“Хонхны дуутай”, 23 жилийн өмнөх энэ л өдөр...

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 10

“1989 оны арванхоёрдугаар сарын 10. Өглөө. Тэнгэр цэлмэг, нартай сайхан өдөр гарч байна. Хялмаалах цасан ширхэгүүд өглөөний нарны туяанд гялалзан харагдана...” хэмээн 23 жилийн тэртээ өөрсдийн амь амьдрал, залуу нас, хүсэл эрмэлзлэлээрээ дэнчин тавин байж, бидэнд өнөөдрийн эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийг авчирсан МОАХ-ны анхны Партизануудын нэг, сэтгүүлч Сүхбаатарын Амарсанаагийн дурдатгал эхэлж байна.  Тийм ээ, энэ л өдөр Монголын түүхэнд нэгэн цоо шинэ хуудсыг нээн, ганц намын дарангуйлалтай, “газар доорх нүхэнд” амьдарч буй мэт балар харанхуйд будилж явсан бидний нүд, чих, амыг “онгойлгосон” билээ. Энэхүү түүхэн өдрийн талаар  хойч үедээ дэлгэрэнгүй танилцуулж, өнөөдрийн ардчилал ямар үнэ цэнээр бидэнд олдсоныг ухааруулах үүднээс сэтгүүлч С.Амарсанаагийн дурдатгал хэсгийг бүрэн эхээр нь толилуулахыг зорилоо.  

“8 цаг гэхэд бид Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд цугларав. Техник хэрэгсэл олж бэлдэнэ, би хэлмэгдсэн Элдэв-Очир жанжны ач хүү байгаа юм гээд яриад явсан нөгөө залуу үзэгдсэнгүй. Дотор палхийгээд явчихав. Шууд машин бариад 3 дугаар эмнэлэг рүү ажил дээр нь давхиад очлоо, байдаггүй. Баривчлаад аваад явчихлаа гэж хэлүүлсэн гэнэ. Эргээд давхилаа.

Залуучуудын Соёлын Төв дээр ирвэл хүмүүс цугларч байна. Тэгтэл телекино үйлдвэрийн Д.Жамъян том “Хонда” мотор дамжилчихсан ирж яваа харагдав. Арай  тайвширч байна. Одоо бензин олох хэрэгтэй. Бат-Үүл бид хоёр хажуугаар өнгөрч явсан улбар шар өнгийн “Москвич” суудлын тэргийг зогсоогоод бага зэрэг бензин өгөөч гэж гуйв. Аз болоход тэр жолооч татгалзсангүй бензин өгснийг нь “Хонда” мотортоо хийв.

Ц.Элбэгдорж “Жүжигчин Г.Равданд хэлсэн одоо ирнэ, бид хоёр хамтдаа цуглаанаа хөтөлнө” гэв.  “Хонх” хамтлагийн  С.Цогтсайхан, Н. Энхбаяр хоёр гитартайгаа иржээ. Өчигдөр оройны хурлаар МоАХ-ны ЕЗЗ-д элссэн Гандангийн лам Д.Баасан захисан ёсоор шар гадартай үнэгэн лоовууз, улаан хүрэн өнгийн хүрэмтэй, лам дээлтэйгээ ирсэн нь үлэмж сүрлэг бас билэг дэмбэрэлтэй харагдана.    

Их дээд сургуулиуд оюутнуудаа, албан байгууллагууд ажилчдаа Хандгайт руу захиргаадаж зориудаар явуулна гэсэн, хүн цөөн ирэх байх гэж санаа зовж байтал санасныг бодвол олон хүн иржээ. Гэрэл зурагчид, сурвалжлагчид бас ирцгээжээ. 

Монголын Ардчилсан Холбоо гэж хоёр хэл дээр бичсэн хамгийн том лоозонгоо шатны ард байрлуулав. Лоозонгуудаа барих залуучууд, цэнхэр туузтай хамгаалалтынхан ч байраа эзэллээ. Би гэрэл зургийн аппаратандаа тохируулгыг нь хийгээд ангийнхаа Т. Баяраад  өгч “Намайг өргөн барих бичгээ унших үед зураг дараарай” гэж захив.    

Кино үйлдвэрт ажилладаг авга ах, зураач П.Сосорбарам ирсэн хүмүүсийн тоог бүртгэсэн жагсаалтаа надад өгөв. Ах хэлж байна: “Май үүнийгээ ав. Гар бээрээд үзэг царцаад цааш нь бичиж болохгүй байна” гэв. Жагсаалтад Барилгын Зургийн Төв Институтын архитекторууд, “Орчлон” клубын 20 хүн, Кино үйлдвэрийн уран бүтээлчид 25 хүн, Телекино үйлдвэрийн 16 хүн, Монументаль чимэглэлийн үйлдвэрийн зураач урчууд 11 хүн,  ПДС, АУДС, МУИС-ийн оюутнууд, жүжигчид, эмч нар, ажилчид гэж тэмдэглэжээ. Нүдэн барагцаагаар бол З00 гаруй хүн цуглаанд оролцохоор иржээ.   

10 цаг боллоо. Ц.Элбэгдорж цуглааныг нээж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг мэдэгдлээ. Дараа нь би улс төрийн 13 шаардлага бүхий өргөн барих бичгээ уншиж, МоАХ эдгээр улс төрийн шаардлагаараа Монгол оронд Ардчилсан хувьсгал эхлүүлж байгааг тунхаглан зарлав. Бид Олон улсын хүний эрхийн өдөр ийнхүү өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээ амьдралдаа анх удаагаа эдлэв. Ганц энэ эрх биш юм. Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, тайван цуглаан хийх гэх мэт бусад олон эрхээ бас эдлэв. 

Олны танил жүжигчин Г.Равдан Ц.Элбэгдоржтой хамт цуглаан хөтөлж байна. Азбаяр, Энхээ, Энхтүвшин, Базаррагчаа нар тохирсон ёсоороо бэлдсэн үгээ хэлэв.

Цуглаан яг ид дундаа үргэлжилж байхад “Хонда” моторын бензин дуусчихав. Хэсэгхэн зуур сандарцгаав. Тэгтэл Залуучуудын Соёлын Төвийн удирдлага дотроосоо цахилгаан өглөө.

Цуглаан ид үргэлжилж байхад жүжигчин Г.Равдан Зөвлөлтийг шүүмжилсэн үг хэлчихсэнд Г.Бошигт гуай ихэд уурлаж “Ингэж яаж болдог юм бэ, дөнгөж эхлэнгүүтээ шууд зөвлөлтийн эсрэг дайрвал хүн амьтан хүлээж авахгүй одоо очиж залруул гэж хэл” гэв. Би тэр дор нь энэ үгийг нь дамжуулав. Г.Равдан өмнө нь хэлсэн үгээ маш хурдан залрууллаа.  

Цогоо, Энхбаяр хоёр “Хонхны дуугаа” дуулав. Энэ дуу тэр өдрөөс эхлэн Ардчилсан хувьсгалын сүлд дуулал болж биднийг ямагт зоригжуулан, олон түмнийг уриалан дуудах болсон билээ.

Энэ цуглаанаас ард түмнийхээ сонорт хүргэсэн өргөн барих бичиг маань бидний тэмцлийн мөрийн хөтөлбөр болсон юм. Нөгөө Монгол Ардын Намын эрмэлзэх 10 зүйл гэдэг шиг.

Цуглаанаа тараад бид шууд МУИС-ийн хоёрдугаар байранд С.Зоригийн ажлын өрөөнд ирэв. Сэтгэл маш өндөр байна. Бид цуглаанаа амжилттай зохион байгуулж чадлаа. Эмх замбараагүй байдал, үймээн самуун гарсангүй.  Зөвлөлтийн телевизийн сурвалжлагч зураг авсан, мөн манай радиогийн сурвалжлагчид ирж дууны бичлэг хийжээ. 

Цайгаа уучихаад орой цуглахаар тохироод тарав. Орой 17 цагт МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн байранд С.Зоригийн өрөөнд цуглав. Д.Энхбаатар хэлж байна: “Цуглаан дээр  Ардчилсан Германы АДН-ын Пуго Кропелин, ТАСС-ын Ким Болдоханов, СИНЬХУА агентлагийн Ли Же Хуа зэрэг сурвалжлагчид, АНУ, Англи, Япон, Лаос, Вьетнамын ЭСЯ-ны хэвлэлийн атташе нар ирсэн харагдсан. НАХЯ-ны ажилтнууд, сэргийлэхийн ажилтнууд энгийн хувцастай олноороо ирсэн. Тэд эхнээс нь дуустал нь видеогоор бичлэг хийсэн. Лоохууз, Жалан-Аажав нар ирсэн” гэв. 

Бид эрчээ алдаж болохгүй тэгвэл бүх юм зүйл дуусна гэж ярилцав. Ирэх долоо хоногт бас цуглаан хийнэ. Хийх хийхдээ бүр Сүхбаатарын талбайд хийнэ. Тиймээс өнөөдрөөс зараа тараах хэрэгтэй гэж ярилцаад анхаарах зүйлүүдээ тохиров. Үүнд:

-          Өргөх бичигт хариу өгөхгүй бол тулган шаардах бичиг өгнө, ингээд хариу өгөхгүй бол дахиад цуглаан хийнэ, ингээд болохгүй бол ажил хаялт зохион байгуулна

-          Улс даяар цуглаан зохион байгуулах

-          Улс даяар ажил хаялт зохион байгуулах арга хэмжээгээ бодох

-          Үүний тулд юу хийх, яах ёстойгоо хүн бүр дор дороо сайн бодоорой гэж ярилцаад тарлаа”

 23 жилийн өмнөх түүхэн өдрийн дэлгэрэнгүй зураглал энэ! Тухайн үед чухам хэн, хэн тэргүүн фронтод “дайтаж” явсан нь энэхүү өдрийн үйл явдлаас тодорхой хэмжээнд харагдахаар байна. Хэдийгээр энд заримынх нь нэр дурдагдаагүй ч С.Зориг, Ц.Элбэг­дорж, Э.Бат-Үүл, С.Амар­санаа, Б.Энх­түв­шин, Б.Нинж, Ц.Энхтүвшин, Б.Билигт, С.Эр­дэнэ, Дарь.Сүхбаатар, Д.Дор­лиг­жав, Б.Галсандорж, Б.Жар­галсайхан... гээд олон анхдагчид ардчиллыг дэмжигч мянга мянган хүмүүсийг тэмцэлд уриалж чадсан. Харин тэдний олонхи бус, “тэс хөндлөнгийн нөхдүүд” ардчиллын үр шимийг дэндүү ихээр “хүртэн”, хагарч, язартлаа баяжицгаасан.

Нэгэн суутны өгүүлсэнчлэн, “Хувьсгалыг УХААНТНУУД санаачлан, ЗОРИГТНУУД гүйцэтгэж, харин үр өгөөжийг нь БЭРТЭГЧИНГҮҮД хүртдэг” гэсэн үг юутай үнэн!...

Д.Мягмарсүрэн 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top