УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Г.Батхүү, Д.Зоригт нар маргааш тангараг өргөнө. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
- УИХ-ын гишүүний тангараг өргөх таван хүний зарим нь дахин санал хураалтаар болон намын жагсаалтаар орж ирж байгаа. Нөгөө хэсгийнх нь шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн тойргийн маргаан шийдэгдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлсэн. Тиймээс маргааш тэдний тангараг өргөх асуудал хойшлох байх. Ард түмний сонголтыг яах юм. Сум дундын шүүхээс хоёр тал хоёулаа буруутай гэсэн. Манай намаас нэр дэвшсэн хүмүүс Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа. Хариу гарсны дараа энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үүнээс өмнө олонхиор түрий барьж нэрийг нь өргөн мэдүүлж буй нь улс төрийн том алдаа гэж бодож байна. Бусад гурван гишүүн ямар нэгэн маргаангүй учраас тангаргаа өргөх байх.
- СЕХ бол анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзан үзээд Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барьсан шүү дээ?
- Өмнө нь нэг удаа оруулж ирээд тангараг өргүүлж чадаагүй. Тэр үйлдлээ одоо дахин давтах гэж байна. Энэ бол цэвэр улс төрийн зорилго, захиалга. СЕХ-г намын харьяалалтай хүн удирдаж байгаа. Намынхаа даалгаврыг биелүүлэх зорилгоор ийм ажил хийгээд байна шүү дээ. Ямар ч үнээр хамаагүй УИХ-д олонхи болох гэж АН улайрч байна. Тэр утгаараа сая Увсаас сонгогдсон манай намын хоёр гишүүнд багагүй маргаан үүсгэлээ. Шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах үндэслэлгүйг тогтоосон учраас тэд одоо Өвөрхангайн хоёрыг гишүүн болгохоор арга мэхээ хэрэглэсээр байна. Нөгөөтэйгүүр АН МАН-гүйгээр улс төрийн балансыг өөрсдөө барихаар улайрч байгаа юм.
- Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг дахин давж заалдах эрхгүй гэх шүүхийн шийдвэр гарсан гээд байгаа?
- Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлын хариу ирээгүй байгаа.
- Буйдантай суулт дахин үргэлжилнэ гэсэн үг үү?
- Өвөрхангайн тойргийн асуудалд манай нам байр сууриа илэрхийлэх байх. Шүүхийн шийдвэр бидний талд гарсан ч, гараагүй ч бид эцсийн хариуг хүлээнэ. Өөрөөр хэлбэл бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх болно. Аливаа асуудлыг олонхиор хүч түрж шийдвэрлэх нь байж боломгүй зүйл юм.
-УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуулиар Б.Батзориг олонхийн санал авсан байхад Д.Арвинг “найраа”-гаар оруулж ирсэн гэх яриа байна?
- Тийм зүйл болоогүй. Нөгөө “ухаантай” автомат машин тоолоод гаргаад ирсэн учраас будлиан гараагүй байх. Гэхдээ Баянзүрх дүүргийн сонгуулийн талаар надад ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
- Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолох нь зөв үү?
- Автомат машинтай холбоотой сонгуулийн будлиан зөвхөн манайд ч биш дэлхий дахинд гарч байна. АНУ-д зарим мужид автомат машинаар сонгуулийн луйвар хийх гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Манайд хамгийн харамсалтай нь, ард түмнээр хянуулахаасаа айж, гадаадын программ, удирдлагатай автомат машиныг сонгуульд ашиглаж байна. Монгол хүн гараар тоолохоос татгалзаж, гадны хүний хийсэн зүйлээр тооллого хийж байгаа нь буруу. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүнд би эргэлздэг л юм.
- Автомат машин ашиглаж байгаа үед сонгуулийн дүнг мэдээлэхгүй байгаа нь ямар нэг шалтгаантай байх. Яг энэ талаар таньд хардлага төрж байх юм уу?
- Автомат машинд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулж авчирсан нь үр дүнгээ өгсөнгүй. СЕХ дүнгээ мэдээлэхгүй байгаагийн цаана улс төрийн зорилго байгаа. Сонгууль дуусаад кноп дарахад л дүн гарна шүү дээ. Заавал тэр хуульд заасан долоо хоногийг хүлээгээд байх асуудал биш. Нөгөө талаар сонгуулийн ирц муу байсан нь сонгогчид улс төрийн намууд болон төрд итгэх итгэл маш их алдарсны шинж. Ялангуяа, Засгийн газрын хэт хөөрцөглөсөн байдал нь Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах шатны сонгуульд иргэд ийм идэвхгүй оролцоход хүргэлээ.
АН хавтгай яллаа гээд хөөрцөглөөд байгаа. Гэтэл АН улс төрийн асар том алдаа гаргаж байна. Энэ нь нэг ёсондоо тэд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй боллоо. Монголын хүн амын 20 орчим хувь энэ төрд итгэж байгааг саяын орон нутгийн сонгууль харууллаа шүү дээ. Иргэдийн олонхи засгийн эрх барьж буй намд итгэхээ больчихож. Үнэхээр хавтгай ялсан юм бол нийслэлчүүд яагаад сонгуульдаа идэвхтэй оролцсонгүй вэ. Энэ удаагийн сонгуульд бүх төрийн албан хаагчдыг хүчээр санал өгүүлсэн. Хэрэв өгөхгүй бол албан ажилтай нь хариуцлага тооцно гэсэн. Мөн төгсөх ангийн оюутнуудыг санал өгөхгүй бол төгссөнийх нь дараа ажилд авахгүй гэж айлган сүрдүүлж байж саналыг нь авлаа. Ингэж хүчилж болохгүй. Сонгуульд хэн, аль нам ялах нь сонин биш. Ирцийг ийм байдлаар бүрдүүлж байгаа нь маш том гажуудал. Иргэд төрдөө итгэх итгэлгүй болсон нь хамгийн том эмгэнэл.
- Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг өвөл явуулсан нь ирц хүрэхгүй байх шалтгаан болсон уу?
-Орон нутгийнхан цас, зудтай байсан ч сонгуульдаа идэвхтэй оролцсон. Харин хамгийн их боломжтой, бүх талаар нь дэмжээд байсан нийслэлчүүд л хойрго оролцсон. Э.Бат-Үүл баатар бодлогодоо анхаарч ажиллаасай, битгий хий хоосон цэцэрхээсэй. Төрийн албан хаагчдыг хоморголон халж, өдийг хүртэл явж ирсэн зүйлээ устгаж хийрхэж байгаатай холбоотой. Тиймээс Засгийн газар, хотын удирдлагууд асуудлыг энэ талаас нь авч үзэж дүгнэлт хийгээсэй.
- Оюу толгойн асуудлаар мэтгэлцсэн хоёр гишүүний мэтгэлцээнийг та үзэв үү?
- Үзсэн. Хэн нэгнийх нь зөв, буруу гэж хэлэхгүй. Оюутолгойн гэрээний талаарх мэдээллийг л ард түмэнд өгсөн. Зарим нэг нь хувийн тоглолт, илүүрхэж харагдах оролдлого хийж байсан. Бусдыг мэдлэггүй, боловсролгүй байна гэхийн оронд мэдээлэл, бэлтгэл дутуу байна гэсэн бол хүнд арай өөрөөр сонсогдох байсан. Нэг зүйлийг хэт хамгаалах нь сөрөг талыг бий болгож байгаа.
- Энэ гэрээ үнэхээр ашигтай болж чадсан уу?
- Манай орны нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт чухал ач холбогдолтой гэрээ болсон. Гэхдээ ашигтай болж чадаж уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Үүнийг тойрч битгий улстөржөөч гэж хэлмээр байна. Монголчууд ганцхан жил хүлээчих. Оюутолгой жилийн дараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортод гаргаад ирэхээр эдийн засаг, нийгмийн амьдралд маш том өөрчлөлт бий болно. Тэрний дараа энэ талаар ярьж болно. Яагаа ч үгүй байхад ч янз бүрээр ярих нь тийм ч оновчтой зүйл биш байх.
- Цаг гарган тодруулга өгсөн танд баярлалаа.
А.Баярмаа