Дэлхийн банк Оюутолгойн судалгаанаас болгоомжилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ. Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж болгож 900 сая ам.доллар, төслийн “улс төрийн эрсдэлийн даатгал”-д нэг тэрбум ам.долларын зээлийг ирэх арваннэгдүгээр сард олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. “Оюутолгой” төсөл нь яригдаж эхэлсэн цагаасаа л монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Төслийг  хэрэгжүүлэгчид саяхан “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ” (ESIA) гэгчийг гаргасан ч энэ нь тус бүс нутагт хэдэн зууны турш амьдарч ирсэн нүүдэлч, малчдын сэтгэлийг тайвшруулж чадаагүй. Учир нь уг төсөл говь нутгийн эмзэг экосистемийг сүйтгэнэ гэж нутгийн иргэд эсэргүүцэж байгаа билээ. Уул уурхайн компаниудын  хүний эрх зөрчсөн, байгаль орчныг сүйтгэсэн гэмт хэргийг дэлгэн тавьдаг “London Mining Network”-ын Ричард Харкинсон Оюутолгой төслийн “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний талаар “Төслийн хамгийн их хэл ам дагуулсан, сөрөг үр дагаврыг нуухын тулд маш их мөнгө зарж, сайтар боловсруулсан арга заль”   хэмээн ярьсан байна.

Ричард Харкинсон  “Энэ нь зөвхөн төслийн бүтээн байгуулалтын үеийн үнэлгээ. Төслийн ерөнхийд нь хариуцаж буй менежер гэж хэлж болох “Рио Тинто”-д Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхэд байгаль орчинд гарах аюултай сөрөг үр дагаврыг хэрхэн арилгах тухай ямар ч төлөвлөгөө байхгүй. Гэтэл төсөл хэдхэн сарын дараа эхлэх гэж байна” гэжээ. Харин банкны мэдээллийн төвийн ажилтан Желсон Гарсиа “Рио Тинто групп Оюутолгой төслийн гол үе шатуудад байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс нааш Дэлхийн банк энэ төсөлд хөрөнгө оруулах тухай хэлэлцэх ёсгүй. Оюутолгойн бүтээн байгуулалтын шатны  “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд тулгуурлан төслийг хүлээн зөвшөөрөх нь Дэлхийн банкны бодлого, нэр төрийг эрсдэлд оруулна” хэмээжээ. Төслийн үнэлгээ ийнхүү дутуу дулимаг, тооцоо, судалгаагүй болсон ч Дэлхийн банкнаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, АНУ-ын Экспорт, Импорт банк, Канадын Экспорт хөгжил банк, Австралийн экспортын санхүүжилт, даатгалын корпораци, “Standard Chartered” болон “BNP Paribas” зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. “Рио Тинто” групп эрх ашиг нь шууд хөндөгдөж буй нүүдэлч, малчидтай шударга хэлэлцүүлэг хийгээгүйгээс “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд Оюутолгой төслийн бодит үр дагаврын тухай хангалттай тусгаагүй. “Рио Тинто” “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар малчидтай нэг л удаа хэлэлцсэн боловч ердөө хоёр хоногийн өмнө зарласан энэ хэлэлцүүлэгт Ханбогд сумын төвөөс 20-40 км-ийн зайд амьдардаг малчид очиж чадаагүй байна. Хэлэлцүүлгийн үеэр “Рио Тинто” Оюутолгой төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар ердөө хоёрхон хувь материал тараасан аж.

Тиймээс хэлэлцүүлэгт очсон хүн болгон дээрх баримт бичгийн талаар тодорхой ойлголт авч чадаагүй. “Рио Тинто” харин хэлэлцүүлэг явуулахын оронд малчидтай нэг бүрчлэн уулзахыг чухалчилсан нь тэднийг эсэргүүцэлгүй болгож, төслийн талаар хэл ам дагуулахаас зайлсхийх тактик аж.

Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нутгаасаа хөөгдөж, мал сүрэг нь хорогдсон айлууд Ханбогдод маш  олон байгаа юм. Гэвч Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп малчдын энэ байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг гэж малчид гомдолложээ. “Рио Тинто” группийн их мөнгө зарж гаргасан “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд тулгуурлан Дэлхийн банк Оюутолгой төслийг санхүүжүүлэх хугацаа улам ойртож байгаагийн зэрэгцээ 2,000 хуудас дээрх үнэлгээг  Монголчууд бодитоор үнэлэх хугацаа улам холдож байгаа аж. Учир нь төслийн байгаль орчны үнэлгээ гэх уг баримт бичигт бэлчээрийн сүйтгэл, Ундайн голын голдрилыг өөрчлөх гэж буй тухай болон бэлчээрийн нөөц газарт олон улсын нисэх онгоцны буудал, 450 мегаваттын цахилгаан станц барих тухай бүү хэл уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх тухай огт дурьдаагүй байна.

Орчуулсан Н.ЭНХ Эх сурвалж: Worldstage

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top