-Брюс Лигийн төрсөн өдөр-
Брюс 1940 оны 11-р сарын 27-ны өдөр Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр хайрлажээ. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой.
Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч байсан гайхалтай хүн.
Түүнийг Таймс сэтгүүл 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан юм.
Тэрээр нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тэврүүлэн гардаг хэсэгт “тогложээ”.
Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конг руу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охин нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилжээ. Сургууль дээрээ зодуулсныхаа дараа кунг фугээр хичээллэж эхэлсэн юм. Удалгүй маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолдох болсон тул гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан.
Ингээд тэр Сиэтлд очин философи үзэж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо огцом өсч Чак Норрис, Стив МакКүйн, Карим Абдул Жаббар зэрэг одод ч шавь нь болсон юм. Ли сургуулиа хаялаа. Гэргий Линдатайгаа танилцан жилийн дараа гэрлэжээ.
Калифорнид нүүн ирж тулааны урлагийн сургууль нээв. Үүнд нь дургүйцсэн нутгийн тулааны мастерууд түүнийг халз тулаанд дууджээ. "Нутгийн индиан"-уудыг ялснаар Калифорнид алдаршаад байсан ч улсын аваргад орсноор тэр жинхэнэ од боллоо. Финалд Дэн Инсантог зүгээр л уншив. Инсанто ч тэмцээний дараа түүний шавь болсон юм.
Лигийн энэ алдартай болж байгаан Холливудынхны анхаарлыг татаж эхлэв. Бэтмэний цуврал анги болох "Грийн Хорнет"-эд Хорнетын жолооч Катогийн дүрд тоглох санал ирэв. Кино ч амжилттай болж ирэв. Үзэгчид Хорнетээс илүү Катог сонирхдог болсон байлаа.
Түүний нэр алдар маш хурдтай өсч байсан яг тэр үед тэрээр нуруундаа маш хүнд бэртэл авав. Эмчлүүлж байх хугацаандаа өөрийн тулааны урлаг болох Жэт Кун Догоо боловсруулжээ. Жэт Кун До нь бусад маш олон тулааны урлагийн нийлмэл, холимог цогц зүйл байлаа. Мөн тулааны урлаг болон философийн талаар ном бичсэн.
1970 онд тэрээр Хонг Конг руу буцлаа. Очсон даруйд нь л адал явдалтай киноны продюсерууд танилцав.
Ли өөрөө зохиолыг нь бичиж, тулааны хэсгийг нь найруулан анх удаа гол дүрд нь тоглосон “Хилэнт нударга” киногоо 100,000 долларын зардалтай хийлээ. Кино маш хурдан өрнөлттэй мөн тэр чигээрээ цус байлаа. Гэвч олны сонирхлыг татаж чадсан юм. Тэрээр дэлгэцэн дээрх тулаан ямар байвал үзэгчдийн анхаарлыг татахыг судалж эхлэв. Түүнийг ирэхэд тулаантай киноны зодоон нь удаан хөдөлгөөнтэй мөн бүтэшгүй хийсвэр зүйлүүдээр дүүрэн, нисч дүүлсэн хүмүүстэй байлаа.
Ли бүх киноныхоо тулааны хэсгүүдийг өөрөө найруулан, өмнөх кинонуудын супермэнүүдээс татгалзан, амьдралд ойрхон, гэвч маш хурдан хөдөлгөөнтэйгээр хийж эхлэв.
1972 онд “Луу иргэж ирсэн нь” кинонд өмнөх киноныхоо зохиолтой адил мафийнхнаас гэр бүлийнхнээ хамгаалсан дүр бүтээв. Гэвч энэ удаа киноны зураг авалтыг Ромд хийжээ. Амьдрал дээрх шавь Чак Норристой Коллезиумд амь насныхаа төлөө тулалдаж байгаа хэсэг нь киноны оргил хэсэг нь юм. Үүний дараа Чак Норрис адал явдалт киноны од болох гараагаа эхэлсэн.
Дараагийн киногоо “Үхлийн тоглоом” нэртэй хийж эхэлсэн ч зураг авалтыг хараахан дуусгалгүй Америк явлаа. Учир нь Холливууд түүнийг дахин сонирхож эхэлжээ.
Мөн 1972 ондоо гаргасан "Enter the Dragon" нь Лигийн кинонууд дунд магтаалаас өөр зүйлээр шүүмжлүүлээгүй кино болсон юм. Хонг Конг, Холливудтай хамтарсан тэр бүтээлээ 850,000 доллар заран бүтээсэн нь тухайн үеийн хамгийн супер одод тоглосон, хамгийн үнэтэй кино болгож байлаа.
"Enter the Dragon"-д өмнөх кинонуудад гаргасан бүх алдаагаа засчээ.
Гэвч Брюс кино нээлтээ хийхээс долоо хоногийн өмнө 32 насандаа тэнгэрт хальсан юм.
Түүний үхлийн шалтгаан учир бүтүүлэг байсаар өнөөдрийг хүрээд байна. Албан ёсоор тархинд нь цус харвасан гэсэн боловч маш олон таамаг байдаг. Зохион байгуулалттай хордуулсан, мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэснээс болсон гэж үздэг.
Мөн түүний хүү Брэндон Ли 1994 онд "Хэрээ" гэдэг кинонд тоглож байхдаа 28 насандаа буудуулан нас барсан юм.
Брюс Лигийн гэнэтийн үхэл нь түүний кино урлаг дахь байр суурийг нь хөдөлгөж чадаагүй юм. Нэгэн удаа тэрээр "Үхэшгүй мөнх байхын гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах" хэмээж байсан, тиймээс ч одоо түүний амьдралын талаар хэн нэгэн мартана гэсэн айдас үгүй.
Продюсеруудын хувьд мөнгөний машин нь байхгүй болсон ч дуусгаж амжаагүй “Үхлийн тоглоом”-ыг нэмж гүйцээн гаргасан юм.
Үүний дараа ч түүний сүнс амар нойрссонгүй. Түүнтэй адил дүр төрхтэй хүмүүсийн тоглосон маш олон кино ар араасаа цувран гарсаар байлаа. Хамгийн тэнэг нь тэдгээр хүмүүсийн нэрийг Bruce Le, Bruce Li, Bruce Lai, Bruce Thai, Bruce Lea and Dragon Lee хэмээн нэрлэж байлаа. Эдгээр олон хүмүүс өөрсдийгөө Брюсын залгамжлагч болгохоор зүтгэж байсан юм.
Мөн “Онгоцны буудал дээр би түүнийг харсан” гэх мэтчилэн Брюсыг амьд, өөрийн үхлээ худлаа зохиосон гэсэн цуу нэг хэсэг энд тэндгүй гарах болов.
Тэрээр дэлхийн кино урлагт тодоос тод гялалзан харваад одсон од юм.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )