“Гэгээн хангай” клубынхан гэгээн үйлс бүтээдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Намхайн Төмөрхүү одоогоос найман жилийн өмнө нэг төгсөлтийнхөө санаа нийлсэн залуучуудтай хамтран “Гэгээн хангай” клубыг байгуулж байжээ. Гар ганзагад, хөл дөрөөнд хүрсэн нутгийн хөвгүүд төрсөн газар орон, нутгийнхаа залуучуудыг дэмжих зорилготой энэ клубыг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ клубыг санаачилсан хүний хувьд бас тэгээд нэгдүгээр ангиасаа аравдугаар ангиа төгстөл ангийн дарга байсан болоод ч тэр үү Н.Төмөрхүүг ерөнхийлөгчөөрөө сонгосон байдаг. Харин өөрөө “Ямар ч өрсөлдөгчгүй ерөнхийлөгч болчихсон хүн дээ” хэмээн хошигнодог. Гэхдээ ардчилсан зарчмаар жил бүр солигдож байх саналыг тэр гаргаснаар долоон ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Өнөө жил гэхэд наяад оны төлөөлөл залууд халаагаа өгч, ах нарын байр суурин дээрээс зөвлөж байгаа гэсэн.

“Гэгээн хангай” клубын залуусын хамгийн анхны хийсэн ажил нь сургуулийнхаа ангийг тохижуулах явдал байв. Бүтээе туслая гэсэн сэтгэл багаддаггүй гэдэг. Дараа нь тэд нутгийн дуучин, МУГЖ Т.Баясгалангийн тоглолтыг Өвөрхангайн задгай талбайдаа зохион байгуулж байжээ. Нутгийн зон олондоо нэрд гарсан дуучны тоглолтыг үнэ төлбөргүй хүргэе гэсэн тэдний сэтгэлд баярласан хүмүүс олон. Мөн морин хуурын чуулгыг нутагтаа урьж тоглолт зохион байгуулсан билээ. Түүнчлэн Арвайхээрийн 280 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон. Хөдөө орон нутгийн хүүхэд залуусыг хот газрынхнаас дутаах юун гээд нэг сургуулийг электрон номын сантай болгож өөр нэг сургуулийг компьютерын лабораторитой, дараагийн нэг сургуулийг бүрэн хөгжмийн зэмсгээр хангаж байсан гээд дурдаад байвал дуусахгүй. Бас тэдний анх санаачилсан “Гэгээн хангай” клубын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зөвхөн нутагтаа болоод өнгөрсөнгүй. Хотоос хүртэл оюутнууд очиж тоглодог болсон гэдэг. Түүгээр ч үл барам нутгаасаа шигшээ баг гаргаад нийслэлд болдог лигийн тэмцээнд оролцуулах болсон билээ. Залуус ч итгэлийг нь алдсангүй. Өнөө жил бүсийнхээ аварга болсон гэж байгаа. “Гэгээн хангай”-н гэгээн хүсэл мөрөөдөлтэй залуус сурч боловсрох чин эрмэлзэлтэй тэгсэн атлаа амьдралын боломж тийм ч өргөн бус залуусаа дэмжиж, жил бүр таван оюутанд тэтгэлэг олгож иржээ.

Тэдний зөв сайхан сэтгэл олон олон залуусын амьдралыг өөрчилж, шинэ гэрэлт тавцанд гаргаж байгаа билээ. “Гэгээн хангай” клубын залуусын гэрэлт ажлуудыг дурдаад байвал дуусахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top