Макет, Мянгуужингийн үлгэрт итгэв ээ, Ерөнхий сайд аа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Засгийн газар мөнгөтэй, Монгол Улс дахиад зээлтэй боллоо. Олон улсын бондын зах зээлээс 1.5 тэрбум доллар босгож, мөнгө нь манай дансанд өчигдрөөс оржээ.Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын зорилгоо болгосон таван тэрбумын бондын түрүүч, 2013 онд босгохоор төлөвлөсөн зорилт.  Эдийн засгийн хөгжлийн хоёр сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын явсан “эрлийн баг” 1.5 тэрбум долларын 500 саяыг таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй босгосон байна. Харин үлдсэн нэг тэрбум долларыг 10 жилийн хугацаатай, 5.125 хүүтэй арилжаалжээ. 

1.5 тэрбум доллар гэдэг мэдээж их мөнгө. Гол нь улсынхаа Засгийн газрыг барьцаанд тавьсан эргэн төлөх зээл гэдгийг мартаж болохгүй. АН-ынхан Монголоо улс шиг хөгжүүлж, ард түмнээ хүн шиг амьдруулах амлалтаар сонгуульд ялсан. Энэ зорилгоо бие­лүүлэхийн тулд олон улсын зах зээл дээр улсаа, ирээдүйгээ 1.5 тэрбум доллараар барьцааллаа. Энэ бол амлалтаа биелүүлэх гэсэн улстөрийн эр зориг. Баяр хүргэе. Олон улсын зах зээл дээ­рээс мөнгө босгоход энэ удаад амархан байсан байж болох. Нэгд, уул уурхайгаараа дэлхийн анхаарлын төвд орсон, Оюу­толгой Тавантолгойн тодорхой хувиас гадна стратегийн 34 ор­дыг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар нь өөрөө барьцаа ба­тал­гаа болсон. Хоёрт, дэлхийн эдийн засгийн хямралын нө­лөөгөөр томоохон хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөө хаана хийх аргаа олж ядан ардаа баталгаатай төслөөр өлсч явсан. Энэ нь сая босгосон 1.5 тэрбум долларын бондод маш олон захиалга ирснээс харагдана. Нөгөө талаас хөрөнгө оруулалтаар дэлхий өлсч байсан ч, түүнийгээ Монголд оруулах сонирхол тийм их байгаагүй. Учир нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын татах зэрэглэл олон улсын төвшинд буурсан. Үүнийг стратегийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг хуульчилсан зэрэг энэ чиглэлээр гарсан хэд хэдэн шийдвэртэй холбоотой гэж гадныхан үздэг. Түүнчлэн одоо ажиллаж байгаа гаднынханд гаргаж буй хэт “эх оронч” хандлага, 1.4 тэрбум болсон га­­даад валютын нөөцийн бууралт, хоёр оронтой тооноос буухгүй байгаа инфляц зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагч­дыг тээнэгэлзэхэд хүргээд бай­гаа нь үнэн билээ. Хөрөнгө оруу­лалтын зээл бол биз­несийн төслийг санхүү­жүүлэх зориу­лал­т­тай. Гэтэл өмнө нь бид бэ­лэн төсөлгүй учраас яг ийм бон­доор нийгмийн төсөл буюу хо­тын замдаа хөрөнгө оруу­лалт хий­чихсэн.Ийм сөрөг шинжүүдийг сөрж 1.5 тэр­бумыг босгож улстө­рийн эр зоригоо эдийн засгийн зорилго болгож чадсанд дахин баяр хүргэе.

Одоо энэ зээлээ хойч үе­дээ өр болгон өвлүүлэх үү, хөг­жил болгон үлдээх үү гэдэг нь зөвхөн эрх баригчид, Зас­гийн газраас л хамаарна.

Өмнөх Засгийн газар 580 сая долла­рыг таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүү­тэй босгож байсан юм. Энэ удаа хүүний хувьд арай бага л юм.Гэхдээ Н.Алтанхуягийн Зас­гийн газрын бондын зээ­лийг бас л өмнөх Засгийн газ­рын бос­госон 580 сая доллар­тай ижил хувь заяа хүлээж байна.  580 саяын бондоор санхүү­жүүлэх бэлэн төсөл тэр үед  байгаагүй. Байгаагүй учраас Монгол Улс нэг хэсэг­тээ энэ зээлийн зөвхөн хүүнд хоногийн 98 мянган ам.долла­раар шатаж байлаа. Үүн дээр нь одоогийн УИХ-ын дарга тэргүүтэй АН-ын голдуу улстөрчид сонгуулийн тоглолт хийн тодорч байв. Одоо энэ зээлийг Улаанбаатар хо­тын замыг сайжруулах болон сонгуульд зориул­сан нийгмийн шинжтэй санхүүжилтийг нөхө­хөд зориулаад дуусч байгаа гэдэг. Гэвч 580 саяын энэ зээл эдийн засагт бодитой өсөлт бий болгох хөрөнгө оруулалт болж чадаагүй, хүүгээ ч төлөх хэмжээний ашиг олоогүй. Тэгвэл үүнээс гурав дахин их, 1.5 тэр­бумын бондын зээлийг санхүүжүүлэх бэлэн төсөл Н.Алтан­хуя­гийн Засгийн газарт ч одоо­гоор бас алга. УИХ-ын өгсөн зөвшөөрлөөр бол 1.5 тэрбумыг зөвхөн уул уурхай, төмөр зам, дулааны цахилгаан станц зэрэг томоохон дэд бүтцийн төслүү­дэд зарцуулах хуультай. Төс­вийн санхүүжилт, нийгмийн ха­ламжид нэг ч доллар үл зар­цуулах Монголын хуультай, олон улсын хөрөнгө оруулагч­дын өмнө авсан амлалттай.Гэтэл бэлэн төсөл нь алга.Тоосго өрж эхлэхэд бэлэн бол­сон ганц төсөл болох ТЭЦ-Y-ын байршлыг нь өөрчилж, тоо­цоогоо шинээр хийх болсон.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ их мөнгөө шингээх саваа бэлдээгүй байж саалиа авчих­лаа. Одоо яах вэ.Мэдээж шаардлага хангасан төсөл бэлэн болтол бас л сул хүү төлнө. 580 сая долларт хоногийн 98 мян­ган долларын хүү төлж байсан бол түүнээс бараг гурав дахин их 1.5  тэрбум долларт хоно­гийн 98 мянгыг бараг л гурав нугалсан хүү төлнө. Эргэж мөн­­гө олох, эдийн засагт өгөө­жөө өгөх төслөө санхүүжүүлж чадвал өндөр хүү  эрсдэл биш байх. Гол нь санхүүжүүлэх төслөө яг онож олж ча­дах уу гэдэг нь хамгийн чухал.

Засгийн газар дөрвөн жи­лийн хугацаанд нийтдээ таван тэрбум долларын бонд босгох зорилттой. Эхний ээлж болох энэхүү 1.5 тэр­бу­мыг хуулийн дагуу, амласан ёсоороо хөрөнгө оруулж, сайн жишээ болгож байж дараагийн буюу үлдэгдэл 3.5 тэрбумын бондоо босгоно. Үүний тулд эргэж мөнгө олдог, эдийн засагт мөнгөн  урсгал бий болгодог, ард түмэнд хаялгаа өгдөг  төс­лүүд­дээ хөрөнгө оруулах ёс­той. Албан бус мэдээгээр 1.5 тэрбумын ихэнхийг төмөр зам, заримыг нь Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг сан­хүүжүүлж, “Эрдэнэс  Та­ван­толгой”-д хөрөнгө оруулалт хийхээр  төлөвлөж буй болол­той. Эдгээр нь ирээдүйгээ хар­сан зөв байж магадгүй ч, эдийн засгийн хямралтай энэ үед амин чухал төслүүд мөн үү, үгүй юү гэдгийг эргэж нэг бодмоор. Жишээ нь, Сайншандыг ус ч үгүй, нарийвчилсан ТЭЗҮ ч үгүй түүхий төсөл гэж судлаачид шүүмжил­дэг.Хэрвээ яг мөнгө цутгах дээ­рээ тулбал улс­төрчдийн биш, эрдэмтэн судлаачид голдуу мэргэжлийн хүмүүсийн үг, дүгнэлтийг дахин нэг сонсч до­лоо хэмжихэд буруугүй санаг­дана. Харин төмөр зам бол Сайн­­шандаасаа илүү тодор­хой, хэрэгцээ ихтэй, эргэж мөн­гө олох хамгийн чухал тө­сөл мөн үү  гэвэл мөн. Гэхдээ өнөөдөр ачаа урсгал хаанаас хаашаа хамгийн их байна вэ гэдгээ бас хармаар. Тавантол­гойгоос наашаа Сайншанд руу, эсвэл Сайншандаас Дорнод руу төмөр зам татаж цаг, мөн­гөө зэрэг үрэх нь эхний оочер, аминд тулсан сонголт биш байх.  “Эрдэнэс-Тавантолгой” бол аль хэдийнэ өрөнд орсон компани. Өр тавьж авсан мөн­гөөр нь Хүний хөгжил сангийн төсвийг бүрдүүлж бэлэн мөнгө тараасан. Иймд Таван­толгойгоо үнэд хүргэхийн тулд өрийг нь дарах гэж байгаа юм болов уу даа. Үүний оронд болдогсон бол улстөрчдийг нууцаар тэжээдэг төрийн өмчийн компаниудыг бус, ажил хийдэг хувийн хэвш­лийнхнээ дэмжин санхүүжүүлж, төр сайн хянаж чадвал оновчтой л хөрөнгө оруулалт болно. Хөрөнгө хуваарилдаггүй юмаа гэхэд засаг мөнгөтэй болсон учраас төрийн нэрээр хувийн хэвшлийнхэн рүүгээ дайрч ноцох нь арай багасах, их долларын сургаар төгрөгийн ханш чангарах гээд эерэг ханд­лагууд зах зээл  дээр ажиглаг­дана гэдэгт найднам. Ер нь үгийн завсарт хавчуулахад төрийн өмчийн компаниуд бол нэг талаас мөнгө хүүлдэг ёроол­гүй сав, нөгөө талаас улс­төрчдийн хувийн бизнесийн шахааны түшиц газар шүү дээ. Ганц Монголд ч биш, хоёр их хөршид маань хүртэл төрийн өмчийн компа­ниудаа­раа дамжуулж эрх ба­ригчид нь улс­төр­чид нь мөнгө угаадаг. Тийм учраас Путин төрийн өмчийн компаниудын ТУЗ-д улстөрчид албан ту­шаалт­нууд биш, олон нийтийн төлөөллийг оруулж нээлттэй болгоно гэдгийг сонгуулийн­хаа гол PR болгож байв. Сая удирд­лагаа сольсон Хятадын хур­лаар тө­рийн өмчийн компаниу­дад авлига хамгийн их байна, үүнийг хална гэдгээ ирэх таван жилийн зорилго бол­гон тунхаглалаа. Ийм жи­шиг, жишээ Монголд ч хангалт­тай бийг томоор нь бид “Эр­дэнэт”-ээр сайн мэддэг. Тийм ч учраас “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүйтэй адил гэх улстөрийн хэллэг гарсан хэрэг. Бас Засгийн газар бай­гуу­лагдах бүрт хамгийн тү­рүүнд төрийн өмчийн компа­ниу­дын удирдлага, ТУЗ-ийг соль­дог.

Одоо АН-ынхан ч ид сольж, өөрчилж л явна. АН дот­роо олон фракцтай. Эдгээр фрак­­цуудын олонхи нь улстө­рийн үзэл бодлоор бус, аль нэгэн бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах сонирх­лоороо нэгдсэн. Дээр нь 2000 оноос хойш дангаараа засгийн эрх бариагүй учраас албан тушаалаар “өлсгөлөн” яваа. Сая хоёр сонгууль дараалаад ялчихсан учраас бяр нь ч амтагдаж л байгаа. Тэгэхээр хам­гийн багадаа л сонгуулийн шар­хаа нөхөх зорилгоор янз бүрийн төсөл бичиж 1.5 тэрбумаас хувь хүртэх далд фронтын чи­мээгүй дайн Ерөнхий сайдыг тойрч өрнөхгүй гэх баталгаа байхгүй. Тэр бүрт нь сөгдөж, Монголын хууль, хөрөнгө оруу­лагчдын өмнө авсан амлалтаа зөрчихгүй явах нь 1.5 тэрбу­мын бондын зээлийг сайн жишээ болгохын гол шалгуур юм.  Сул хүү төлөхгүй гэж яаран сандран компьютер графи­каар бүтээсэн хоосон макет, Мянгуу­жингийн үлгэрт итгэн шахалтад орох­гүй бай­хыг Ерөнхий сайдаас хүсье. Таны гаргах шийдвэ­рийн барь­цаанд Монголын ард түмэн, Монголын ирээдүй бий гэдгийг сануулъя. Ард түмэн ирээдүйдээ өр нэмж өвлөх гэж АН-ыг сонгоогүй билээ.

Отгонбаяр

Эх сурвалж: Baabar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top