Засгийн газрын бондын 1.5 тэрбум долларын нэг тэрбумаар нь төмөр зам тавьж, үлдсэнээр нь өмнөх бондынхоо өрийг дарах бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭЖ АВАВ
Монгол Улсын Засгийн газар дунд хугацааны бондын хөтөлбөрийн хүрээнд гаргах 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ. Шинэчлэлийн Засгийн газар ирэх жилүүдэд таван тэрбум ам.долларын бонд гаргаж, хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бондыг 2013 оноос өмнө гаргахаар мэдэгдсэн. Энэхүү бондыг худалдан авах саналаа "Merril lynch", "Deutsche bank", "HSBC", "JP Morgan" ”TDB Capital" зэрэг хөрөнгө оруулалтын банкууд илэрхийлжээ.
Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларын бондын нэг тэрбум гаруйгаар нь "Шинэ төмөр зам" төслийг санхүүжүүлэхээр болжээ. Мөн тодорхой хэсгээр нь Засгийн газрын өмнө гаргасан бондын төлбөрийг хийхээр яригдаж байна. Өөрөөр хэлбэл "урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж" байгаа хэрэг юм.

Бонд гаргаж түүнээс орж ирсэн мөнгөөр өмнө гаргасан бондынхоо төлбөрийг хийхийг бодоход энэ Засгийн газрын санхүүгийн нөөц чадавх хэр байгааг харуулж байна. Саяхан Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өглөө. "Standart & Poors" олон улсын санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй таван тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг "ВВ" гэж тогтоожээ. "Ройтерс" агентлагийн мэдээнд Монголын Засгийн газрын зээлийн зэрэглэл "ВВ" үзүүлэлттэй байгаа нь тус улсын эдийн засаг эрдсийн экспортоос хэт хамааралтай, улс төрийн бодлого тогтворгүй, хөгжил буурайгаас хамаарч байна гэжээ.

Харин "Fitch" Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй таван тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг Э&Р-ийнхээс нэг шат доогуур буюу "В+" гэж тогтоожээ. Нэг юм уу хоёр В бүхий зэрэглэл нь бүгд хөрөнгө оруулалтын бус буюу найдвартай гэсэн ангилалд ордоггүй байна.

БОНДОД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГЫН ҮҮДНЭЭС ХАНДАЖ БОЛОХГҮЙ
Ер нь Засгийн газар таван тэрбум ам.долларын бондоо чухам юунд зарцуулж ямар үр дүнд хүрэх гэж байгаа нь их бүрхэг байгаа. Зарим хүмүүс "Энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд нэг их юм хийсэн дүр үзүүлэх гэж Монгол Улсыг дааж давшгүй өрөнд унагаж байна. Тэгээд тэр босгосон мөнгөөрөө юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Бүтээн байгуулалтын ажилд маш нарийн тооцоо судалгаатай хандах учиртай. Одоо энэ мөнгөөр ийм юм хийх гэж байна гэсэн ганц мэдээлэл хийхгүй байгаа нь гайхаш төрүүлж байна. Улс орны эдийн засагтай холбоотой томоохон бүтээн байгуулалтын ажилд улс төрийн зорилгын үүднээс хандаж болохгүй" гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Гэтэл нөгөө хэсэг нь "уул уурхайн ашигт малтмалаа эргэлтэнд оруулахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Үүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Иймээс Засгийн газар бонд гаргах нь зөв" гэсэн бодолтой байна.

Энэ талаар эдийн засагч П.Пүрэвсүрэн "Таван тэрбум ам.долларын бонд бол маш их мөнгө. Эцсийн дүндээ энэ бол өр. Хүмүүс өнөөдөр үүнд л санаа зовж байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газар маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Бондын санхүүжилтэд маш өндөр хяналт тавихгүй бол болохгүй. Нарийн яривал 1.5 тэрбум ам.доллараар юу хийх нь бүрхэг байна. Үүнийг ил тод болгох хэрэгтэй. Төмөр зам тавина гэж л байна. Гэтэл эдийн засгийн үр ашгийн тооцоо алга. Төмөр зам бол их өртөг шаарддаг. Техник, хүн хүч гээд хөдлөх бүрэлдэхүүн ихтэй. Сайн тооцох хэрэгтэй. Төмөр зам нэг талдаа ачаагүй хэдэн зуун км явбал тэгээд л алдагдалд орно. Заримдаа ингэж их зээл тавьж хөдлөх нь зөв үү буруу юу гэдэгт эргэлздэг гэв.

БОНДЫГ БУРУУ ЗАРЦУУЛБАЛ ЗҮГЭЭР Л ӨР БОЛЖ ХУВИРНА
Саяхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Хөгжлийн банк өнөөдөр 580 сая ам.долларын бонд гаргаад, мөнгө татаж ирсэн. Гэвч энэ мөнгөөр чухам юу хийх вэ гэдгээ нарийн тооцоолоогүй, бэлтгэлгүй байснаас болж өдөр бүр их хэмжээний мөнгийг зүгээр л хүүгийн төлбөрт урсгаж байна. Энэ оноос өмнө гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар босгохоор төр засгийн холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Мөнгийг олж ирсний дараа юу хийх вэ гэдэг нь бас л бүрхэг талдаа байна" гэв. Тэрээр цааш нь "Өнөөдөр жишээ нь манай аль нэг сайд мөнгө олж ирэхээр явж байна. Ямар ч байсан мөнгө олоод ирнэ. Ирсний дараа энэ мөнгөөр хэрэгжүүлэх төсөл бэлтгэсэн байгаарай гэх маягтай л байна шүүдээ. 1.5 тэрбум ам.долларыг миний тооцоолж байгаагаар бол 3.5 ба түүнээс бага хүүтэйгээр босговол Монголд ашигтай гэж харагдаж байгаа. Энэ мөнгө олдоно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ мөнгөөрөө юу хийх вэ.

Хамгийн их санаа зовоож байгаа асуудал. Зөв зарцуулбал, энэ мөнгө зээл болно. Харин буруу зарцуулбал, зүгээр л өр болж хувирна. Зөв зарцуулахын тулд бүх зүйлд шинжлэх ухаанчаар тооцоо, судалгаатай хандмаар байна" гэлээ.

Монголын шилдэг 250 компанийн хамтарсан "Business apdate-2012" уулзалт дээр хийсэн түүний илтгэлд дурдсанаар "Монгол Улс бизнесийн орчны тааламжтай байдлаар дөнгөж 112 дугаарт жагсч байгаа нь Зимбабе улсаас ч доогуур үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн эрчим хүчний хангалттай байдлаар дэлхийн 185 орноос дөнгөж 169-т жагсч байгаа нь судалгаагаар гарчээ.

Мөн санхүүгийн систем хөгжөөгүй, хувийн хэвшилд оногдох татварын ачаалал өндөр, зам харилцаа, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг асуудлууд дурдагдсан байна. 

Ш.Батцогт 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top