Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь Монголын улс төрд анхны бас шинэ жишиг болж байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ыг монголчууд төрийн гурван өндөрлөг гэж хэлдэг ч, гурван өөр эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Хоорондоо холилдон нялуурч болохгүй, зааг ялгаатай байх ёстой. Энэ ч үүднээс Ерөнхийлөгч айлаар бол эцгийн сүрийг үзүүлж, төрийн хоймроос төсвийн усыг шах гэж “зандрав”. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөхдөө “2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа” гэж мэдэгдсэн.
Мөн Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэсэн юм.
Зарим хүний сошиалд илэрхийлсэн шиг Ерөнхийлөгчийн хориг бол нийтэд таалагдах гэсэн поп шийдвэр биш. Үнэндээ бол нэг сайдын халаасанд ваучер, үзвэрт зориулсан зардал гэх мэт сул зардлууд байгааг нийтээрээ л шуугисан. “Нэг эврийн үхэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр тэр нь төсвийг, цаашлаад төсөв өргөн барьсан Засгийн газрыг ч харлуулахад хүрсэн. Нөгөөтэйгүүр, ирэх оны төсөв бол Засгийн газар нь хамтарсан гэдэг утгаараа бүтцээ тэлсэн, УИХ ч 126 гишүүнтэй болж зардал нэмэгдсэн. Дээр нь Засгийн газрын зорилт бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, 14 мега төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн. Тэр хэрээр том төсөв болсон. Энгийн үгээр хэлэхэд, өгч байж авна гэдэг зармын дагуу хөрөнгө оруулалт татахын тулд зардал гаргахаар туссан. УИХ-ын цөөнгүй гишүүн төсөв батлах үед зардал бууруулах үүднээс шүүмжлэл өрнүүлсэн. Тодотголд найдаад тэгсхийгээд баталчихсан нь үнэн.
Тийм ч учраас Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн намын бүлгүүд, байнгын хорооны хурлууд дээр УИХ-ын гишүүд, сайд, байнгын хорооны дарга нар толгой дараалан баяр хүргэж, баярлалаа гэдэг үгийг бараг хоороор шахам хэлсэн биз ээ. Ийнхүү Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ, намын бүлгүүд бүхий л шатандаа хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас гишүүдийн төлөөллийг багтаасан Ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн. Тус Ажлын хэсгийг өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулах саналыг гишүүд дэмжсэн.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай. Ерөнхийлөгч хоригоороо төсвийг үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн.
Төрийн тэргүүн төсөвт тавьсан хоригоороо “геополитикийн байдлыг хар, дэлхийн эдийн засаг хаашаа явж байгаад дүгнэлт хий” гэсэн даалгаврыг Засгийн газарт өгөв. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн хориг бол битүү утгаараа хамтарсан засгийг хол явья гэж байгаа бол мориныхоо жолоог татаж яв. Гол гатлахын тулд мориынхоо олмыг чангал. Амжилтад хүрэхийн тулд алдаагаа бага дээр нь зас гэсэн дохио, сануулга боллоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хамтарсан засагт сундалж яваа мориноосоо унахгүй байх том боломж олгов.
Сэтгэгдэл ( 2 )
АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….
Ter yariaad bgaa byaslagee zogsoo. Huvshgulchuud ee . Odoo ter Davaa hen bilee. ternii ugend bitgii or. Mongol uneesee suu saagaad byaslag hiitel hol bna. Mergejliin humuusiig sons. Mongol helnii bagshid hutga bariulaad mes zasal or gevel ur dun ni you boloh uu////////