Өвөрхангай аймгаас улс, аймгийн цолтой олон бөхчүүд төрөн гарсан билээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга Д.Сумъяабазар, улсын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр нарын хүчтэнүүдээрээ тэд бахархдаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн наадмаар тус аймгийн уугуул Б.Сангисүрэн улсын начин болсон нь нутгийн зон олныхоо магнайг тэнийлгэж байв. Эдгээр олон хүчтэнүүд өдгөө нутгийнхаа “Их Монголын хүчтэн дэвжээ”-нд харьяалагддаг. Түүнчлэн тус дэвжээний дэргэд спорт, урлагийн бүхий л чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг “Гэгээн хангай” клуб ажилладаг юм. Өдгөө Өвөрхангайгаар овоглодог бөхчүүд бүгд тус клубын гишүүн болжээ.
Тэдний нэг болох “Гэгээн хангай” клубын удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү болон Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг нар нутгийнхаа бөхчүүдтэй ээлжит уулзалтаа хийлээ. “Гэгээн хангай” клуб байгуулагдсан цагаасаа эхлэн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, бэлтгэлийн байр гаргах болон бусал туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ирсэн нутгийн залуусаа хүчтэнгүүд маань сэтгэл хангалуун хүлээж авлаа.
Дэвжээнийхний хувьд клубын удирдлагаа том бэлэгтэй угтсан. Учир нь жил бүр уламжлал болгон явагддаг “Нутгаа дуурсгана” барилдаанд өнөө жил “Их Монголын хүчтэн” дэвжээ дэд байрт шалгарчээ. Энэ нь урьд жилийнхээ амжилтаа ахиулсан үйл явдал юм. Уг амжилт нь бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлж өгсөнтэй холбоотой хэмээн дэвжээний ерөнхий дасгалжуулагч улсын арслан Б.Ганбаатар Н.Төмөрхүүд хандан талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн ирэх жил амжилтаа улам бататган тэргүүн дэвжээгээр шалгарахын төлөө хичээх болно гэдгээ ч хэлж байв.
Харин бусад бөхчүүдийн хувьд Өвөрхангайчуудаа төлөөлөн УИХ-д ажиллахаар нэр дэвшиж байгаад нь Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт талархаж байгаагаа илэрхийлээд амжилт хүсч байлаа.
Өвөрхангай нутгийн бөхчүүд Монгол бөхийн дэвжээнээ өөрийн ид хав, хүч тэнхээг харуулсаар ирсэн билээ. Нутгийн хүчтнүүдийнхээ эр зоригийг хурцалж, ид бахыг дэмжиж явдаг олон хүмүүс байдгийн нэг нь Н.Төмөрхүү юм.
Сэтгэгдэл ( 0 )