Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хүнс импортлоно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.05/ хуралдаанаар “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, зэрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар Авлигын эсрэг олон улсын академийг 2010 оны есдүгээр сард албан ёсоор нээсэн юм байна.

Одоогийн байдлаар нийт 53 улс тус академид олон улсын байгууллагын статус олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, тэдгээрээс 29 улс нэгдэн ороод байгаа аж.

Авлигын эсрэг олон улсын академи авлигын эсрэг боловсрол, сургалт, судалгаа, харилцаа хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой ажээ. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн салбар, орон нутаг, бүс нутаг болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрлийн байгууллагатай хамтран ажиллах юм байна.

Тус академи 2010 оноос эхлэн авлигын эсрэг богино хугацааны сургалт,  семинарыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2011 оны зунаас эрдмийн зэрэг олгох хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлжээ.

Манай улс энэ академид олон улсын статус олгох тухай хэлэлцээрт нэгдэж, цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, техникийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр үр дүнтэй хамтран ажиллах боломж нээгдэж, авлигатай тэмцэх ажлын үр өгөөж сайжирна хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд танилцууллаа.

Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг судлах боломжийг олгох үр өгөөжтэй арга хэмжээ учир дээрх хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзсэн юм. Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг баталлаа.

Үүний дараа Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалүдан гарах хуулийн төслүүдитйн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хүнсний хуулийн төслийн дараа Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх юм байна. Энэ хоёр хуулийн ажлын хэсэг тус тусдаа ажиллав уу, хамт ажиллав уу. Хуулиудад буй давхардлыг арилгав уу. Хүнс, түүний аюулгүй байдал үнэхээр чухал. Хяналтын тогтолцоог хэрхэн шийдэхээр тусгасан бэ. Мэргэжлийн хяналтыг хэрэггүй гэж байгаа ч аюулгүй байдал үнэхээр чухал. Мэргэжлийн хяналтыг яам яамдад хяналтыг тарааснаар хяналтын давхардлыг арилгаж болох ч эмийн болоод хүнсний хяналтыг хамтад нь, нэг гарт байлгахаас аргагүй. Хийдэл цоорхой гаргахгүй байхад хэрхэн анхаарах юм бэ гэж асуусан.

УИХ-ын гишүүн А.Бакей, Хоёр  хуулийн нэгийг УИХ-ын гишүүд, нөгөөг Засгийн газраас өргөн барьсан. Хамтарсан ажлын хэсэг 33 хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, зургаан удаа хуралдсан. Хоёр хуулийн давхардлыг арилгах, нэр томьёог нэг мөр болгоход анхааран ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар сайд Д.Тэрбишдагва болоод МХЕГ-аас гурван мэргэжилтэн ажилласан.

Хуульд  түүхий эдээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэл хүнсний гинжин хэлхээнд оролцогч бүр хүнсний аюулгүй байдалд дотоодын хяналт тавих талаар тусгаж өгсөн. Төрийн болоод хөндлөнгийн хяналт мэдээж байна. Хүнсий асуудал эрхэлсэн хяналтын байгууллага хяналт тавихаар тусгасан. Шинэчлэлийн Засгийн газар эм, хүнсий аюулгүй байдлын хяналтын тогтолцоог хэвээр байлгах чиглэлтэй байгаа юм байна лээ. Түүнчлэн Төрийн бус байгууллага болоод хүнсний гинжин хэлхээнд оролцогч талуудын төлөөлөл хөндлөнгийн хяналтын бүрэлдэхүүнд багтах болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Энэ хуулиуд батлагдсанаар импортын хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналтад өөрчлөлт гарах уу. Үндэсний стандарт гэж байгаа юу. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдгийг яаж тогтоож явах юм бэ гэж лавлалаа.  

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох шаардлагыг хуулиар тавьж байгаа. Импортлох хүнс нь баталгаажуулсан, стандартын шаардлага хангасан үйлдвэрийнх байна гэж заасан. Дэлхий даяар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар судлаад ийм бүтээгдэхүүн хэрэглээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Гэхдээ лабораториор эрсдлийн үнэлгээ хийгээд стандартын шаардлага хангасан гэж үзвэл импортолж болно гэж үзсэн байгаа гэж хариулсан юм. Дээрх хуулийн төсөлд импортлох хүнсий хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх, генийн өөрчлөлттэй хүнсний талаар мэдээлэл өгөх асуудлыг тодотгон оруулсан аж. Харин гадаадын зээл тусламжаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулахыг хориглож, лавлагаа лабораторийн чиг үүргийг илүү тодорхой болгон, шошгон дээр нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол түүнийг заасан тэмдгийг заавал тавихаар заасан гэж ажлын хэсгээс тодотгон тайлбарласан юм. .

Хүнсий холбогдолтой 700 гаруй стандарт мөрдөгдөж байгаа бол үүний 50 гаруй хувь нь олон улсын чанарын шаардлага хангасан стандарт байдаг юм байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Манай орон хүнсий бүтээгдэхүүний хэдэн хувийг гаднаас авч байна вэ. Үүнд ямар дүгнэлт хийн хуулиндаа заалт оруулж байгаа юм бэ гэж асуулаа.

УИХ-ын гишүүн А.Бакей, Хүнсний бүтээгдэхүүний 70 гаруй хувийг гадаадаас авч байна гэсэн судалгаа байдаг. Монголчууд дотоодын нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийгээд импортоос хараат байдлыг бууруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд зарим урамшууллыг олгох, төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгасан. Тухайлбал, түүхий сүүний нөөц хангалттай байхад хуурай сүүг импортоор авдаг. Төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж буй атлаа төмсөөр үйлдвэрлэдэг чипс зэрэг бүтээгдэхүүнийг гаднаас авах жишээтэй. Тийм болохоор дотоодод байгаа түүхий эдийн нөөцөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээр хуулийн төсөлд тусгасан байгаа гэж хариулсан юм.

Гишүүд ийнхүү асуулт асууж, тайлбар авсны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top