Хүн төрөлхтнийг юу мөхөөх вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

  Хүйтэн дайны үе ард хоцорсон, цөмийн аюулын эрсдэл харьцангуй буурсан. Харин хүн төрөлхтний мөхөлд хамгийн их заналхийлж буй аюул бол компьютерууд ба зохиомол оюун ухаан аж. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд “Терминатор” киноны үйл явдал энэ зуунд амьдрал дээр биеллээ олно хэмээн үзэж байна.

Кембрижийн судалгааны төвийн эрдэмтэд туршилтууд явуулсны үндсэн дээр орчин үеийн технологи нь хүн төрөлхтний соёл иргэншлийг ирээдүйд устгах магадлалтайг баталжээ. Эрдэмтэд биотехнологи, зохиомол оюун ухаан, нанотехнологи, цөмийн дайн, цаг уурын өөрчлөлт зэргийн аюулыг задлан шинжилсэн байна.

Skype-ийн хамтран үндэслэгч Яан Таллин, философич Хью Прайс нар хүн төрөлхтнийг устгах хамгийн гол аюул бол компьютеруудын тоон хүчин чадлыг нэмэгдүүлж буй явдал юм хэмээн үзжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт энэхүү процесс нь бие даан программ зохиох чадвартай “нэгдмэл зохиомол оюун ухааныг” бий болгон, тэдгээр нь хүний оролцоогүйгээр роботуудыг үйлдвэрлэн, өөрийн “үр удмаа” бий болгох аж.

“Энэ зуунд гэхэд оюун ухаан биологийн хил хязгаарыг даван, электрон системүүд оюун ухаантай болж, бид дэлхий дээрх цор ганц оюун ухаант төрөл байхаа болино” хэмээн Прайс тэмдэглэжээ.

Түүний өгүүлснээр, компьютерууд өөрсдийн хэрэгцээг хангахын тулд хүмүүсийн хүслийг үл харгалзан, түүхий эд, нөөцийг хуваарилж эхэлбэл хамгийн гол аюул гэжээ.

“Магадгүй, хүн төрөлхтөн нөөцийн төлөө тэдэнтэй үзэлцэх хэрэг гарч болзошгүй. Жишээ нь, горилл сармагчинг авч үзье. Хүмүүс тэдэнд дайсагнаснаас бус, харин өөрсдийн хүсэлдээ тааруулан тэдний хүрээлэн буй орчныг өөрчилсний улмаас тэд мөхөхөд хүрээд байна” хэмээн өгүүлсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top