УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарын алсын хараа алдраагүй байх

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

 

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулга авлаа.

-МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэсэн мэдэгдэл хийсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдлын төлөө явна. МАХН-ын нөхдүүд Засгаас яагаад гарах болсноо албан ёсоор мэдэгдээгүй байна. Засагт орно, гарна гэдэг бол  сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Хэдэн сайд, Засгийн газрын асуудал ч биш. 2,8 сая Монголчуудын амьдралын асуудал.  Тийм учраас хөнгөн, гоомой хандаж болохгүй. Ул суурьтай бодож үзэх ёстой.  МАХН-аас албан бичиг ирсний дараа энэ асуудлыг АН бүлгийн хэмжээнд авч үзэх нь зүйтэй.

- Нэг хүний хэргээр  барьцаалан ингэж “сүрдүүлэх” нь ариун явдал мөн үү?

- Н.Энхбаярын асуудал бол тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. МАХН-ыг Н.Энхбаяр  гэдэг ганцхан хүний эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улс төрийн хүчин гэж би бодохгүй байна. Хэрвээ зөвхөн Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас суллахын төлөө ийм алхам хийж байгаа бол энэ нь  дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл болно.  МАХН-д олон жил улс төрд зүтгэсэн  Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай хүмүүс бий. Тэд улс төрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар хардаггүй байх гэж найдаж байна.  Тэдний алсын хараа алдраагүй байх гэж итгэж байна.

- Засгаас МАХН гарсан тохиолдолд АН ямар гарц хайх вэ?

-МАХН засагт байсан ч, байгаагүй ч Монголын төр явдагаараа явна. УИХ-д олонх болсон нам нь бодлогоо тодорхойлж, засгаа хөтөлж, төрийн ажлыг  гацаахгүй явуулна. Ер нь парламентад суудалтай улс төрийн намууд болон бие даагчид МАХН-ын энэхүү ойворгон шинжтэй алхмыг  таатай  хүлээн авахгүй байна. Өнөөдөр бие даагч болон бусад намын төлөөлөлтэй уулзсан.  Тэд нэг нам нэг хүний төлөө бус нийт Монголчуудын эрх ашгийг дээдэлж ажиллахаа мэдэгдэж байсан.

-Бусад намын төлөөлөлтэй гэдэг нь МАН-ынхантай уулзсан гэсэн үг үү?

-Бие даагч, ИЗНН  МҮАН болон бусад намын гишүүдтэй уулзсан.  Парламентын гишүүдийн олонх нь засаглалын  тогтвортой байдлын төлөө зогсохоо илэрхийлж байна лээ.

-АН бол 31 гишүүнтэй байгаа, маргаантай тойргууд дахь гишүүдээ оруулаад, ИЗНН, МҮАН-ынхныг оруулаад Засгийн газар байгуулах гарцыг одооноос эхлээд эрэлхийлээд эхэлжээ гэж ойлгож болох у

 -Миний бие албан бусаар ИЗНН, МҮАН-ынхантай хэд хэдэн уулзалт хийлээ. Бие даагчидтай бас уулзсан. Тэд бүгд тогтвортой засаглалын төлөө явна гэдгээ илэрхийлсэн. Амьдралын асуудал дуусдаггүй шиг амьдрал гарц, шийдлээр ч бас дүүрэн байдаг.  Иймд үүсч буй улс төрийн нөхцөл байдалд сандарч тэвдэх шаардлага байхгүй.  

-АН Засгийн газрыг анх байгуулахад “Нэг эвсэл хоёр нам гэрээ байгуулж байсан. Гэрээнээс татгалзсанаар шинэ Засгийн газраас гарсан тохиолдолд яана ийнэ гэсэн юм бий юу?

-МҮАН, МАХН-ын байр суурь зөрчилдсөн тохиолдолд эвсэл  задарна. Эвсэл задарсан тохиолдолд “Шударга ёс” эвслийн листээр орж ирсэн гишүүд парламентын мандатаасаа татгалзана гэсэн үг. Автоматаар гишүүнийхээ эрхийг алдана. Шударга ёс эвслийн листэд өгсөн саналын хувь хэмжээ хуулиараа бусад намуудад хуваагдаж очно. Энэ тохиолдолд АН болон бусад намуудын парламентын төлөөлөл нэмэгдэх боломжтой. Харин ч АН-д Засаглалыг илүү тогтвортой авч явах боломж нэмэгдэнэ гэсэн үг.  

- “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахыг та дэмжиж байсан уу?

-Би дэмжиж байсан. “Шударга ёс” эвсэлтэй хамтрах бүрэн боломжтой. Яагаад гэвэл “Шударга ёс” эвслийн олонхи ардчилалын баримжаатай  МҮАН-ын гишүүд.  Мөн АН-д болон иргэний хөдөлгөөнд надтай хамтарч байсан хүмүүс бий. Энэ талаас нь илүүтэй итгэж байгаа. “Шударга ёс” эвсэл задарсан ч шударга ёсны талын хүмүүс нь шинэчлэл өөрчлөлтийн төлөө явна гэдэгт би итгэж байна.  

-Эвсэл задрах гэж байгаад харамсч байна гэж ойлгож болох уу?

-Мэдээж харамсалтай. Гэхдээ энэ нь биднээс биш, МАХН-аас хамаарч байна.  Улстөрд ч, амьдрал дээр ч салалт, задрал байдаг. Энэ бол Монголын улстөрд тохиолдож байгаа нэг төрлийн салалт, бас “цэвэршилт” гэж ойлгож болно. Энэ бол магадгүй Монголын  ирээдүйн улстөрийг илүү  цэвэр, тунгалаг болгох эхлэл ч байж болох юм.

- Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр АН-ын бүлэг завсарлага авсан.  Яагаад?

-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой.  Мөн өргөн барьсан хуулийн төслийг илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгаатай холбогдуулан  энэ асуудал дээр завсарлага авсан. Бусад нам, хүчнүүдтэй УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бүрэн, дүүрэн ойлголцох шаардлагатай байна.

-Зөвхөн АН-ын бүлгийн төвшинд үү эсвэл нам эвслийн бүлгүүдийн хэмжээнд үү?

-Аль аль нь.

-МАН-аас эцсийн байдлаар тохиролцсон ч АН-ынхан  байнгын хороон дээр зангаа хувиргаж байна гэсэн тайлбар өгч байгаа. Үнэхээр тийм юм уу?

-УИХ болон байнгын хороон дээр завсарлага авах эрх нь бүлгүүдэд нээлттэй байгаа. Бид МАН-ыг  хуулийн хүрээнд улс төрийн намын үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа. МАН төрийн ордонд буйдантай суулт хийх,  УИХ-ын чуулганы хуралдааныг таслах зэргээр  хууль зөрчсөн үйлдлүүд их гаргаж байна.  УИХ-ын гишүүн бүлэгтэй ч, бүлэггүй ч  төрийн ажлыг хийх ёстой.  Бүлэг байгуулах хугацаа 24 цаг байдаг. Тэр хуулийг МАН-ынхан өөрсдөө санаатайгаар зөрчсөн. Үүнийг нь цайруулах гэж  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь зөв зүйл биш.  Манай намын бүлэг дээр ч энэ асуудлаар санал зөрөлдөж байгаа.  Хууль зөрчигчдыг  дэмжих хэрэггүй. Хууль зөрчдөг нам, ёс зүйгүй улс төрчдөд зориулж хууль батлах ёсгүй. 

-МАН-ын бүлгийг  байгуулж өгөхгүй цаг алдсанаас үүдэн танай намын нэр хүнд унаж орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцлоо гэсэн яриа гарч байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-АН 21 аймгийн 14-т нь буюу дийлэнх олонход нь ялалт байгуулсан байна. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан байна.  Энэ бол том амжилт. Монголд коммунизм сууриараа  ганхсаны илэрхийлэл.  

Иргэд аливаа  сонгуулиар улс төрчид болон улс төрийн намуудад дүн тавьдаг. Энэ сонгуулиар АН онц, МАН дунд гэсэн үнэлгээ авлаа.  

 Ардчилсан нам  хариуцлагатай, ил тод улс төрийн төлөө явж байгаа.  Бүх асуудлыг ханцуйн дотор бус хуулийн хүрээнд шийднэ. Авилгаар бус ард түмнээсээ асууж шийднэ.  МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ыг бүлэгтэй болгох зорилгоор оруулж ирсэн хуулийн төслийг олон гишүүн дэмжихгүй байга. Нэг нам, нэг хүнд зориулсан хууль байх ёсгүй. Аливаа хууль нь нийт ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байх ёстой. 

-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top