ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГТ
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...
“Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Батлан хамгаалах бодлогын чиглэлээр тусгах саналыг боловсруулж, сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
“БХЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 9 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолооор баталгаажуулсан.
Интернэтийн зохистой хэрэглээнд шилжлээ
Засгийн газрын 8 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны интернет хэрэглээг зохистой болгох тухай” 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг салбарын хэмжээнд хангах зорилгоор “Байгууллагын веб сайт, интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” Батлан хамгаалахын сайдын тушаал гарган хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд албаны компьютеруудыг интернэтээс салган, интернетийн танхимыг шинээр байгуулж, бүх албан хаагчид, аймаг, нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабуудад албаны и-мэйл хаяг хэрэглэж байна.
11-11 төвд шуурхай хариу өгч байна
Засгийн газрын мэдээллийн 11-11 төвөөс тус яаманд холбогдох нийт 29 асуудал ирүүлсний 21 нь санал хүсэлт, 5 нь гомдол, 3 нь шүүмжлэл байсан бөгөөд эдгээрийг тодруулан судалж цаг тухай бүрт зохих хариуг илгээсэн. 1-д нь тодруулан шалгах ажиллагаа хийгдэж байна.
Төрийн хүндэт харуул төв талбайд хүндэтгэлийн ёслол хийдэг боллоо
Засгийн газрын 8 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын дайчид 7 хоногийн Бямба, Ням гаригт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, нийтээр тэмдэглэх баярын өдөр Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол хийдэг болсон нь олон нийтийн сонирхлыг татсан чухал арга хэмжээ болж байна. 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ийм арга хэмжээг 29 удаа зохион байгууллаа.
850 хугацаат цэргийн алба хаагч цэргийн тангараг өргөв
“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 17 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 4 дэх заалт, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйл, Засгийн газрын 76 дугаар тогтоолын дагуу 2012 оны II ээлжийн цэрэг татах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, цэргийн насны залуучуудын 70 орчим хувийг хамрууллаа.
Эзэн Богд Чингис хааны мэндлэсний 850 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр 2012 оны II ээлжээр цэргийн албанд татагдсан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 850 хугацаат цэргийн алба хаагч жанжин Д.Сүхбаатарын талбайд, Эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө цэргийн тангараг өргөв.
“Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл хэрэгжүүлж эхлэв
Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл боловсруулах ажлын хэсгийг томиллоо. Уг ажлын хүрээнд 2012 оны II ээлжийн цэрэг татлагаар ирсэн 100 цэргийн алба хаагчийг хүнд даацын “Е” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Налайх” цэргийн аэродромыг иргэний нисэхийн аэродром болгоно
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродромыг иргэний нисэхийн шаардлагыг хангасан аэродром болгон ашиглахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг, ИНЕГ-ын дэд дарга Б.Мөнхжаргал тэргүүтэй ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, цаашид хийх ажлаа тодорхойлов. Мөн ИНЕГ-ын Аэродром аэронавигацийн хэлтсийн ахлах байцаагч Х.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг “Налайх” аэродромын байдалтай танилцан зөвлөмж, дүгнэлт гаргалаа.
“Хааны эрэлд-2012”, “Сэлэнгэ-2012”, “Нүүдэлчин заан-2012” олон улсын цэргийн хээрийн сургууль хийв
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан “Khaan Quest-2012” хээрийн сургуулийг 8 дугаар сард амжилттай зохион байгуулж, АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, БНСУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, Канад, Австрали, Франц, Сингапур, Шинэ Зеланд зэрэг 12 орны 1000 гаруй цэргийн алба хаагч, ОХУ, БНХАУ-ын цэргийн төлөөлөгчид ажиглагчаар оролцов. Энэ үеэр штабын дадлага, хээрийн сургалт дадлага, эмнэлэг-хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилгын инженерийн туршлага солилцох сургалт гэсэн үндсэн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүллээ.
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2012” тактикийн хээрийн сургуулийг 9 дүгээр сард ОХУ-ын Улаан-үд хотод, Монгол-Энэтхэгийн Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан-2012” хээрийн сургалт, дадлагыг 8 дугаар сард БНЭУ-ын хөнгөн явган цэргийн “Командо” сургалтын төвд амжилттай явууллаа.
Энхийг дэмжих ажиллагаанд Цэргийн багууд илгээв
Афганистан улсад явагдаж буй “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын рот, Нисдэг тэрэгний засвар үйлчилгээний баг, ХБНГУ-ын цэргийн хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн баг, Кабул хотын нисэх буудлын хамгаалалтын салааны бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд амжилттай зохион байгуулан, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгүүлэхээр илгээгээд байна.
Ургац хураалтад 1000 гаруй цэргийн алба хаагч туслалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2010 оны 512 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний анги, салбарыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу 40 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, намрын ургац хураалтын ажилд 1000 гаруй цэргийн алба хаагчийг оролцууллаа.
143 цэргийн алба хаагч гадаадад суралцахаар явав
Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, тэргүүн ээлжинд тайван цагт Зэвсэгт хүчинд алба хаах бие бүрэлдэхүүний зохистой харьцааг шинэчлэн тогтоож, хүний нөөцийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай болгох нөхцлийг хангасан мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын хүний нөөцийн чадавхийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж цаашид баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж байна.
БНХАУ-ын цэргийн сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаанд 32, ХБНГУ-ын цэргийн сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаанд 8, ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад 99, АНУ-ын цэргийн академи, мэргэжил дээшлүүлэх сургалтад 4 буюу нийт 143 цэргийн албан хаагч суралцахаар явав.
“Энхийн төлөө” цогцолбор төв, 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан, энхийг сахиулагчид, цэргийнхэнд үйлчлэх зориулалт бүхий “Энхийн төлөө” цогцолбор төвийн барилга, Батлан хамгаалах салбарын албан хаагчдын албан тушаалын 50 айлын орон сууцны барилгыг 9 дүгээр сард ашиглалтад орууллаа.
Мөн 11 дүгээр сард Өвөрхангай аймагт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 40 айлын албан тушаалын орон сууц ашиглалтад орж, нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцов.
Цэргийн техник, бусад тусламж хүлээн авав
Монгол Улсад ОХУ-аас цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай гэрээний дагуу нийлүүлэгдсэн 24 нэгж хуягт техникийн зэвсэглэл техник, БНТУ-ын буцалтгүй тусламжаар 4300 хос гутал, АНУ-ын буцалтгүй тусламжаар англи хэлний иж бүрэн лаборатори зэргийг хүлээн авлаа.
Мөн Монгол Улсын БХЯ, БНСУ-ын БХЯ хооронд байгуулсан гэрээний дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлсэн 76 авто техник, ХБНГУ-ын Холбооны БХЯ-наас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн “Даймлер Бенз Юнимог” загварын цэргийн зориулалттай 22 нэгж авто машиныг хүлээн авч цэргийн анги, байгууллагуудад хуваариласан.
Батлан хамгаалахын сайд 10 гаруй анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцав
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэ хугацаанд хот, хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний 10 гаруй анги, байгууллага, салбарын үйл ажиллагаатай танилцан, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.
Батлан хамгаалахын сайд нарын чуулганд оролцлоо
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо болсон Афганистан дахь Аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчний ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын чуулганд оролцлоо. Энэ чуулганд Батлан хамгаалахын сайд оролцсон нь Шинэчлэлийн Засгийн газар НАТО-той харилцах болон Афганистан дахь Зэвсэгт хүчний оролцооны талаарх Монгол Улсын гадаад, батлан хамгаалах бодлого үргэлжилж байгааг харуулсан чухал алхам болов.
Мөн Батлан хамгаалахын сайд энэ хугацаанд ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс зэрэг орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын дэд сайд Афганистанд айлчлав
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ф.Расмуссены хамт Афганистан дахь ISAF-ын цэргийн умард командлалд ажлын айлчлал хийлээ. Энэ үеэрээ дэд сайд ХБНГУ-ын цэргийн хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцав.
“Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” Монгол-Чехийн БХЯ хоорондын санамж бичигт Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Чех улсын Батлан хамгаалахын дэд сайд В.Пицек нар Бельгийн Бруссель хотноо 10 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.
Айлчлал ар араасаа...
Японы БХЯ-ны Бодлогын газрын Чадавхийг дээшлүүлэх албаны дарга Х.Вагури тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 10 дугаар сард айлчлал хийж, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаанд оролцох болон Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр яриа, хэлэлцээ хийлээ.
Япон улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Каназава тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
БНСУ-ын Батлан хамгаалах нөөцийн асуудал хариуцсан дэд сайд Ли Ён Дай тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын эхээр айлчлан Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөртэй уулзаж, тус улсын БХЯ-наас олгосон буцалтгүй тусламжийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд оролцон, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зочиллоо.
Цөөнгүй зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, ОХУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтыг ОХУ-ын Эрхүү хотод, Монгол-Хятадын БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотод, Монгол-Туркийн БХЯ хоорондын 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг Анкара хотод, Монгол-Германы БХЯ хоорондын дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, БНЭУ-ын БХЯ хоорондын 5 дахь удаагийн дунд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулж, хоёр талын харилцан ажиллагааны бүх асуудлаар санал солилцож, хэтийн төлөвийг хэлэлцэв.
БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл ( 0 )