Монгол үндэсний бөхөөр хамгийн олон цолтонтой аймаг нь Архангай, харин сум нь Увсын Тэс билээ. Тэс сумаас улсын заан нэг, харцага хоёр, начин долоо, аймаг, цэргийн цолтой тавь гаруй бөх төржээ. Чухам яагаад ийм олон бөх төрсөн тухай бодож дүгнэвэл хүүхэд бүхэн нь бага балчраасаа Тэсийн голын цэнгэг уснаас ундаалж, голын усанд шумбаж, хөл нүцгэн элсэн далайг туулж, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицон, морь малтай ноцолдож өсдөг болохоор хөлдөө зогсолттой, гартаа бүлтэй, тэсвэр тэвчээртэй болдог бололтой. Таван Тэсийн хондийд идэр насаа үдэж, бөхийн их тогоонд хөл тавьж адуу шиг барилдаж явсан нэгэн хүчтэнтэй хийсэн ярилцлагаа толилуулья.
-Таныг бөхийн тогоонд хэрхэн хөл тавьсан талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би 1948 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн хүн. Нутгийнхаа ЕБС-ийг дүүргээд 1970 онд цэргийн албанд татагдаж, Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдсан даа. 1971 онд Армийн чөлөөт, самбо, жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болоход би гурван төрлөөр 62 кг-д барилдахаар шалгараад нийслэл хотод анх удаа хөл тавилаа. Армийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг чинь улсын аваргын дараа ордог нэр хүндтэй тэмцээн байлаа. Энэ тэмцээнд анги нэгтгэлүүдээс шалгарсан бөхчүүдийн олон арван язганасан барилдаан дүүрэн болдогийг харлаа. Ийнхүү өөрийн жиндээ өрсөлдөгч бүхнээ сохрүүлсээр чөлөөт, самбо бөхөөр түрүүлэн хөөр баяраар бялхаж явлаа. Ингээд л “Алдар” нийгэмлэгийн тамирчин болох замаа зассан юм.
-“Алдар” нийгэмлэгийн тамирчин байхад одоогийн алдарт бөхчүүдээс хэн хэн алба хааж байв даа?
-Тэр үед “Алдар” нийгэмлэгийн тамирчид бараг улсын шигшээ багийн ихэнхийг бүрдүүлдэг байлаа. Зүүнбаянгийн 128-р ангиас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, одоогийн дархан аварга Д.Цэрэнтогтох, бид хоёр хамт "Алдар" нийгэмлэгт татагдан ирж байв. Мөн манай нийгэмлэгт улсын аварга Д.Хадбаатар, улсын заан Ч.Гочоосүрэн, Ё.Ишгэн, Д.Цэнд-Аюуш, Ч.Амартүвшин, улсын начин Д.Даваасүрэн, М.Мижиддорж, аймгийн арслан Д.Нансал, Д.Тогоо зэрэг олон хүчтэн алба хаасан.
-Тэр үед “Алдар” нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч хэн байв?
-Ардын багш Ч.Дамдиншарав байлаа. Дөнгөж олимпоос медаль аваад зодог тайлчихаад сайн бөх төрүүлж, өөрийнхөө амжилтыг залгамжлан ахиулах бөх төрүүлэх бодолдоо ид хорхойссон, торгон ирэн дээрээ манай нийгэмлэгийн дасгалжуулагчаар ирсэн юм. Биднийг мөн ч элдэж өгдөг, хатуу шаардлагатай багш. Надтай хамт алба хааж байсан олон сайхан залуусыг билгийн нүдээр олж хараад тэднийгээ Монголд төдийгүй дэлхийн тавцнаа гаргаж чадсан гавьяатан.
Ялангуяа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохыг “Өвөрхангайн гүрлэгэр хар хэзээ ч бөх болохгүй” гэж байхад нь Зүүнбаянгаас өөрийн бор зүрхээрээ “Алдар” нийгэмлэгт татан авчраад жинхэнэ бөх болгосон хүн. Харин сүүлийн үед Д.Цэрэнтогтох аварга сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа би бараг аваргаараа төрөөд л аварга болсон гэх аястай ярих болжээ. Энэ чинь их том алдаа юм шүү. Чамайг ямар хэмжээнээс өсөж өндийлгөн өдий зэрэгтэй бөх болгосон багшийгаа ярилцлага бүхэнд цохон тэмдэглүүлж байгаарай гэж найзын хувьд захимаар байна.
Д.Цэрэнтогтох аварга тийм муу бөх байсан юм уу?
-Би чинь тухайн үедээ “Алдар” нийгэмлэгт жиндээ төдийгүй 78 кг хүртэлх жингийн бөхчүүдийг аль ч төрлийн барилдаанаар шороодуулна гэдэг аатай л байлаа. Д.Цэрэнтогтох аваргыг “Насыг нь тоолох” гэдэг шиг унагаадаг байлаа.
-Тэгээд яагаад ийм алдарт бөх болчихов?
-Аварга хүн чинь тухайн жилийн нарны төвлөрсөн газар төрсөн ч гэх үү, юутай ч гэсэн төрсөн өдрийн тойргоороо тусгай заяасан хүн байдаг юм билээ. Гэхдээ “Хүнийг аз нь түшээд ирэхээр хүчирдэггүй” гэсэн ардын зүйр үг байдаг нь үнэн юм. 1972 оны улсын баяр наадам болох гээд бөөн хөл хөдөлгөөнтэй. “Алдар” нийгэмлэгийнхэн амралтанд бэлтгэлд гарчихсан байв. Долдугаар сарын 11-ний өглөө “Мөндөл”-үүд (62-кг-аас доош жингийнхнийг бөхчүүд дотроо тэгж нэрлэдэг байсан) бэртчихнэ, үлд гээд томхон жинтэй цэргүүдийг тусгай тоноглосон “Цуваа-6” машинд ачаад улсын баяр наадамд барилдуулахаар аваад явчихлаа.
Бид зурагтаар наадмын барилдаан үзээд, радиогоо чагнаад л... Эхний өдөр нэлээн олон цэрэг хоёр давсны нэг нь манай Цэрэнтогтох байлаа. Хоёр дахь өдрийн өглөө нөгөө хэд ч барилдахаар явлаа. Үлдсэн хэд зурагт дээрээ шавцгаагаад тэмдэглэл хөтлөөд байтал Д.Цэрэнтогтох маань Завхан аймгийн заан Шагж, Булган аймгийн арслан Б.Сүхбаатар, Булган аймгийн уугуул ид иртэй байсан улсын начин П.Дагвасүрэн нарыг цувруулан шороодуулж зургаа даваад Мөнхбат аваргад шороодон өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртлээ. Зурагтаар харж байсан бид чинь бүгдээрээ л улсын цол авчихсан юм шиг хөөрцөж билээ.
-Таны шороодуулаад байдаг Д.Цэрэнтогтох яахаараа гэнэт “цоорчихов” оо?
-Улсын цол авсан болохоороо нутгийн чөлөөгөөр явж ирээд бэлтгэлдээ гарлаа. Нэг өдөр найз маань надад аминчлан “Би чамайг хүчирдэггүй атлаа ийм том цол авчихлаа. Өнөө жил халагдах хүртлээ зааланд барилдахгүй. Дандаа унаад байвал ичгэвтэр...” гээд “Харин чи маргаашнаас эхлэн зодог шуудгаа өмсөөд надтай гурваас доошгүй удаа барилдаж шалгаарай” гэж байна. Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Бид хоёр чөлөөтийн бэлтгэлээ дуусгаад багш нараасаа нуугдан ойн төгөлд очиж модны уранд нуусан дүнсэн тамхинаасаа татангаа үндэсний бөх барилддаг байсан газраа очихоор боллоо. Эхний өдөр би хоёр, найз маань нэг хаялаа. Дараагийн өдөр найз маань хоёр, би нэг удаа арай хийж унагалаа. Гурав дахь өдөр Цэрэнтогтох намайг хаашаа л бол хаашаа унагаад болдоггүй. Тэгэхнээ харин Цэрэнтогтох уурлаад “Чи намайг сэтгэл санаагаар дэмжих гээд худлаа барилдаж унаад байна” гэлээ. Би “Яалаа гэж худлаа барилдах вэ?” гэж үнэнээ хэллээ. Найз маань үнэмшихгүй л байсан.
-Үнэхээр ийм амархан сайжирчихсан юм уу?
Ер нь аварга болох одон дээр төрсөн хүний бие нэг задрахаараа өдөр хоног тутам л өөрчлөгдөөд байдаг юм билээ. Яг л тэр үед Цэрэнтогтохын бяр чадал цаг минут тутамд л нэмэгдээд ёстой л барилдах бөх бүхэн нь жижигхэн, гудамж талбай бүхэн нарийхан давчуу юм шиг санагддаг гэсэн ярианы адил болчихсон үе юм билээ. Үүнээс хойш нэг их удаагүй байхад гадаадын нэг нэр хүндтэй зочинд зориулсан барилдаан болно гээд том жинтэй бөхчүүдийг Спортын төв ордон луу ачаад явлаа.
Тэр үед барилдаан бүхнийг телевиз, радиогоор явуулдаг байсан биш. Барилдаан Барилдаан дуусаад Д.Цэрэнтогтох маань их л баяртай надад нэг уут боорцог авчихсан ирлээ. Тухайн барилдаанд найз маань улсын начин Ч.Лундаа, улсын арслан П.Дагвасүрэн нарын бөхчүүдийг шороодуулан их шөвөгт үлджээ. Тэгээд “Надад үнэхээр бяр ороод байгаа юм байна. Барилдсан хүн бүхэн аяндаа унаад байдаг болчихлоо. Чамд их баярлалаа” гэж байсан. Ингээд гараад өгсөн дөө.
-Одоо өөрийн чинь барилдааны амжилтын тухай ярих уу?
-Намайг цэргээс халагдах үед дэлхийн хошой аварга З.Ойдов, ДАШТ-д шагналт байр эзэлж байсан Б.Намжим нарын бэлтгэл хангагчаар шигшээ багт аваад таван зуун төгрөгөөр цалинжуулдаг боллоо. Энэ үед би Улаанбаатар хотын Армийн АШТ-д таван жил дараалан түрүүлчихсэн байв. 1971 оноос эхлэн “Алдар” нийгэмлэгийнхээ нэрийн өмнөөс хот, улсын аварга шалгаруулах чөлөөт, самбо, жүдо бөхийн тэмцээнд орж эхэлсэн. 1972 онд чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд “Барилгачин”-ы Ж.Баатархүү, МУИС- ийн Л.Нямдугар нарыг ардаа орхин түрүүлсэн.
1976 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд ОУХМ “Гулза” хэмээх Л.Гантөмөр, С.Сүрэнжав нарын дараа 3-р байр эзэлсэн. Мөн тэр жил социалист орнуудын залуучуудын аварга шалгаруулах “Нөхөрлөл” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Медалийн төлөө Болгарын залуучуудын гурван удаагийн аварга бөхтэй нь ёстой л хамаг хүчээ шавхан үзээд цаг сунгуулан 13:12-оор ялахад Х.Баянмөнх аварга намайг мөрөн дээрээ тохоод дэвжээнээс буулгаж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр үед Баянаа аварга манайханд намайг магтаад “Бөх болох хүн ингэж л барилдах, ёстой юм” гэж билээ.
-Улсын шигшээ багаас яагаад гарчихав?
Би шигшээ багт удаагүй. Цэргээс халагдаад шууд шигшээ багт татагдан бэлтгэл жигдэрч байхад нутагт аавын бие муудаад чөлөө аваад явсан. Очиход аавын бие тааруухан гэрийн сахиуртай болохоор сахиж бараадаж байгаад чөлөө авсан хугацаа талийгаад өгөхөөр нь айж балмагдан дахиж Улаанбаатарт ирээгүй. Үүний хариу болгоод 1973 оны УАШТ- ий медалийн төлөөх барилдаанд Баянхонгор аймгийн уугуул “Жижиг” хэмээх Даваасүрэнтэй барилдахад С.Магсар багш илэрхий өрөөсгөл шүүсээр байж ялагдуулчихаад “Багшийнхаа үг дуулдаггүй шавь нарыг ингэдэг юм” гэж байсан даг.
-Та ЗХУ-ын спортын мастер цол хүртсэн гэл үү?
-Тийм ээ. Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн гурван жил дараалан Тувагийн Кызыл хотноо болсон юм. Уг тэмцээнд Монголоо төлөөлөн манай Увс аймгийн чөлөөт бөхийн баг тамирчид оролцоход би 62 кг-д гурван жил дараалан түрүүлэхэд сүүлийн тэмцээний төгсгөлд Тува улсын спорт хорооны дарга Гүржав миний амжилтыг үнэлэн ЗХУ-ын спортын мастер цолоор шагнасан юм.
-Тэмцээний хаалтаа ямар маягтай хийх юм бэ?
-Тува чинь манайхтай адилхан тэмцээнээ хаагаад кураш барилдаанаа явуулдаг юм билээ. Тэгээд тэр олон улс, муж, хотоос ирсэн бөхчүүдийг барилдуулна. Тэр барилдаанд нь би 1976, 1977, 1978 онуудад гурван жил дараалан түрүүлсэн. Тувагийн үзэгчид заал пиг дүүрчихсэн үздэг юм билээ. Намайг жижиг биетэй атлаа тэр том биетэй бөхчүүдийг унагаад байхаар "Даший, Даший” гэж хашгиралдан алга ташаад, би хөөрцөглөж урамшин барилдсаар байгаад үзүүр түрүүнд Тувагийн алдарт бөх Хөх Оолыг хаяж билээ. Гэтэл бид хоёрын зураг дараа жил нь Тувагийн Спорт хорооны алдрын танхимд тавиастай байсныг хараад дахин нэг хувь олшруулан манай аймгийн спорт хорооны дарга Эрдэнэсүрэн надад авчирч өгсөн.
Үзэгчид манай кураш барилдаанд гадны хүн түрүүлчихлээ гэж хавчих зүйл гарч байна уу?
-Үгүй дээ. Надаар бахархаад бөөн хөөр. Түрүүлчихээд гарах гэсэн чинь монголчууд шиг биенд гар хүрч, хөлс арчиж авах гээд явуулахгүй хэцүүдүүлж байлаа. Түүгээр ч барахгүй зочид буудалд хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд ирээд “Хүүхдэд минь гараа хүргээд адис өгөөч” эсвэл "Шинэ нэр хайрлаач" гээд мөн ч их зовоосон доо. Монголчууд бид л болсон хойно тэмцээн дуусаад авч гарсан хэдэн рублиэрээ дээлгүүрээс жаал жуул юм худалдаж авахаар явахад хүртэл “Даший" гэж хоорондоо яриад тойрч хараад л. Ёстой бөхөөрөө бахархдаг ард түмэн гэдгээ харуулж байсан шүү.
-Та өөрөө үндэсний бөхөөр хэр зэрэг барилдаж байв?
-“Алдар” нийгэмлэгт цэрэг байхдаа бага жингийн биднийг үндэсний бөхөөр баридаж болохгүй, бэртчихнэ гэдэг байсан боловч хааяа оргоод зааланд барилдах хугацандаа одоогийн улсын харцага Д.Сэрээтэр, М.Өвгөнхүү нарын хүчтэнүүдийг шороодуулчихаад их баярлаж байсан удаатай. Улсын баяр наадамд цэрэг байхдаа нэг удаа зодоглож нэг давчихаад хоёрын даваанд дархан аварга Б.Түвдэндоржтой оноолт таардаг юм байна.
Ашгүй хөгшин хүнтэй таарлаа, давчихаж магадгүй гэж баярлаад өрж байгаад хөлд нь орсон чинь миний шилэн хүзүүн дээр ганцхан цохиод зайлахаар нь нэлээд хол очоод хоёр өнхрөөд босож ирдэг юм байна. Аргагүй л бяр тэнхээтэй, өөрийн гэсэн барилдааны арвин туршлагатай аварга хүн гэдгийг ойлгож билээ. Түүнээс хойш улсын баяр наадамд барилдах боломж гараагүй. 1980 онд аймагтаа зодоглон манай сумын уугуул улсын начин Ц.Лхамаатай үлдэн түрүүлсэн. Харин 1983 онд аймгийн арслан Түвшинжаргаптай үзүүр түрүүнд үлдэн хоёр дахиа түрүүлсэн дээ. 1984 онд залуу бөх Дүгэржавтай үлдэн үзүүрлэсэн. Үүнээс хойш аймагтаа 10 гаруй шөвгөрсөн. Монголын үндэсний бөхийн холбооноос 2002 онд “Аймгийн шилдэг арслан” цол, батламж олгосон.
-Ийм олон жил барилдахад сонирхолтой үйл явдал олон тохиолдоно биз?
-Алийг тэр гэх вэ? Залуу бөхчүүд сургамж авахаар нэг зүйл ярья. Манай аймгийн Завхан сумынхан улсын начин цол хүртсэн М.Мижиддоржид хүндэтгэл үзүүлэн түмэн тэмээтэй болсныхоо баяр хийхээр зарлаад байлаа. Тэр үед би Увс аймгийн барилга трестэд жолооч хийж байв. Увсын бөхийн холбооны дарга гавьяат барилгачин Т.Батзул гуай манай трестийн дарга байлаа. Нэг өдөр Т.Батзул дарга одоогийн улсын харцага Э.Батбаатарын аав аймгийн арслан Ю.Эрдэнэ, бид хоёрыг өрөөндөө дуудаад "Завхан сумын түмэн тэмээний баярт очиж барилдаад сумаас нь шинээр төрсөн улсын начин М.Мижиддоржид дэм үзүүлээд түрүүлээд ир.
Ховд, Завхан аймгуудаас олон бөхчүүд ирэх юм гэнэ. Наадмын түрүүг алдаж болохгүй шүү” гэсэн даалгавар өглөө. Би ч баяртай нь аргагүй явлаа. Яагаад гэвэл бид хоёр хамт “Алдар” нийгэмлэгт цэргийн алба хаангаа нэг тогооноос гурван жил хооллож байсан найзууд юм чинь? М.Мижиддоржийг манайхан “Увсын улаан Мижээ” гэж нэрлэнэ. Ю.Эрдэнэ бид хоёр Завхан суманд очингоо Мижиддоржтойгоо уулзан барилдах тактикаа боловсрууллаа. Тэгэхнээ манай хүн “Намайг хүүхэд байхад сумын наадамд Завхан аймгийнхан олон удаа амлан хаяж байсан юм. Одоо би Завхан талын бөхчүүдийг амлан авч унагаад байя.
Та хоёр бусад бөхчүүдээс сорчлон авч миний замыг цэвэрлээд бай” гэлээ. Уул нь Мижээ цэрэгт байхдаа Д.Цэрэнтогтох, Д.Цэнд-Аюуш, Д.Хадбаатар, Д.Цэрэндаш нарын томчуулын зиндаанд байсан болохоор бид хоёр шууд зөвшөөрөхгүй яахав. Маргааш нь наадам эхэлдгээрээ эхэлж бид гурав гурав давцгаалаа. Гэтэл дөрвийн даваанд “Би Завхан аймгийн начин Доржсүрэнг амлая” гэсэн чинь зөрсөөр байгаад амлалаа. Гэтэл дөрвийн давааны эхэнд гарсан хоёр чинь тухайн давааны барилдаан дуустал үзээд Доржсүрэнгийн хавиараа шиг юманд хоёр өвдгөөрөө түс хийтэл уначихав.
Гэтэл харин унаж явахад нь аз болоод элэг бүс нь тайлагдчихсан болохоор дахин барилдуулах юм болов. Маргаан болоход урилгаар ирсэн аймгийн дарга Бизьяа дахин барилдуулахааргүйгээр илэрхий уналаа шүү дээ гэж лүндэн буулгаад дахиулахгүй болголоо. Аргагүй юм даа. Би нөгөө цэрэгт байсан ид үеийг нь бодоод байдаг. Харин манай хүн харих тийшээ хандчихсан, ажил төрөл гээд тэр бүр барилдаж чадахгүй болчихсон гэдэг нь харагдаж байлаа. Ингэж миний онжавын “Цахилгаан дайны төлөвлөгөө” бут ниргэгдэж билээ. Ингэж найзыгаа жишээ болгож байгаа маань залуу бөхчүүдэд санамж болох болов уу гэснийх юм. Ер нь бөхчүүд өширхөх, нэг нэгэндээ муу санаа өвөрлөж явах ийм аюултай байдаг.
-Тэгээд тэр наадамд хэн түрүүлэв?
-Манай барилга трест Завхан сумтай шефийн харилцаатай болохоор Г.Батзул дарга ийм арга хэмжээ авсан юм билээ. Бид хоёрын дэмжих үйл ажиллагаа нэгэнт дууссан болохоор үзүүр түрүүг алдахгүйн тулд үзсээр байгаад хоёулаа үлдэж би түрүүлээд байнд нь авсан морио найзынхаа ах Б.Батжаргалын адуунд тавиад өвөл нь идшиндээ нэг том ат аваад хэрэглэж байлаа.
-Та чинь чөлөөт бөхөөр ОУХМ-ын болзол бараг хангачихсан юм аа?
-Юун ОУХМ манатай. Шигшээ багийн дасгалжуулагч С.Магсар манай аймгийнхныг нэг нүдээрээ ч үзэхгүй шүү дээ. Надад өдий хүртэл чөлөөт бөхөөр спортын мастер олгоогүй гээд бод доо.
-Чөлөөт бөхийн улсын аваргаас дахин медаль авах боломж гараагүй юу?
-Надад бөхийн барилдаан зохихгүй болохоор нэг их чармайхаа больсон. Гайгүй барилдаад ирэхээр ар гэрт маань заавал нэг гаслан тохиолдоод байхаар нь Наранбулаг сумын “Дарь эх”-д үзүүлсэн чинь “Чи одоохондоо барилдах хэрэггүй байна. Хаалаа” гээд найман жилийн дараа барилдах эрхийг минь тавьж өгсөн юм. Тэгээд бүсэд орох төдийхнөөр биеэ оторлож байсаар дууссан даа.
Нэгэн үе Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхэнтэй эр бяраа сорьж, чөлөөтийхэн дотроо “Жигүүр" хэмээн нэрлэгддэг Дашийн Ойдовтой таалал төгсөхийнх нь өмнө хийсэн ярилцлагаа найзынхаа гэгээн дурсгалд зориулан ийнхүү тэрлэв. Сайхан нөхрийн минь сүнс бурхны оронд залрах болтугай.
А. Буянтогтох
Эх сурвалж:”Таван Цагариг”
Сэтгэгдэл ( 0 )