Халз мэтгэлцээний дараах хачирхалтай ойлголтууд

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Удаан хугацааны турш ужигран хэл ам дагуулж, УИХ-ын эрхэм гишүүдийг талцуулаад амжсан Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар саяхан хоорондоо мэтгэлцсэн нь сүүлийн үеийн халуухан сэдэв болоод байгаа билээ.

Энэхүү гэрээний талаар ард олон ч төдийлөн сайн ойлголтгүй байсан учраас уг халз мэтгэлцээн цаг үеэ олсон чухал үйл явдал боллоо. Ийм ч учраас асар олон хүн ач холбогдол өгч энэхүү мэтгэлцээнийг үзэж сонирхсон. Харин хүмүүс хүсэн хүлээсэн асуултдаа үнэхээр хангалттай хариулт авч чадсан эсэх нь бүрхэг хэвээр байна. Ямартай ч тодорхой ойлголт өгсөн, дэвшилтэт зүйл болсон нь эргэлзээгүй.

Халз мэтгэлцээний өрнөсөн явц, үр дүн, ач холбогдлын талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байгаа нь уг сэдэвтэй холбоотойгоор тэдний илэрхийлж буй хариу үг, үйлдлээс тодхон харагдаж байна. Зарим нь мэтгэлцээний стратеги талаас дүн шинжилгээ хийн С.Баярцогт үнэхээр мундаг байлаа хэмээн дүгнэж байгаа бол зарим нь эсрэгээр С.Ганбаатар үнэхээр хүлээцтэй, тэвчээртэй мундаг байсан хэмээн үзэж байна.

Гэвч энэ мэтгэлцээнд хэн нь хэнээсээ илүү мундаг байх нь чухал бус, зөвхөн Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай юу, аль эсвэл ашиг муутай юу гэдгийг мэдэх хүсэл хүн бүхэнд байсан нь мэдээж. Энэ ч үүднээс хэн гоё ярьж, гоё слайд үзүүлэхдээ бус, хэн монголын төлөө гэсэн чин сэтгэлээ илэрхийлж байгаа нь гол байлаа.

С.Ганбаатарын ард түүн шиг эргэлзсэн, төөрөлдсөн, ард түмний 80% байгаа бол, С.Баярцогт гэрээг үзэглэсэн “шаварт унасан шарын эзний” хувьд Засгийн газрыг, мөн түүний “50 өгөгдөхүүн, 20000 хувьсагчийг” ойлгож чадах 20%-ийг төлөөлж байсан гэхэд хилсдэхгүй. Үнэндээ эрхэм гишүүн С.Ганбаатар эрсдлийн тухай, компанийн засаглалын тухай “мэдэхгүй” байхад энгийн ард иргэд ямар байх нь ойлгомжтой. Иймээс ч С.Баярцогт дарга мэтгэлцээний явцад “та мэдэхгүй байна, мэдлэггүй байна” хэмээн С.Ганбаатар гишүүн рүү нэлээн хэдэн удаа “даналзсан” нь ойлгохгүй байгаа олонхийн дургүйцлийг төрүүлэн, яг л өөрсдийг нь тэгж “доромжлоод” байсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн бололтой.

Ингээд нэгэн иргэний бичсэнийг толилуулъя: Энэ мэтгэлцээнээс их юм хүлээж байлаа. Гэтэл санаанд хүрсэнгүй. ОТ-н гэрээний талаар тодорхой ойлголттой болъё гэтэл үнэхээр Ганбаатарын яриад байгаа шиг Монголын эрх ашгийг хөсөрдүүлсэн гэрээ юү, эсвэл Баярцогтын хэлснээр хамгийн сайн гэрээ юү гэдэгт итгэл үнэмшил төрүүлэхээр хариулт авч чадсангүй. Ганбаатар иргэний хувьд, Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлэх ОТ-н төслийн талаар асуух, тодруулах, хардах бүрэн эрхтэй. Түүнийхээ дагуу мэтгэлцээнд Баярцогтыг урьсан гэж ойлгож байгаа. Баярцогт энэ гэрээг байгуулахад гардан оролцож гэрээнд гарын үсэг зурсан хүний хувьд, Ганбаатараар төлөөлүүлсэн нийт иргэдэд ОТ-н гэрээний талаар үнэн зөвөөр ойлгуулах ёстой байлаа. Гэтэл өөрийгөө хосгүй ухаантан гэж рекламдсаар, гэрээний талаар ямар ч ойлголт өгсөнгүйгээр мэтгэлцээнийг дуусгав. Энэ мэтгэлцээнд санхүүгийн моделийн талаар ярих ямар ч шаардлагагүй байлаа. Санхүүгийн модель гэдэг чинь тухайн компанийн үйл ажиллагааг санхүүгийн хувьд үр ашигтай явуулах математик загварчлал шүү дээ. Энэ моделийг тусгай мэргэжлийн хүн хийдэг. Үүний үр дүнг л шийдвэр гаргахад ашигладаг болохоос хүн бүр мэдэх шаардлагагүй. Ганбаатар санхүүгийн моделийг мэдэхгүй байснаар тэнэг болохгүй. Тэр ч байтугай Баярцогт таныг ч санхүүгийн моделийн талаар төгс мэддэг гэж итгэхгүй байна. Уучлаарай, Баярцогт таныг дутуу үнэлсэн бол...” гэсэн байна.

Эндээс харахад, С.Баярцогт гишүүн хэдийгээр өөртөө итгэлтэй, гоё үзүүлэнтэй, сайн илтгэж байсан боловч тэр бүр хүмүүст хүрч ойлгуулж чадаагүй бололтой. Мөн С.Ганбаатар гишүүн рүү хийсэн сэтгэл зүйн дайралт маягийн үйлдлүүд нь тэрхүү сайн илтгэлийнх нь үнэлэмжийг бууруулсан байх талтай. Зарим нь бүр С.Ганбаатарын асуултанд тодорхой хариулж чадахгүй болохоороо бултах заль хэрэглэн “мэдэхгүй байна, мэдлэггүй байна” гэж дайраад байсан гэж хүртэл ойлгосон байх жишээний. Бас нэгэн хүн ингэж бичжээ: “Баярцогтынхоор бол 20000 цэцэгтэй, шинэ технологиор хийсэн бялууг бид 34/66 хувааж идэх гэж байна, Ганбаатарынхаар бол орц найрлага нь тодорхой бус, түүхий, хугацаа нь тодорхойгүй бялуу байна. Бидэнд бялууны гадна тал сонин биш, харин дотор тал нь амт чанартай байх шаардлагатай, эцсийн эцэст хэлбэр биш агуулга нь чухал...” гэжээ.

Энд С.Ганбаатар болон бусад 80%-ийг эргэлзүүлээд байгаа зардлын хяналтын талаарх асуудал хөндөгдөж байна. Үнэхээр хар ухаанаар бодоод үзэхэд, нэг тэвш шорооны хэдэн хувь нь алт, мөнгө, зэс байгааг хэн хянах юм бэ? Нөгөө тал зардлаа өсгөх замаар ашиггүй ажиллаад байна гээд байвал бид хариуд нь яах вэ? Энэ маягаар олон эргэлзээтэй асуултууд ар араасаа урган гараад байх шинжтэй. ТУЗ-ийн 9 гишүүн дотор багтдаг 3 MGL эрхмийг хяналт тавина гэж найдвал үлгэр болох биз. С.Ганбаатар гишүүний өгүүлж буйгаар бол, тэр гурван эрхэм гучин мянган долларын цалингаар амаа таглуулчихаад, ямар ч шийдвэр гаргахад оролцох эрх мэдэлгүй, “амьгүй албат” царайлаад сууж байдаг гэж ойлгогдлоо.

Мөн олон хүмүүс газар доорх баялгаа үнэлэхгүй, үнэгүйдүүлж байна хэмээн шүүмжилж, С.Баярцогт гишүүний слайдаар үзүүлээд байсан биен дээрээ олон $$$ зурагтай бөөр алаг хөөрхөн үнээг бүр “золбин” гээд нэрлэчихсэн байна лээ. Хэрэв үнээнийх нь үнэ тодорхой байсансан бол үнэхээр ойлгомжтой сайхан үзүүлэн байсан. Өвс тэжээл, хашаа хороо, хамаг юмыг нь хүнээр бэлдүүлж, хүнээр саалгачихаад, өөрсдөө болохоор юу ч хийхгүй, үд хүртэл унтаад л, өрмөө хувааж идээд л...үнэн “гайхамшигтай” санагдсан шүү, Оюутолгойн гэрээ. Гэвч юм мэддэг хүмүүсийн үзэж буйгаар гэрээ нь гайхамшигтай бус, харин Оюутолгой өөрөө агууламжаараа, нөөцөөрөө үнэхээр гайхамшигтай орд гэлцэнэ. Ийм нэг дор алт, мөнгө, зэс хуримтлагдсан, асар их нөөцтэй орд дэлхийд гуравхан байдгийн нэг нь Оюутолгой! Ийм л үнэт эрдэнээ огт үнэлэхгүй, үнэгүйдүүлээд байгаа нь адгийн тэнэгийн ч гайхшийг барж байгаа нь илт. С.Баярцогт гишүүний яриаг анзаарч байхад, нөгөө талаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг л дахин дахин дурдаад, бахархаад байснаас бус өөрсдийнхөө энэхүү эрдэнийн үнийн талаар огт ярихгүй байгаа нь яг л эзэнгүй “золбин” баялаг шиг! Ямар ч эрсдэлгүй гэрээ гэж гайхуулаад байгаа нь ч энэ ордын ач гавьяа. Алт хэзээ ч эрсдэлд орно гэж байдаггүй учраас Оюутолгой өөрөө огт эрсдэлгүй орд!

Мөн С.Баярцогт гишүүн гэрээгээ “гайхамшигтай” хэмээн дахин дахин тунхаглаж, хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь зарим хүмүүсийн “энэ нөхөр гэрээнд гарын үсэг зурсныхаа шанд нөгөө талаас асар их хэмжээний ногоон авчихаад, одоо улаан цээжээрээ хамгаалаад, үхэн хатан чичрээд дайраад байна” гэсэн хардалтыг улам дэврээсэн бололтой. Ганц С.Баярцогт ч бус, тухайн үед Засгийн эрх барьж байсан МАН-ын зарим лидерүүдийг хүмүүс энэ маягаар хардаад байдаг нь ажиглагддаг. Энэхүү хардалт нь эрх баригчдынх нь амыг мөнгөөр таглан барьцаалж, хүссэнээрээ тонгочих нөхцлөө бүрдүүлдэг гадаадын, тив дамнасан “эдийн засгийн алуурчдын” африкийн гашуун туршлагаас үүдэлтэй байж болохоор. Ямартай ч манайд тийм зүйл бүү тохиолдоосой хэмээн залбирнам!           

 Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top