Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэгдээгүй ч улстөрийн намууд тус тусын мэдээллийг өгч эхэлсэн. Энэ талаар МАХН ямар байр суурь баримталж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас өнгөрсөн баасан гаригт тодруулснаа хүргэж байна
-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн гараагүй ч, намууд нэлээд эртнээс мэдээлээд эхэлчихсэн. Танай нам ямар байр суурь баримталж байна?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үйл явц хуулийн хугацаанд дууссан. Түүнээс хойшхи хугацаанд бид намынхаа орон нутаг дахь байгууллагуудын ажиглагч нараас сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллүүдийг авч нэгтгэлээ. Хэдийгээр СЕХ албан ёсны тайлбараа хийж, орон нутгийн сонгуулийн эцэслэсэн дүнг хэлэхгүй байгаа ч намууд өөр, өөрсдийн шугамаар байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал АН, МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан үр дүнгийнхээ талаарх мэдээллийг хэд хэдэн удаа явууллаа. Орон нутгийн сонгууль цаг хугацааны хувьд нэлээд оройтсон, мөн ирц бүрдэлт тааруу байснаас эцэслэсэн дүн гарах хугацаа сунжирч байх шиг байна. Үүнээс шалтгаалж манай нам орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийхээ хойшлуулж байсан. Харин өнөөдөр намын байрандаа хэвлэлийн хурал хийж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийллээ. МАХН юу гэж үзэж байна гэвэл, манай нам УИХ-аар байгуулсан, өөрөөр хэлбэл Их хурлын сонгуулиар ард түмнээсээ авсан байр сууриа бататгаж, гуравдагч хүчний орон зайг тодотгосон орон нутгийн сонгуулийн үр дүн гарлаа гэж үзэж байна.
-Ямар үндэслэлээр ингэж тодорхойлж байна?
-УИХ-ын сонгуулиар бид 20 гаруй хувийн саналыг авч байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар мөн тийм хэмжээний саналыг урьдчилсан байдлаар авах боломжтой болж байна. Бид Их хурлын сонгуулиар бүлэг байх хэмжээний суудлыг авч чадсан. Тэгвэл, орон нутгийн сонгуулиар дэвшүүлсэн тойрог бүртээ суудал авч чадлаа. Аймаг, орон нутгийн ИТХ-д төлөөлөгчтэй болох боломж бүрдлээ. Энэ бол манай нам нэрээ сэргээснээс хойшхи анхны сонгууль. Энэ утгаараа бид бүх шатны ИТХ-д төлөөлөгчгүй байсан бол энэ удаагийн орон нутгийн сонгуулиас хойш хэдэн зуун төлөөлөлтэй болох боломж бүрдэж байна. Гэхдээ энэ сонгуулийн үр дүн хөдөө орон нутгаас эцэслэж гараагүйг түрүүнд хэлсэн. Мөн нийслэлийн нийт хэсгийн хороодын 50 гаруй хувьд нь дахин санал хураалт явуулахаар болж байх шиг байна. Ийм болохоор эцэслэсэн үр дүнг өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй.
-Нөхцөл байдал ийм байхад уралдаж мэдээлэл хийгээд байгаа МАН, АН-ын тухайд юу хэлэх вэ?
-Нөгөө хоёр намын тухайд нэлээд тодорхой ялалтуудын талаар мэдээлэл өгч байна. Бид өрсөлдөгч намуудынхаа сонгуулийн үр дүнд хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ гуравдагч хүчний орон зай асуудлыг хааш нь ч эргүүлж болдог. Тоо тэнцүү буюу ойролцоо байгаа тохиолдолд гуравдагч хүчний буюу МАХН-ын өөрийнх нь гаргах улстөрийн шийдвэрээс шалтгаалж Ардын нам юм уу, Ардчилсан намын аль нэгэнтэй эвсч асуудлыг шийдвэрлэх бололцоотой. Энэ бололцоо зөвхөн бидэнд л байгаа. Ийм учраас бусад намууд яаран ялалт үр дүнгээ тодорхойлох нь ёс зүйн хувьд нэг талаас гуравдагч хүчнээ үл хүндэтгэсэн байдал болох вий гэж бодож байна. Бид байр сууриа баталгаажуулсан. Иргэд, сонгогчдын зүгээс бидний шударга ёсыг тогтоох гэсэн зорилтыг бүрэн хангахуйц сонгууль боллоо.
-Танай нам орон нутагт нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар хэд хэдэн газар шүүхэд хандсан. Орон нутгийн сонгуулийн өмнө бүгд эцэслэгдсэн үү, эсвэл?
-Зарим аймагт асуудал эцэслэгдээгүй. Манай нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд хамгийн их хэлмэгдэж, хүнд хэцүүг давж туулж орсон улс төрийн хүчин. Анх МАХН-ыг сонгуульд орохыг эсэргүүцэх байдлаар улстөрийн хүчнүүд олон бэрхшээлийг үүсгэж байсан. Нэрийг нь татуулах, нэр дэвшигчдийг нь татуулах олон асуудал тулгарсан. Тийм ч учраас бид 288 нэр дэвшигчээ хасууллаа шүү дээ, энэ сонгуулиар. Хэрэв 288 нэр дэвшигч маань энэ сонгуульд орсон бол бүгд амжилттай оролцох бололцоотой хүмүүс байсан. Харамсалтай нь манай нэр дэвшигчид Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ улстөрийн намуудын зохион байгуулалттай үйл ажиллагаанаас болж хэрэгжүүлж чадсангүй. Хоёр аймагт асуудал эцэслэгдээгүй. Шүүхийн шийдвэр гарсан, манай талд. Гэсэн ч сонгуулийн хугацаатай давхцсан учраас сонгуульд оролцож чадаагүй. Тэгэхээр энэ асуудлыг бид хуулийн хүрээнд дахиж тавина. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Хөвсгөл,Говь-Алтай аймагт дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Бид холбогдох байгууллагуудад нь шаардлага, хүсэлтээ албан ёсоор тавьсан байгаа.
-Зарим тойрогт нэр улстөрийн намаас дэвшигчдийн нэрийг саналын хуудаснаас хасч хэвлэсэн зэрэг зөрчил гарсан. Танай намын нэр дэвшигчдийн тухайд ийм бэрхшээл хэр тулгарсан бол?
-Өнөөдөр бид зөвхөн сонгуулийн явцын тухайд мэдээлэл өгч байна. Дараагийн удаад олон тооны зөрчил, дутагдлын тухайд олон нийтэд баримттай мэдээлнэ. Наад зах нь сонгуулийн санал тоолох автомат машинтай холбоотой гомдол бидэнд ирж байгаа. Автомат машины эргэлзээ маш их байна. УИХ-ын сонгуулиар ч мөн байсан. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар эргэлзээ үндсэндээ бүрэн тайлагдсан гэж болно. Үнэхээр энэ автомат машинд но-той асуудал их байна. Яахаараа хоёр өөр машинаас уншигдсан биллийнх нь МАХН–ыг дэмжиж саналаа өгсөн хүний тоо яг адилхан байгаа юм бэ. ИЗНН-ыг дэмжиж саналаа өгсөн хүнийх нь тоо хоёр өөр машин дээр яагаад нэг ч тооны зөрүүгүй ижилхэн байгаа юм бэ гэх зэргээр цаашид асуудлыг хөндөж тавих болно. Мөн мөнгө, эд материал тараасан, архи дарсыг зохион байгуулалттай явуулдаг өмнөх сонгуулиар гарч байсан асуудлууд давтагдсан. Сонгуулийн хууль болон цаг хугацааны тухайд авч үзэхэд арваннэгдүгээр сарын 21 гэдэг хүмүүс саналаа өгөхөд бэрхшээлтэй байдал үүсгэж байна. Нэг талаас энэ нь ирц бүрдэхгүй байх үндсэн шалтгаан, нөгөөтэйгүүр хүмүүс ирц бүрдүүлэхэд хөшүүн хойрго хандаж байгаа нь тухайн орон нутгийнхаа явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаагийн илэрхийлэл болов уу гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэ мэт олон асуудал бий. Сонгуулийн үйл ажиллагаа дуусаагүй байгаа учраас бид явцдаа үүнтэй холбоотой мэдээллээр байр сууриа цаашид илэрхийлнэ.
- Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )