“Тэр эцэс төгсгөлгүй нойрноосоо болоод их ядарсан” хэмээн 17 настай охин Николийн тухай Вики Делин ярьжээ. АНУ-ын Пенсильвани мужийн Файет хотхонд амьдардаг энэ охин Кляйне-Левиний синдром буюу “нойрсож буй гүнжийн синдром” хэмээн нэрлэгддэг өвчнөөр шаналж байна хэмээн The Huffington Post-д мэдээлсэн байна.
Дэлхийд ердөө 1000 орчим тохиолдол бүртгэгдсэн энэхүү өвчний хүнд хэлбэр туссан охин хоногт 18-19 цаг унтдаг аж.
“Энэ өвчний үед унтаж байгаад сэрсэн хүн баримжаа алдан, ухаан санаа нь уймардаг” хэмээн Кляйне-Левиний синдромтой тэмцэх байгууллагын зүгээс тайлбарласан байна. Өвчтнүүдийн өгүүлж буйгаар, унтаад сэрсний дараа тэд гэрэл ба дуу авианд хэт мэдрэмтгий болон эргэн тойрноо бүдэг бадаг хардаг гэжээ.
Николийн ойр дотныхны ярьж буйгаар, тэрээр унтаагүй сэрүүн байхдаа ч охин зарим наад захын зүйлсийг яаж хийхээ мартан уймардаг ажээ. Охиных нь нойр заримдаа 32-64 хоног хүртэл үргэлжилж байсан хэмээн хатагтай Делин ярьж байна. Энэ үедээ охин хааяахан хальт сэрэн, нойрмог байдлаар идэж уун, бие засах өрөө рүү явдаг аж.
Энэхүү өвчнийг оношлоход ихээхэн төвөгтэй ба Никольд гэхэд 25 сар зарцуулжээ. Түүнийг эмчлэх арга одоохондоо байхгүй бөгөөд зөвхөн эпилепсийн эсрэг эм хэрэглэн унтах хугацааг ялимгүй багасгадаг аж.
Охин нь амьдралынхаа ихэнх хугацааг унтаж өнгөрөөж байгаад Николийн ээж ихээхэн сэтгэл зовниж байна. Нэг удаа гэхэд л охин Зул сарын баярын үеэр удаан хугацаанд нам унтан, бэлгээ нэгдүгээр сарын сүүлээр задалж үзэж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )