ХЭН ЮУ ХЭЛЭВ | О.Цогтгэрэл: Намуудад авлига маш их байна

Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нарын хэлсэн үгээс онцолж байна.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан. Үндсэн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсад болж бүтэхгүй байгаа олон асуудлын үндсэн том шалтгааныг улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Намуудын ил, далд санхүүжилт, дотоодод нь ардчилал алга. Намуудад авлига маш их байна. Энэ бүгдийг залруулах үндсэн аргыг Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж үзсэн. Гэтэл жилийн дараа уг хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулна гэдэг дээр бүлгийн олонх гишүүн дэмжээгүй. Бүлгийн гишүүд бид хуулийн дор амьдрах ёстой болохоос хуулийг өөрсдөдөө зориулж тааруулж амьдрах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжихгүй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

 2024 оны УИХ-ын сонгуулын үр дүнд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд тавьж, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг бие даалган байгуулсанд салбарын хамт олон маш их баяртай байна. Бид юуны өмнө ой болон агнуурын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Ойн тухай, Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Тусгай ан агнуурын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн ойжуулах, нөхөн сэргээх, мод үржүүлгийг үлэмж нэмэгдүүлэхийн тулд агро ойн аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг хамгаалах ойн зурвас байгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийх, үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, урамшуулах тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн О.АЛТАНГЭРЭЛ:

Өнгөрсөн гурван сарын хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашаас эхлэн бүх яам, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна. Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пи-ар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашид илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top