Сонгогчдын хамгийн хариуцлагатай мөч ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
УИХ-ын сонгууль болоход хоёрхон хоног үлдлээ. Энэ сарын 28-ны үдэш гэхэд шинэ парламент бүрдчихсэн байх болно. Тэр парламентыг бүрдүүлэгч нь, УИХ-д хэн хэн суухыг мэдэж эрх олгогч нь улс төрийн намууд ч биш, улстөрчид ч биш, хэн нэг гаднын этгээд биш, олигархиуд ч биш, сонгогч бид юм. Нам, эвслүүд зүгээр л нэр дэвшигчдээ бидэнд санал болгосон. Харин тэднээс ялгаж салгаад итгэл үзүүлэх нь зөвхөн сонгогчдын эрх.

Тэгэхээр хоёр хоногийн дараа сонгогчдын хамгийн хариуцлагатай мөч ирэх гэж байна. Дөрвөн жилд ганцхан удаа, хэдхэн хоромд сонгогчид төр барьдаг. Тэгэхдээ хэн хэнд итгэл үзүүлж хэнээр төр түшүүлэхээ шийддэг учиртай. Таны бал барьсан гар хэний өмнөх дугуйг будна, тэр хүн таныг төлөөлж төр түшиж, улс орноо дээшлүүлэх үү, уруудуулах уу. Таны амьдралыг сэхээх үү, муутгах уу гэдгийг дөрвийн дөрвөн жилийн турш шийднэ. Нэгэнт хэн нэгнийг шигшиж, нам, эвслээс сонгочихсон л бол дараах дөрвөн жилд түүнээсээ хамааралтай амьдарна гэсэн үг.

Залуучууд сонгуульд оролцохдоо хойрго байдаг. Тэдэнд сонгууль гэдэг утгагүй тоглоомд оролцох огт хэрэггүй мэт санагдаж байж мэднэ. Өөрт нь хамаатайгаас хамаатай ажилд хэдхэн мөч оролцох гэж буйгаа зарим нь төсөөлөх ч үгүй яваа. Гэтэл сонгуулийг тоохгүй, түүнд оролцохгүй хоцорсноосоо болоод ирэх дөрвөн жилийн амьдралаа огт утгагүй өнгөрөөх хэрэг гарч мэднэ. Сонгууль гэдэг өрсөлдөгчдийн хооронд хэдхэн хүний саналын зөрүүгээр шийдэгддэг асуудал шүү дээ. “Би саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй” хэмээн бодож байгаа бол, залуу та хамгийн үнэтэй зүйлээ алдаж ч магадгүй. Таны өгөөгүй саналаар дутаж танд хэрэгтэй хүн гадаа хоцроход урагшлах амьдралд тань гацаа болох эрхэм тэр суудалд суучихаад хүсэл мөрөөдлийг тань боомилж болно.

Сонгуульд оролцохоор очлоо гэхэд тун анхааралтай “будахгүй” бол дөрвийн дөрвөн жил 76 мангуу, 76 олигархи гэж мянга хашгираад нэмэргүй юм болно. Монголчуудын нэг сүрхий алдаа бий. Өөрөө сонгочихоод маргааш нь “Ийм хүмүүс төрийн толгойд гарах гэж” хэмээн ярьдаг. Дээд тэнгэрээс унаад ирсэн УИХ-ын гишүүн гэж байдаггүй. Тиймээс сонгогчийн гаргаж ирсэн нөхөр л төр түшдэг гэдгийг иргэн бүр санах ёстой. Олон удаа өмнө нь бид ингэж харамссан. Одоо энэ удаа “хүн шиг сонголт” хийхийн төлөө ухаалгаар хандахыг уриалж байна. 

Харин улс төрийн намуудын сонгуулийн луйвартай эвлэрч болохгүй. Сонгогчид жилээс жилд ухаажиж байгаа учир хэдхэн төгрөгийн төлөө ирээдүйн дөрвөн жилээ баллая гэж санахгүй л байх. Гол нь сонгогч бүр саналаа өгч, өгөхдөө нэр дэвшигчдээ сайн шигших юм шүү. Хэдхэн хоромд сонгогч бүр их том эрх эдэлнэ. Аль намыг дэмжих нь гагцхүү сонгогч таны эрх билээ.

                       ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWS.MN Д.ОЮУНЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top