УИХ-ын гишүүн А.Тлейхантай орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ярилцлаа.
-МАН орон нутгийн сонгуульд ялагдаж үзээгүй. Гэтэл энэ удаагийн сонгуулиар олонх болж чадсангүй. Үүнд юу нөлөөлсөн гэж үзэж байна?
-Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 21 аймгийн есөд нь ялалт байгуулсан. Санасныг бодвол боломжийн дүн авсан гэж бодож байна. МАН анх удаа орон нутагт цөөнх болж байгаа юм биш, 1996 онд орон нутагт ялагдаж л байсан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 1996 онд АН ялж, 2000 онд МАН ялж байсан. Ямар шалтгаанаар МАН ялагдсаныг орон нутгийнхан л сайн ярих байх.
Намын ялагдал сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчидтэй ч холбоотой байж болох юм. Мөн олон жил төр барьсан намын бодлого иргэдэд таалагдаагүй ч байж болох талтай.
-МАН-ын намын зарим гишүүд сонгуулийн дүнг автомат машинтай холбон тайлбарлаж байгаа шүү дээ?
-Би ч мөн адил автомат машин их булхайтай гэж боддог. Сонгуулиар маш олон саналын хуудас хүчингүй хэвлэгдэж байна. Зарим газар автомат машинаар санал тоолоод, гар аргаар хяналтын тооллого хийгээгүйгээс маргаан үүсдэг. Автомат машинаар тоолсон саналыг гараар тоолоод баталгаажуулчихдаг бол хардалт үүсэхгүй.
-Автомат машинаар санал тоолсноор сонгуулийн албан ёсны дүн гар аргаар тоолсноос илүү хурдан гарах ёстой баймаар. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд гэсэн нэрийдлээр дүн нь тодорхойгүй байна шүү дээ?
-Автомат машинаар санал тоолсны үр дүн гарахгүй байна. Сонгуулийн саналыг цагийн дотор л тоолчихдог гэж ярьдаг мөртлөө өнөөг хүртэл дүн нь эцэслэж гараагүй л байна. Гар аргаар санал тоолоход сонгуулийн маргааш гэхэд л дүн нь гарчихсан байдаг. Гэтэл их хэмжээний хөрөнгө зарцуулж, автомат машин худалдаж авчихаад ард түмэнд үр дүн нь харагдахгүй байна. Үүнийг зохион байгуулалттай будлиан гэж үзэхээс өөр аргагүй.
-МАН УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа удирдлагуудаа шинэчилсэн. Удирдлагуудаа солиод орон нутгийн сонгуульд ялалт байгуулчих юм байх гэж харж байтал мөн л олонх болж чадсангүй. Тэгэхээр удирдлагууддаа биш бололтой юм?
-УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч намын дарга, удирдах зөвлөл саналаараа огцорсон. Дөрвөн жилийн ажлын дүнгээр явж буй сонгуулийг шинэ удирдлагууд гарч ирээд, гурав дөрөвхөн сард шинэчилж, ялалт байгуулна гэдэг боломжгүй. Тиймээс удирдлага солигдоод ялалт байгуулна гэдэг харьцангуй ойлголт.
Мэдээж, манай намын шинэ удирдлагууд их зүйл хийсэн. Түүний үр дүнд энэ хэмжээний ялалт байгууллаа. Орон нутгийн сонгууль тухайн орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанаас их шалтгаалдаг. Үнэхээр сайн ажилласан газруудад ард түмэн нь дэмжиж, саналаа өгсөн. Ер нь, эрх барьж буй улстөрийн хүчний үйл ажиллагаа хүмүүст тэр болгон таалагдаад байдаггүй. Яагаад гэвэл бүх асуудлыг нэг дор шийдэх боломж хязгаарлагдмал.
-Орон нутгийн сонгуулиар ард түмэн нэр дэвшигчдийг нь түлхүү харж сонгосон гэж ярьдаг. МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч боловсон хүчний хувьд хэр чадварлаг байсан гэж бодож байна?
-МАН боловсон хүчин сайтай. Аль ч шатандаа боловсон хүчин хангалттай бий. Энэ удаагийн сонгуульд чадварлаг залуу боловсон хүчнийг олноор нь нэр дэвшүүлсэн. Нэр дэвшсэн шинэ залуусын дийлэнх нь ялсан. Цаашдаа ч МАН шинэчлэгдэх ёстой, боловсон хүчний бодлогод илүү анхаарах ёстой гэдэгт бид санал нэг байдаг. Намууд УИХ-ын сонгуулийн дараа дүгнэлт хийдэгтэй адил орон нутгийн сонгуулийн дүнд ч дүгнэлт хийх ёстой гэж бодож байна.
-Нийслэлд МАН шат шатны сонгуулиар өөдөлсөнгүй. Үүний шалтгааныг юу гэж үзэж байна?
-Орон нутгийн сонгуулийн хувьд хүмүүс олон сонгууль хийгээд залхсан байж магадгүй. Нөгөө талаас хэд, хэдэн дүүрэгт санал хүрээгүй. Энэ нь нэг талаар засаг төрөөс явуулж буй бодлого олон түмэнд таалагдахгүй байгаатай холбоотой.
Мөн хүмүүс саналаа тайван өгөх боломж нь бүрдсэнгүй. Цаг хугацааны хувьд хэт оройтсон учир тааламжтай сонгууль болсонгүй. Энэ тэсгим хүйтэн хөдөө гэлтгүй хотынхон ч саналаа өгөхөд нөлөөлсөн байж таарна.
-МАН орон нутгийн сонгуульд ялсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд ялах магадлалтай гэж яригдаж байсан. Гэтэл орон нутагт ялагдчихаар дараа, дараагийн сонгуульд өөдөө гарахгүй гэх нь бий?
-МАН улстөрийн том хүчин учир нийгмийн баримжаатай бодлого явуулдаг. Ялангуяа доод түвшний амьдралтай хүмүүсийг дунд түвшинд хүргэхийн төлөө ажилладаг. МАН ард түмнээ үргэлж хамгаалдаг. Энэ ч утгаараа МАН хэзээ ч унахгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялсан нам байхгүй. Ард түмэн бидэнд “Та нар хамтарч ажилла” гэдэг даалгавар өгсөн. Гэтэл өнөөдөр УИХ-д хамтын ажиллагаа явуулахгүй байна.
Энэ байдал ард түмэнд нэгийг бодогдуулах байх. Тухайлбал, 2013 оны төсвийг харахад ард түмэнд шаардлагатай зүйл тун бага байгаа. Хүүхдийн 20 мянган төгрөгөөс өөр нийгэмд хүрч буй зүйл алга. Цалин, тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгэхээр МАН-ын бодлого нийгэмд үгүйлэгдэнэ. МАН ард түмний төлөө цаашдаа ч ажиллана. Дараагийн сонгуульд МАН ялах бүрэн боломжтой.
-Баян-Өлгий аймагт АН олонх болсон. Та энэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд үүнд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-АН олонх болсон. Хөдөөгийн 12 сумын долоод нь МАН ялж, аймгийн төвийн есөн багт л ялагдсан. Юунаас болж ялагдсаныг нь сайн судалж дүгнэлт хийх ёстой.
-СЕХ-ноос Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсон гэсэн. МАН-ынхан энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-МАН-ын гишүүд бид бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэж үзэж байгаа. АН-аас Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр ярьж байгаа. Бид шүүхийн эцсийн шийдвэр гартал хүлээх ёстой гэдэг санал тавьсан. Тиймээс эцсийн шийдвэр гарсных нь дараа хэн хэнийг тангараг өргүүлэхийг мэдэх боломжтой. Олонхоор хүч түрж, асуудлыг шийдвэл бид тэмцэх л болно.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл ( 0 )