Амьдрал өөрөө түүх
Эгэл жирийн хэрнээ эгэлгүй хувь зохиолтой, ерийн атлаа азтай бүсгүй бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэмээн хүмүүс дуу нэгтэй хэлдэг. Тиймээс ч тэрээр хэвлэлийнхний хараанд байнга өртөж, түүнийг янз бүрийн мэдээлэл дагаж байдаг билээ. Гэр хороололд, иргэд сонгогчдынхоо дунд амьдардаг эрхэм гишүүнтэй илэн далангүй ярилцсанаа уншигч танаа хүргэе.
Тэднийх Чингэлтэй дүүргийн 16 хорооны нутаг, олон уулсын дундах гэр хорооллын нэлээд захдуу хашаанд товхийсэн өвлийн жижигхэн байшинд амьдардаг юм байна. Тулаад очвол хашааны хаалган дээрх “777” гэсэн дугаар нүдэнд тусна. Тэднийхээс холгүй зүүн хойд талын өндөрлөгт бидний Төрийн хар хүний уул гэж нэрлэгдэг, манай сайд дарга нарын, ялангуяа сонгуулийн өмнөхөн очиж мөргөөд байдаг Хөх уул харагдана.
Хашаанд уяатай хоёр нохойноос баахан дөлсөн ч бидэн рүү давхиж сүйд болсонгүй. Учир нь бидэнд замчилсан Чингэлтэй дүүргийн МАХН-ын мянгатын гишүүд тэднийхээр байнга орж, гардаг тул нохой ижил, дасал болжээ. Биднийг ороход З.Баянсэлэнгэ гишүүн галаа түлж, цайгаа самраад зогсч байв. Тэрээр бидэнтэй мэндлээд журмын нөхдөдөө хандаж “Та нар ирэхээрээ гэр талхалчихдаг шүү. Гутлаа тайлаарай, нөхөд өө” гээд “Манайхан байнга орж, гарна. Хэлэхгүй л бол хамаагүй шүү дээ, наадуул чинь. Сайхан бужигнаж, идэж ууж аваад гардаг юм. Ямар сайндаа Япон явахын өмнө манайхан цуглачихаад, аян замын бэлтгэл хийлгэхгүй хөөх шахам болсон” гэсээр угтав.
Бид гал тогооны харалдаа жижиг өрөөнд сууж буй аав, ээж хоёрынх нь мэнд, амрыг мэдээд хоймрын өрөөнд орж явчихав. Аав, ээж хоёр нь энэ жил хамт өвөлжиж байгаа гэнэ. Хоёр хөгшний байшинг жаахан тохитой болгох гээд буулгачихсан чинь барьж амжаагүй гэнэ. Том өрөөнд орвол, биднийг ирнэ гээд тэрүүхэндээ ширээ засаад амжиж. Ширээ тойрч суусны дараа ааг үнэртсэн шаргал цай аягалж барив. “Гэрийн эзэгтэй, тэр тусмаа УИХ-ын гишүүн хүний аягалж барьсан цай шүү дээ” гэж бодоход нэг л хүндтэй сайхан санагдаж, сүүлийн үед ажилдаа яарч, энд тэндхийн ус буцалгагчаас аягаар тосч кофе найруулж уусаар дасал болчихсоноо гэнэт анзаарав.
Гэрт орж ирээд гал түлж суугааг чинь хараад “Сэтгүүлчид надаас та гал түлж чаддаг уу” гэж асуух юм гэж ярьсан чинь санаанд орлоо гэвэл З.Баянсэлэнгэ гишүүн “Би галыг пижигнүүлнэ шүү дээ. Аав минь хүнд өвчтэй болохоор сууж л байдаг юм. Би гэртээ байгаа үедээ ээжийгээ юм хийлгэх дургүй. Галаа түлж, цайгаа чанахаас эхлээд тогоо шанагаа барина. Намайг байхгүй үед, эсвэл ажлаас оройтож ирэх үед ээж минь цайгаа чанахаас яахав” гэж байна. Энэ үеэр ээж нь “Миний охин гал сайн түлнэ шүү. Түлсэн гал нь асах ч гэж жигтэйхэн. Миний охин ёстой л галын тэнгэр шиг” хэмээн охиноо магтав. Цай уусны дараа бууз жигнэх хооронд бид цөөн хором ярилцлаа.
-Хауст амьдарч, том машин хөлөглөдөг, хөрөнгө мөнгөтэй эрхмүүд мөнгөөр зодож УИХ-ын гишүүн болдог жишгийг анх удаа эвдэж, гэр хорооллоос, тэгээд эмэгтэй хүн УИХ-ын гишүүн болсон нь та. Аль болох гэрт чинь очиж ярилцлага авъя гэх сэтгүүлч олон байсан байх. Ирсэн нь хэд бол?
- Зөндөө олон. Би тэр болгоныг гэртээ оруулахыг хүсээгүй. Яагаад гэвэл, хүний амьдралыг мэдэхгүй байж гаднаас нь худал ярьж, бичээд байдаг. Тэгээд гэрт ирээд үздэг, зарим нь гэр хорооллоос гарлаа, шударга ёс яллаа гэж үзэж байхыг үгүйсгэхгүй, зарим нь гэрийнхээ тийм юмыг янзалчихгүй яасан юм, гэртээ тийм юм хийж чаддаггүй гэж гаднаас нь шүүмжлэх болов уу гээд янз бүрийн шалтгаанаар гэртээ оруулъя гэж бодоогүй. Сүүлд “Өдрийн сонин”–ынхон нэг удаа ирсэн. Ёстой газар дээр нь ирж сурвалжилсан даа, тэд. Иргэдийн дундаас, эгэл амьдрал дотроос гарсанд бахархаж үнэнээр нь өгүүлсэн байна лээ, миний амьдралыг. Манайх Өвөрхангайнх шүү дээ. Тэр сэтгүүлч манай нутгийнх юм билээ. Аав, ээж хоёртой минь нутаг ус ярьж, хууч хөөрөөд явсан. Хүний амьдрал янз бүр. Тэнгэрээс унаж, навч цэцэгнээс ургачихсан биш. Төрийн түшээ боллоо гээд би өөр болчихгүй. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл шүү дээ. Харин тэр хүнийг УИХ-ын гишүүн болгосон, шударга байсан манай намын бодлого өөрөө зөв юм. Өнгө харсангүй, мөнгө чухалчилсангүй. Ард түмэн юу хүсч, хэнийг дэмжиж байна түүнийг дэвшүүлье гэсэн. Тэр үүднээс намайг квотоор дэвшүүлж, би УИХ-ын гишүүн болсон. Хэрэв би АН-ын юм уу, эсвэл МАН-ын гишүүн байсан бол гарахгүй. Наад зах нь л гэхэд нэр дэвших босго мөнгө болох 50 сая төгрөгийг нь дийлэхгүй. Нөгөөтэйгүүр, би ядуу зүдүүдээ гэр хороололд амьдарч байгаа юм биш шүү дээ. Хамгийн гол нь 1981 онд хотод анх орж ирээд суурьшсан газар маань Чингэлтэй. Дээр нь аав, ээж минь өндөр настай. Аав минь зүрхний хүнд өвчтэй болохоор эрүүл агаар нь хэрэгтэй. Манай Чингэлтэй зуны цагт сайхан. Өвөл жаахан хэцүү, утаа ихтэй. Гэхдээ уулынхаа нөмөрт дулаахан байдаг юм. Өнөөдөр гэр хороололд цэвэр, бохир усны шугам, дулааны асуудлыг шийдээд өгчихдөг бол хүн болгон амины орон сууцанд тааваараа амьдрахыг бодно шүү дээ.
-Гэхдээ таныг УИХ-ын гишүүн болсонд шүүмжлэхээсээ илүү баярласан нь олон юм биш үү. “Бидэнтэй нэг гудамжинд, хамар хашаанд амьдарч, ус, түлээгээ ямар үнээр хэрхэн олж авдгийг, өглөө ажилдаа гараад харанхуй гудамжаар хальтиргаатай замаар яажшуу харьж ирдгийг мэддэг, зовлон, жаргал нэгтэй жирийн хүн төр түшилцлээ, бидний төлөө зүтгэж, нийгмийн асуудлыг шийдүүлэхэд анхаарна” гэх хүн олон байна?
-Хичээгээрэй, хариуцлагатай байгаарай гэж санал, сэтгэгдлээ илэрхийлсэн хүн олон бий. Дэндүү энгийн байдаг хүн чинь их хэцүү юм байна шүү, тэр дотор ороход. Би аливаад байгаагаараа ханддаг. Бусад шиг дүр эсгэж, баг зүүж сурсангүй. Тийм болохоор тэр биз. Гэхдээ надаас өөр хүн ард түмний зовлонг тэр бүр ойлгохгүй болов уу. Би зүгээр л жирийн олны, энгийн иргэдийн төлөөлөл байхгүй юу. Худаг дээр дугаарлаж зогсоод усаа авна. Гэр хорооллын айл томхон усны савтай байх хэрэгтэй. Нэг сайн дүүргэчихэд бас удна шүү. Нэг их зовж зүдрээд байх юм байхгүй шүү дээ, гэр хороололд. Сүүлийн үед би харин ус авахгүй байгаа. Хүү маань 18 хүрсэн болохоор нөхөр бид хоёрыг тэр болгонд гар хүргэхгүй амар байна. Хүнд янз бүрээр хэлүүлэх энгийн хүнд бол хэцүү байх. Гэхдээ бодлого нь зөв, сэтгэл нь зөв, эгэл олноо, ард түмнийхээ төлөө гэсэн зорилготой, тэр зорилгынхоо төлөө ажиллаж чадаж байхад өнөөдөр хэн хаанаас гарах нь сонин биш гэж би боддог.
-Төрийн түшээд орд харшийнхаа үүдэнд машинаа тулгаж зогсоогоод суучихна. Таны хувьд хашааны үүдээр гарав уу үгүй юу иргэд, сонгогчидтойгоо шууд нүүр тулна. Амьдрал ийм байна, тийм зүйлүүд нь болохгүй байна, анхаараач гээд иргэд таныг бараг л “чихэдчих” юм байна. Та ч гэр хорооллынхны амьдралын дүр зургийг харж явахад дөт юм уу даа?
-Байнгын хорооны дарга болоход албан хэрэгцээнд “Соната-7” гэдэг машин өгсөн. Найман байнгын хорооны дарга ийм машин унаж байгаа. Гэрээс гарахад машин ирж авна. Хотоос ирж намайг аваад, Чингэлтэйгээс ажил руу хүргэх, орой харих хооронд нийтдээ 44 км. Байнгын хорооны дарга өдөрт 70 км явах нормтой. 44 нь ирж, очихдоо таарч байна. Гэтэл явах ажил их. Иргэдтэйгээ бол илүү ойр байдаг даа, гэр хороололд байдаг болохоор. Тэтгэврийн мөнгөндөө яаж дугаарлаж байна вэ. Хүүхдээ цэцэрлэгт хүргэхдээ ямар бэрхшээл туулж байна. Хүүхдүүд хичээлдээ ямар замаар яаж ирж, очиж байгааг байнга харна. Сүүлийн үед машины дугаараар хязгаарласан өдөр автобусаар ажилдаа явахсан, ард түмнээсээ арай холдоод байна уу гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдрийн цаг хугацаа ажил амжихгүй аль болох хурдан явахаа бодох юм. Өмнө нь жирийн иргэн байсан бол одоо төрийн түшээгийн хариуцлагатай албыг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр сайн хаших юмсан гэж хичээж явна.
-Чингэлтэйн зам түгжрэл ихтэй биз?
-Өвөлдөө толь шиг болно. Иргэд зам дээр үнсээ асгаж байж хальтиргаа багасна. Хот тохижилтынхон энэ талд огт анхаардаггүй. Доошоо уруудаад сургуультай. Гэтэл хурд сааруулагч байхгүй. Хальтиргаа гулгаа маш их. Машин, автобус явахад нарийхан замтай, гүйцэж түрүүлэхэд хэцүү. Осол аваар их гардаг юм, манай энд. Зундаа айлууд зусланд гараад Хүнсний IV дэлгүүрээс нааш битүү түгжирнэ. Сурсан болохоор тэрийг гацлаа гэж бодохгүй, бухимдахгүй явж л байдаг.
-Ганц Чингэлтэй ч биш, гэр хороолол дахь энэ олон асуудлыг шийдүүлэхсэн гэх бодол танд байгаа биз?
-Тэр мэдээж шүү дээ. Гэхдээ парламентын өөрийнх нь тогтолцоо аливаа асуудлыг олонхиороо шийддэг. Тийм болохоор Баянсэлэнгэ тэр дотор хэчнээн асуудал шийдүүлэхээр хашгирсан ч дэмжигдэхгүй бол хайран. Хэцүү нь тэр. Гаргасан саналууд дэмжигдэж тэр болгон амжилтад хүрдэг бол улс оронд байгаа өчнөөн асуудал өнөөдөр цэгцэрч, олон ажил хийгдчихсэн байх биз. Гэвч, Шинэчлэлийн Засгийн газарт олон ажил эхлүүлсэн. Орон нутгийг хөгжүүлэх санд багагүй мөнгө тавьсан. Иргэд орон нутгаа хөгжүүлэхэд юу бодож, санаж, сэдэж байгааг хийх боломжтой. Жишээ нь сургууль, цэцэрлэгийн засвар, цэвэр, бохирын шугам гээд ажлууд улсын төсвөөр хийгдэж байна. Гэтэл тэрхүү жижиг асуудалд мөнгө тарааж байхаар Орон нутгийг хөгжүүлэх сан руу нь оруулж, дээр нь иргэдийн оролцоог авдаг болчихол гарц бий. Олон асуудлыг шийдэж болно гэж боддог.
-УИХ-ын гишүүн болохоос өмнө Дэнжийн-1000-ын хүнсний зах дээр таньтай олон таарсан юм байна. Ээжтэйгээ хөтлөлцөөд хүнсний зүйлүүдээ цуглуулж яваа харагддаг. Хамгийн сүүлд хэзээ зах оров?
-Дэлгүүр хоршоо, хүнсний зах орох ажил хумигдсан шүү. Хагас, бүтэн сайнд амарч чадахгүй байгаа. Өчигдөр гэхэд л Хөвсгөл аймагт гурав хоног ажиллаад ирлээ. Одоо Говь-Алтай явах гэж байна. Ажил ихтэй болохоор тэр болгон дэлгүүр, зах явж чадахгүй байгаа. Харин нөхөр маань илүү хариуцлагатай болсон. Хоол хүнсээ цуглуулахаас эхлээд олон ажлыг амжуулаад нэг бодлын сайхан байгаа. Өмнө нь хоёулаа зэрэг гараад ажил амждаггүй байлаа.
-Танайх хол болохоор бид замдаа нэлээд будиллаа. Замд түргэн тусламжийн машин угаартсан хүмүүс рүү очихоор дуудлага аваад төөрчихсөн яваа таарсан. Хаягжилт байхгүй, хашаагүй айлууд ч олон юм?
-Ёстой замбараагүй шүү. Гэр хорооллын хамгийн хэцүү зүйл тэр. Одоо өвлийн цагт тэр болгон хашааныхаа хаалгыг тайлж өгөхгүй, дуудлагаар яваа хүмүүс нохой шувууд уруулчих гээд. Айлаа олохгүй, хаяг байхгүй. Хорооны ажил хийж байгаа хүмүүст ч бэрхшээлтэй байдаг. Би энэ хороонд Засаг дарга байсан юм шүү дээ. Хаягжуулалтын талаар нэлээд цэгцэлсэн ч тэр болгон болохгүй байна. Хөдөө орон нутгаас шинээр нүүж ирж байгаа айл өрх олон бий. Тэд түргэний тэрэг, галын машин явах зам дээр буучихдаг. Төвөгтэй асуудал олон. Сүүлийн үед би түргэний тэргийг нэгдсэн эмнэлэгт нь өгчих хэрэгтэй гэж бодох болсон. Учир нь тэд хаягаа, үйлчлүүлж байгаа хүмүүсээ мэддэг. Тиймээс тэр хөгшин тийм өвчтэй, тэр замаар очиход дөт гээд мэднэ. Гэр хороололд амьдрал хүнд. Дулаан байранд унтаж сэрээд зам ямар байна, цас орж уу гэж цонхоороо харчихаад гарах биш. Галаа түлнэ, усандаа гүйнэ. Ар гэртээ үлдсэн настай хүмүүс, хүүхдүүдэд санаа зовно. Зөвхөн надад л ийм олон бэрхшээл байхад бусад хүмүүст ч хэцүү байгаа шүү дээ. Юмны үнэ нэмэгдэж байна, боломжтой нэг нь бөөний үнээр хоол хүнсээ авчихдаг бол олонхи нь жижиглэнг аваад хоногийн хоолоо болгож амьдарч байна.
-Амьжиргааны төвшин доогуур айл өрх олон байх шиг байна аа. Наашаа ирэх замд урцтай айл ч таарлаа. Зарим нь гэрийн тал барьчихсан байх шиг?
-Нүүрс үнэтэй байхад бүр хэцүү байсан. Харин сүүлийн үед нүүрсний үнэ хямдарч, шуудай нь томорсон. Түүнээс биш айлууд 100 төгрөгний шар тор нүүрсийг аваад нэг удаа хийнэ. Тэр нь үнэтэй. Гэхдээ цаашид амьдрал сайхан болно гэж би итгэдэг. Тэр дотроо гэр хорооллын иргэдийнхээ амьдралд анхаарах хэрэгтэй байна. Зам барилга, уул уурхай гээд том бүтээн байгуулалтын асуудал яриад байна. Гэтэл иргэд рүү хандсан төрийн бодлого дутаж байна. Хүн нь байхгүй зам барилга, уул уурхайгаар яах юм бэ. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой бол тэр том бүтээн байгуулалтыг хийж чадна. Амьдрал нь баталгаатай, цалин хөлс нь хүрэлцээтэй, үр хүүхдийнх нь сургууль, цэцэрлэг хүрэлцээтэй, ар тал руугаа сэтгэл зовох юмгүй, идэж ууж байгаа хоол унд нь ч сэтгэл ханамжтай бол ажлын эрч хүч байна. Гэтэл аж амьдрал, ар талын зүйлүүд орхигдоод байхад хүн яаж ажил хийж чадах юм бэ. Гэр хороололд амьдрал хэцүү. Байнга амттай зүйл идэж, уухгүй. Байгаа үед нь өгнө, байхгүй үед нь лавшаагаа аягална. Өнөөдөр манайх л гэхэд та нарыг ирнэ гээд жижигхэн ширээ заслаа. Ойрдоо аав, ээж хоёртоо амттай зүйл идүүлээгүй. Ажил гээд явчихаж байгаа юм чинь. Үнэн байдал ийм байхад юуг нь нуух вэ. Баянсэлэнгэ өдөр болгон хутга, сэрээ бариад суудаг уу гэвэл худал. Яараад хоолтой, хоолгүй гараад гүйнэ. Манай аав бидэнд лавшаа сайн идүүлнэ. Ходоодонд сайн гээд. Хийсэн хоолыг нь идэхгүй бол бухимддаг. Бид ингэж хүн болсон.
-Танай аав, ээж ямар ажил, алба эрхэлж ирсэн бэ?
-Ээж холбооны 013 дугаар ангид ажиллаж байсан, холбоочин. Харин аав насаараа жолоо барьсан. Манай аав гуравдугаар ангийн боловсролтой, өөрөө бие дааж бичиг үсэг сурсан. Тэгсэн хэрнээ цээж бичиг хийлгэх юм бол манай аав ганц ч алдахгүй, ёстой мундаг. Би аавтайгаа их адилхан байгаа биз/ аавтайгаа толгойгоо нийлүүлэв. Харин ээжээс мэнгийг нь авсан шиг байгаа юм /ээж нь охинтойгоо яг адилхан мэнгэтэй юм/. Би аав, ээж хоёрынхоо ачийг хариулж яваа гэж боддог. МАХН-тай хувь заяагаа холбож, бас бус бэрхшээлийг туулж ирлээ. Ид жагсч тэмцэж явахдаа аав, ээж хоёртоо “Ажил хийлгэхгүй битгий өвдчихөөрэй. Энэ бол миний ажил шүү. Охин нь дажгүй, санаа битий зовоорой” гэдэг байлаа /инээв/. Манай аав, ээж хоёр намайг дагаад хатуужилтай болсон шиг байгаа юм. Ямар сайндаа намайг 14 хоног баривчлагдаад гэртээ ирэхэд аав, ээж хоёр нэг их санаа зовоогүй сууж байна. Ээж бол намайг эргэж байсан, аав үнсчихээд “Гайгүй юу” гэсэн. Аавын зүрх нь өвддөг болохоор санаа их зовсон. Гэтэл эрэгтэй хүн болохоор тэр үү, тэр болгоныг гадагшаа ярих биш. Дотроо юу бодож суусан юм зайлуул гэж одоо би боддог юм. Саяхнаас ээжийн гар салгалаад, энэ хоёроороо хэт ар талаа даалгаж ирснийх юм уу даа. Санаа зовоод “Задгай цагаан” гэдэг сувилалд явуулж саяхан ирээд байна.
Энэ үеэр ээж нь ярианд оролцож “Охин минь биднийг та хоёр өвдөхгүй бол надад том хөрөнгө оруулж байгаа нь тэр шүү” гэдэг байсан. Бид хоёр ч аль болох өвдөхгүйг бодно. Сая охин бид хоёрыг сувилалд 10 хоног явуулж сайхан болоод ирлээ. Миний охин айлын бага, эрх мөртлөө ажилсаг. Хүнээр юмаа заалгаад байхгүй. Их шударга, шулуун зантай. Тийм болохоор охиноо төрийн албыг нуруутай хашиж явна гэдэгт итгэдэг” гэв. Харин аав нь “Гэтэл өчигдрөөс бас болохгүй байна. Хөгшин гар нь жаахан өвдөөд” гэснээ одоо өвчин яриад яахав гээд дуугүй болчихов.
-УИХ-ын гишүүн болоход чинь аав, ээж чинь яаж угтав?
-Тэр үед тойрогт нэр дэвшсэн хүмүүстээ анхаараад жагсаалтад ач холбогдол өгөөгүй. Хүмүүс “Сэлэнгээ чи орчихож” гээд баяр хүргээд байсан. Тэгсэн ч нэг их догдолж өгдөггүй. Орой гэртээ иртэл аав, ээж хоёр минь уйлчихсан мөнгөн аягатай сүү бариад угтахад нь “Аав, ээж хоёрыгоо баярлуулж чадлаа даа. Би баярлах ёстой юм байна шүү” гэж барьж байсан сэтгэлээ тавьсан.
-Бид танай гэрийг олохгүй танай дүүргийн МАХН-ын мянгатын гишүүдээр замчлууллаа. Гэтэл эд танайд ирж, очсоор бүр муу зан сурчихсан юм шив?
-Манайхан ирж, очсоор байгаад ижил дасал болчихсон. Нөхөр бид хоёр заримдаа эдний хөлд дарагдаад ядардаг. Ер нь бол манайхан жаахан түрэмгий зантай шүү /инээв/. Шөнө оройн цагаар хэзээ бол хэзээ ороод л ирнэ.
-Нөхөр тань ямар ажил хийдэг вэ. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү 18-тай, төмөр замын дээд сургуульд сурдаг. Охин 10 настай. Нөхөр маань Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нийгмийн ажилтан. Цагдаагийн академид сурч байхдаа нөхөртэйгээ танилцаж гэр бүл болсон.
-Танайх эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Би бага нь. Нэг ах маань өөд болсон. Яг намайг цагдаагийн академи төгсч, тангаргаа өргөж байхад ах маань Гэмтлийн эмнэлэгт золгүй тохиолдлоор нас барж байлаа. Одоо хоёр ахтай. Нэг нь Бельгид гэр бүлээрээ амьдардаг. Эгч маань манайхтай ойрхон, замын цаана. Хувиараа үсчин хийдэг. Хүн олуулаа байх хэрэгтэй юм байна. Одоо аав, ээж хоёрт баригдаж байгаа нь би. Хадмындаа цагаан сарын шинийн нэгэнд очиж чаддаггүй. Аав, ээж хоёрынхоо тогоо, шанагыг барина. Энэ жил харин ээж минь “Яана даа. Их хурлын гишүүнээр тогоо, шанага бариулаад сууж байх юм уу” гээд байгаа. Намайг шинийн хоёронд ганц гараад ирэхэд ээж бэлэгнүүдээ самарчихсан сууна шүү дээ /инээв/. Манайд хүн их ирдэг юм, аав, ээж хоёрт золгох гээд. Манайхан ямар сайндаа “Танайд багийн хурал болж байгаа шиг гэдэг юм. Тэр олон хүний тогоог би л барина шүү дээ. Энэ жил миний халааг хүү маань авах байх даа. Бас би гэрийнхээ эмч нь. Аавыгаа эмчилгээг би өөрөө хийдэг юм.
-Та бас Японд айлчлахдаа парламентын гишүүн ухаан алдаж унахад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. УИХ-ын гишүүд хямсгар байдаг шүү дээ. Зарим нь юманд юу ч болоо билээ гээд болгоомжтой ханддаг. Гэтэл та шуудхан орж явчихсан. Та ер нь эмнэлгийн анхны мэдэгдэхүүнийг хаана эзэмшив?
-Хүмүүс ойртдоггүй юм билээ. Их хурлын гишүүд гээд тэгдэг юм уу. Эсвэл буруу юм хийчих бол уу гэж айсан уу, мэдэхгүй. Би буруу, зөвийг бодож, эргэцүүлэлгүй тусалъя л гэж бодсон. Тэр хүн сандал дээрээ гэдийгээд татчихсан байсан. Биеийнх нь жинг 180. Тийм хүнийг сандлаас буулгах хэцүү. Тэгэхэд Шинэ Зеландын гишүүн ирж туслаад газар буулгасан. Судсыг нь барихад цохихгүй. Хөл нь хөрчихсөн байхаар нь тусламж дуудсан. Тусламж иртэл зүрхэнд нь массаж хийж, хиймэл амьсгал хийсэн. 15 минутын дараа түргэнийхэн болон онцгой байдлынхан ирж тусалсан. Би 1991 онд Дарханд Анагаахын анхны дунд сургуулийг төгсч бага эмч болсон. Хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж чадна. Би Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан хорих төвд сувилагч хийж байгаад тэндээсээ Цагдаагийн академид шалгалт өгч, анхны эмэгтэй сонсогчоор төгсч байсан юм шүү дээ.
-Тэгвэл, та нарын жагсаалыг цагдаа нар хүчээр тарааж байхад юу бодсон бэ?
-Цагдаа нар буруугүй, харин дээр нь байгаа дарга нарт учир бий. Уг нь цагдаа дарга нарын өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэх албагүй. Гэтэл манайд тогтолцоо нь тийм биш. Хэлмэгдүүлэлт шат шатанд байна. Жирийн иргэдийг хүлээж аваад үгийг нь сонсоход яав л гэж. “Ам нээснээс уушиг нээ гэгчээр хэлмэгдүүлэлтийн тухай нэг зүйлийг хэлэхэд, хэлмэгдүүлэлт одоо хүртэл үргэлжилж байна. Сая Хөвсгөл аймагт очиход МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй, хүмүүс аргаа барахдаа өлсгөлөн зарлаж байна, өвлийн хүйтэнд. Гэтэл тэдний биеийг асуух сэтгэлтэй удирдлага алга. Засаг дарга нь ч, орлогч нь ч байхгүй. Би зүгээр очоогүй, УИХ-ын даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж төрийн ажил хийж яваа. Гэтэл тэд намайг ажиллах боломж нөхцлөөр хангаагүй. Орон нутгийнхан ихээхэн улстөржиж байгаагийн жишээ энэ.
-Орон нутгийн сонгуульд танай намаас дэвшиж байгаа. Чингэлтэйн тойргийн хувьд УИХ-д төлөөлөлтэйгээрээ онцлог. Сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?
-Би МАХН-ын анхны үүрийн хурлыг 100 гаруй гишүүнтэй хийж байлаа, Чингэлтэйд. Хүнд байсан тэр үед. Наад зах нь хавчиж, хяхаад. Надад мөнгө идэж ажлаасаа хөөгдсөн гэх нэр зүүж байлаа. 37 дугаар сургууль дээр Н.Энхбаяр даргыг урьж 60 хүнтэй хурал хийсний дараа сургууль заалаа өгөхөө байж Христийн сүмд хүртэл хуралдаж байсан. Бид намынхаа нэрийг өөрчлөхгүй гээд тэмцэж байхад сольчихсон. Чингэлтэй дүүргээрээ би бахархдаг. Үзэл бодол нэгтэй. Одоо 3000 гаруй гишүүнтэй. Энэ дүүрэгт ийм олон гишүүнчлэл байгаагийн учир, өнөөг хүртэл бат бэх байгаагийн учир бид зорилготой. Бид ард түмнийхээ төлөө дуугарахгүй бол хэн дуугарах юм бэ гэж манайхан гарч ирсэн. Өнөөдөр намынхаа нэрийг авч, УИХ-д төлөөлөлтэй, Засгийн газарт хамтран ажиллаж байна. Удаа дараагийн хэлмэгдүүлэлт намыг, биднийг улам хурцалсан. Чингэлтэйхэн МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжсээр ирсэн, одоо ч дэмжинэ. Өнөөдөр Чингэлтэй УИХ-д хоёр гишүүнтэй. Г.Уянга маань байна, би намын жагсаалтаар орсон ч өнөөг хүртэл дүүргийнхээ МАХН-ын Мянгатын дарга хэвээр байгаа. Бид хоёр ард түмнийхээ дундаас гарсан, шударга ёсны дуу хоолой гэдгээрээ хамтарч ажиллана. Орон нутагт дэвшсэн хүмүүс маань яг над шиг ард түмний төлөөлөл. Танай гудамжны, хамар хашааны чинь Навчаа эгч, Буянаа эгч, Энхтуяа эгч. Нөгөө л усаа авах гээд хамт дугаарладаг, нүүрсээ авах гээд хамт явдаг хүмүүс чинь шүү дээ. Та бүхэн дэмжээрэй гэж хэлмээр байна. Манай нам мөнгө төгрөгтэй компанийн захирлуудыг дэвшүүлээгүй, бидний брэнд үнэний төлөө яваа. Бид хэний ч өөдөөс харж үнийг шууд хэлж чадна, ард түмний төлөө явж чадна. Тийм болохоор Чингэлтэйчүүд хэн нь хэн бэ гэдгийг харж сонголтоо хийгээрэй. Иргэдээ сонгоорой гэмээр байна. Шударга үнэний төлөө бид дуугарсан. Ард түмний төлөөлөл байсан, Чингэлтэйн хорооны дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан, цагдаагийн албанд зүтгэж явсан Баянсэлэнгэ өнөөдөр УИХ-ын 76 гишүүний нэг болсон. Жирийн иргэн тэнд орж чаддаг юм байна. Тэгэхээр иргэн хүн ИТХ-даа орж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Шударга ёсыг идеал болгосон МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд эрсдэлтэй байдалд, хэлмэгдүүлэлтийн золиос болсон хэвээр, хоригдсоор байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-“Шударга ёс” эвсэл ард түмнийхээ төлөө дуугарч чадсан. Таван хувьсгалыг эхлүүлж чадсан. Монгол хүн цэвэр агаараар амьсгалж, сайхан амьдрах ёстой гэж бид ярьсан. Оюутолгой, Тавантолгойн ордыг ард түмэнд өгье гэж дуугарсан. Гэтэл энэ бүхнийг ярьж, хэлснийх нь төлөө манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, шоронд хорьж байна. Ард түмэн энэ бүхнийг үнэнээр нь харж байгаа. Хохирогчгүй, нэхэмжлэгчгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хилс хэрэг тулгаж байгааг бүгд мэдэж байгаа. Гүйцэтгэх ажлын шугамаар гээд хүнийг хэлмэгдүүлдэг цаг үе ирж. Хэн ч хэлмэгдэж болзошгүй байна. Хэлмэгдүүлэлтийн энэ бараан сүүдрийг бид арилгах ёстой. Үнэн гэж байдаг бол шинэчлэл жинхэнээрээ хэрэгжвэл хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх ёстой. Шүүх улстөржвөл, прокурор нь түүнийг засаач. Энэ хоёр байгууллага улстөржвөл цагдаа нь болоод бусад нь нийлээд засч залруулаач. Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг нэг хүн хэлмэгдсэн юм биш тэр хүний гэр бүл, аав, ээж, ах дүү садан, анд нөхөд, түүнийг гэсэн сэтгэлтэй Монголын мянга мянган хүн хэлмэгдэж байна. Бид 1937 оны хэлмэгдүүлэлт гэж ярьдаг ч тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр ямар хор уршигтайг, хэдэн он дамнасан гамшгийг арилгах гэж хойч үе хэчнээн зовж байгаа нь өнөөдөр ч харагдаж л байгаа. Тиймээс Н.Энхбаяр даргын асуудлыг Дээд шүүх улстөржихгүй шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. Би намын даргыгаа эрүүл саруул, хань ижил, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдраасай гэж хүсч байна.
Сэтгэгдэл ( 0 )