Eрөнхий сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

- Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үр өгөөжтэй хамтын ажиллагаа чухал-

 

Гишүүн улсуудын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах, терроризм салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэхийг үндсэн зорилгоо болгосон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) чуулга уулзалт энэ сарын 4-6-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж байна.  Анх 1996 онд хилийн бүсийн итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикстан, Киргиз гэсэн 5 улс гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээн үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллагын  хамрах хүрээ жилээс  жилд өргөжсөөр өдгөө ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан  гишүүний,  Монгол, Иран, Пакистан, Энэтхэг ажиглагчийн, Беларус, Шри-Ланк улс түншийн статустай оролцож байна. Манай улс 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш дээрх арга хэмжээнд тогтмол оролцож байна. Энэ удаагийн уулзалтад Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг оролцож буй бөгөөд тэрбээр Тэргүүн шадар сайд байхдаа уг уулзалтад мөн оролцож байсан юм.  Энэ нь Ерөнхий сайдын хувиар оролцож буй анхны гадаад арга хэмжээ юм.

 

 

ШХАБ-ын уулзалтад БНКУ-ын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев болон Бүгд найрамдах Казахстан, Узбекстан, Тажикстан, Пакистан улсын Ерөнхий сайд, Иран, Афганистан улсын нэгдүгээр дэд Ерөнхийлөгч нар оролцсон юм.

 

Манай улсын хувьд ШХАБ-д ажиглагч байснаар төв Азийн бүсэд өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад идэвхтэй оролцох боломж бүрдсэн. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох гол суваг нь ШХАБ болдог учир өндөр ач холбогдол өгсөөр ирсэн юм.

 

 

Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны индрээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй бодлогыг танилцуулж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд түнш орнууд, олон улсын байгууллагуудтай харилцах харилцаа, үр өгөөжтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх болохыг илэрхийллээ. ШХАБ-ын үйл ажиллагаа тэр дундаа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд манай улс түлхүү ач холбогдол өгдөг. Тиймээс “Олон улсын авто замын тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээр”-ийг гишүүн орнууд удахгүй байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны зам барих төсөлд ОХУ, БНХАУ зэрэг ШХАБ-ын орнуудтай хамтрах сонирхлоо илэрхийллээ.  Мөн таван тэрбум долларын хөрөнгөөр босох 1800 км төмөр зам барих төсөлд гадаадын компаниуд хувь эзэмших хэлбэрээр оролцох боломж нээлттэй байгааг дуулгалаа.

 

 

Өргөтгөсөн хуралдааны дараа Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Анатолович Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев  нартай тусгайлан уулзаж, БНКУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Атанбаевт бараалхана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top