2 талбайтай байрыг хэмжихэд яг үнэндээ 58м2 байх жишээтэй. Үүнийг иргэдийн зүгээс шүүх хууль, хяналтын байгуулагад хандахад шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг гэх мэт олон асуудлууд байшин хороололд үүсч байна.
Гэр хороололын хувьд дэд бүтэц муу байгаагаас нилээд хүндрэлүүд гарч байна. Гудамж талбайн зохион байгуулалт, хаягжилт, гэрэлтүүлэгийн асуудалд дунд гэсэн дүн өгөхөөр байна. Нийтийн тээврийн зохицуулалт болоод автобусны буудлуудыг шинэчлэн ойртуулах мөн худаг усны хангамжийн асуудал, хур хогны асуудал гээд яривал олон шийдвэрлэх ёстой зүйлүүд байгаатай би өөрийн биеэр очиж танилцсан юм.
Амлалт, боломж гэх үгсэд иргэд итгэл алдарсан гэж байгаа энэ үед ИЗНН-ын "Амьдрал" мөрийн хөтөлбөр чухам юугаараа иргэдийн итгэлийг олж бусад намын мөрийн хөтөлбөрөөс ялгарах вэ?
Амьдрал мөрийн хөтөлбөр амьдрал дээр тулгуурлаж боловсруулсан хамгийн оновчтой хөтөлбөр юм. Хүн амьдарч байгаа газар хөгжил, дэвшил байх шаардлагатай. Амьдрал мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүд иргэдийн аж амьдрал амжиргааны талаар, улс эх орны тогтвортой хөгжлийн талаар сайтар бодож боловсруулсан хөтөлбөр болсон гэж үзэж байна. Үүнд бид иргэнээсээ эхлээд дүүрэг хороод, хот, улс эх орныхоо эрх ашиг, сайн сайханы төлөө шат дараалсан арга хэмжээнүүдийг авах тухай оруулсан. Тухайлбал иргэн хүнийг ажилтай байлгах, амьдрах нөхцөл бололцоог хангах, өрх хороодоо ард иргэдийн дуу хоолойг хүргэх анхан шатны сайн байгуулага байлгахын төлөө, дүүргүүдээ хотын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон , хот, улс эх орноо эдийн засгийн хувьд тогтвортой байлгахын төлөө боловсруулсан мөрийн хөтөлбөр юм.
Та энэ сонгуулийг өөрийн нүдээр харж дүгнэвэл юу гэж дүгнэмээр байна вэ?
Энэ удаагийн сонгуульд олон намаас олон нэр дэвшигчид дэвшиж байгаа нь нэг талаар иргэдэд боломж бий гэдгийг харуулж, илүү олон хүний санал бодол, оновчтой санаанууд урган гарсан сайн талтай гэж бодож байна. Нөгөө талаар хэт их ашиг сонирхол хөөсөн, олон жил дараалан төрийн сэнтийд заларсан ч амьдралаас тасарчихсан ажлыг зөвхөн яриа болгосон хүмүүсийн хоорондын тэмцэл болж өрнөөд байна уу даа гэж бодогдож байна. Сайхан ярьж хэн ч чадна шүү дээ амьдрал мэдэхгүй уран илтгэгчээр улс орон яах вэ? Талх, махаа зах дээрээс өөрөө авч үзээгүй төрөөс төрсөн тэрбумтанууд яаж үнийн хөөрөгдөлийг мэдэрч зохицуулалт хийх вэ гэдэг нь сонирхолтой биз дээ. Хийнэ бүтээнэ гэж яриад л байдаг. Зарим нэр дэвшигчид болоод дарга нар би дүүргээ маш сайн мэднээ гэж ярьж байна. Тэд дээрээс нь хараад мэдээд байгаа юм шиг мөртлөө ард иргэдэд хайр халамжаа төдийлэн мэдрүүлж чадаагүй, өмнөх сонгуулиар ярьж явсан зүйлээ л ярьж байна, хэдэн жилийн өмнө иргэд ямар амьдарч байсан өнөөдөр байдал яг хэвээрээ л байна. Дүүргийнхээ аж амьдралыг мэдэхээ хүрвэл дүүргийн иргэд бид бүгд л мэдэж байгаа. Би Баянзүрх дүүргийн эгэл жирийн иргэн хүн. Үр хүүхдээ гэх ээжүүдийн төлөөлөл, сурагчдаа гэх багш нарын төлөөлөл, хуульчдын төлөөлөл, залуу ирээдүй хойчийн хүсэл мөрөөдлийн төлөөлөл. Энэ бүхнийг хамтад нь төлөөлөх Монгол улсын ард иргэдийн төлөөлөл. Энэ бүхнийг хийхэд шударга байдал, хөдөлмөрч зан тууштай , ёс суртахуунтай байвал л болох ёстой юм байгаа юм. Сонгуульд нэрээ зоригтойгоор нэр дэвшүүлсэн зарим нэг нэр дэвшигчдийг би үнэлж байна. МУГЖ Батзаяа, МУГТ Баатаржав гэх мэт ард олондоо танигдсан, хүндлэгдсэн хүмүүс байна шүү дээ. Бид бие биендээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй төдийгүй эдгээр нэр дэвшигчийн эх орноо гэх чин сэтгэлийг хувьдаа үнэлж харж байгаа. Эв нэгдэл гэж яриад л байгаа. Шударга өрсөлдөхөд хэн нэр дэвших нь хамаагүй. Хэнийг сонгох вэ гэдгээ ард иргэд өөрсдөө мэднэ. ....... Сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс л үнэ мөнгөөрөө цохисон том том самбарууд гаргаж эхэлсэн. Сонгуульд самбараараа биш, санаачлага, үйл хэргээрээ өрсөлдөх хэрэгтэй байна.
Та өөрөө багш мөн хуульч эмэгтэй хүний хувьд таны ярьж байгаа зүйлээс харж байхад ард иргэдийн дундах амьдралын нарийн ширийн асуудлуудыг илүү томруулдаг шилээр харж байх шиг санагдлаа. Өнөөдөр таны мэргэжлийн салбарт эх хүн эмэгтэй хүний нүдээр юу дутагдал, доголдолтой санагдаж байна?
Өнөөдөр бид ирээдүй болсон үр хүүхдээ мэдлэгтэй боловсрол хүн болгохын төлөө үүрэг хариуцлага хүлээсэн. Нийгэмд чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд бид орчин, нөхцөлийг бүрдүүлэх л шаардлагатай. Боловсролын салбарт тулгамдаж байгаа олон асуудлууд байна. Багш нарын цалин, нийгмийн асуудлууд болоод сургуулийн байрны хүрэлцээ, орчин нөхцөл, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарахаас гадна сурагчдынхаа сурч боловсрох таатай нөхцөлийг дээд зэргээр хангах хэрэгтэй . Стандарт шаардлага хангасан сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ сургадаг байх хэрэгтэй байна. Тухайлбал манай дүүрэгт энэ асуудал дээр сургууль цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндрэлтэй байдаг. Тэгэхээр сурагчдад хамгийн ойр дөт боломжтой газрыг нийгэмд хэрэгтэй үйлсийн төлөө иргэдээсээ худалдан авч бүтээн байгуулалтыг хийж, нийгэм эдийн засаг эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх хөгжүүлэх асуудал, ялангуяа багшлах боловсон хүчнийг бэлтгэж байгаа тогтолцоо, хэлбэр зэргийг эргэж харах, их дээд сургуулийн багш нарыг бэлтгэх болон мэргэшүүлэх шаталсан сургалтуудыг бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Цэцэрлэг сургуулийн сургалтын стандарт, эрүүл ахуй, орчин бүрдүүлэх зэрэгт бодитой дэвшилт гаргах хэрэгтэй. Манай дүүрэгт 38 ЕБС байгаагаас 8-н ахлах сургууль, гурван ээлжээр өглөө 8-аас орой 20 цаг хүртэл 20 минутын хугацаатайгаар хичээл сургалтыг зохион байгуулж байгаа нь үнэхээр хамарсалтай байна. Учир нь ирээдүй болсон хүүхдүүдийн минь боловсрол эзэмших боломж нөхцөл нь шаардлага хангахгүй, тэдний хүмүүжил төлөвшлийн тухай тусгайлан хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихгүй байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандмаар байна.
ИЗНН-аас нэр дэвшигчийн хувьд танай намыг, нэр дэвшигчдийг сонгох нь иргэдэд ямар давуу боломжууд, ямар сонголтуудыг өгөх вэ?
Нэр дэвшигч миний хувьд Баянзүрх дүүрэг миний ажил амьдралын өлгий нутаг тэр ч утгаараа тус дүүргийн иргэд оршин суугчдын бодит төлөөлөл. Нөгөөтэйгээр салбар салбарын дуу хоолой болж чадна. Намын хувьд парламентад суудалтай нам, нийгмийн сайн сайханы төлөө авилгагүй төр, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог төр байхын төлөө олон жил дуугарч ирсэн. Манай намын дэвшүүлсэн Амьдрал хөтөлбөрөөр бидний өдөр тутмын амьдралд хариултаа хүлээж байгаа олон асуудлууд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чөлөө, иргэдийн амжиргааг хэрхэн дээшлүүлэх, төрийн халамжийн бодлогыг зөв хэрэгжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьсон.
Таны хувьд өөрөө боловсролын салбарт ажилладаг нийгмийн ажилтан. сонгуульд хэн нь ч ялсан байлаа иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллах байдал сонгуулийн дараа замхардаг юм шиг санагддаг. Тэгэхээр та иргэдэд чиглэсэн ямар ажлуудыг цаашид хийе гэж бодож төлөвлөж байна вэ?
Мэдээж эхний ээлжинд тойрогтоо тулгамдсан асуудлуудыг, бидний амьдралд шийдвэрлэгдэхгүй хойшлогдож байгаа хариултаа хүлээсэн олон асуудлуудын талаар иргэд сонгогчид өөрсдийн гаргасан санал хүсэлтүүддээ тулгуурлан хороо дүүргийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орно. Боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийн бүртгэл тооцоог тусгайлан гаргаж, тэр хэсэгт төрийн анхаарал халамжийг хүргэнэ. Нөгөөтэйгүүр иргэдийн аж амьдрал, амжиргааг дээшлүүлэх үүднээс төрийн үйлчилгээг иргэд дээр, тэдгээрийн орон сууц, байшин хороолол дээр хүргэж, ард түмэнтэйгээ цуг жаргал зовлонгоо хуваалцан, иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах болно.
Сэтгэгдэл ( 1 )
Ажил хэрэгч, шударга бүсгүй байгаа юм, миний мэдэх