УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: МАХН-ыг гэр бүлийн нам гэж харагдуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ярилцлагаа эхлүүлье?

- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон Хүнсний тухай гэсэн хоёр хууль бий. Хүнсний тухай хуулинд газар тариалангаас эхлээд идэхэд бэлэн болоод ширээн дээр ирэх хүртэлх бүх үе шатыг зохицуулах тухай тусгагдсан. Зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй компани л импорт, экспортод оролцох ёстой. Зохистой дадлыг нэвтрүүлсэн байгаа.

 Харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль нь хүнсний бүтээгдэхүүний үе шат бүрт хяналтын тогтолцоо нэвтрүүлж байгаа. Мөн ганзагын наймаагаар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдлыг зохицуулна. Хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээг гаалийн байгууллагын даргын гаргасан журмын дагуу тогтоож өгнө. Хэрэв их хэмжээгээр оруулж ирвэл хариуцлага хүлээлгэдэг болох юм.

- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэрийн дор  сүлжээний эм бэлдмэл манайд орж ирэх болсон. Үүнийг дээрхи хуулиудаар хэрхэн зохицуулж байна вэ?

- Эрүүл мэндийн яамтай хамтран яг ямар бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлт гэж  үзэх вэ гэдгийг тодорхой болгоно. Ингэсний дараа хуулиар зохицуулж өгөх юм.

- АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй хэмээн МАН үзэж буй. Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?

- Шүүхийн шийдвэр эцсийнх. Энэ хоёр хүн УИХ-д орж ирэх ёстой гэж гаргасан бол түүнийг хүлээж авах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь шударга сонгууль явагдах ёстой. Архи, мөнгө тараасан бол шударгаар сонгуульд оролцсон явдал биш. УИХ бүрэн бүтэн байх хэрэгтэй. Тиймээс ард түмнээс сонгогдсон гишүүдийг даруй тангараг өргүүлчихвэл зүгээр. Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг тангараг өргүүлэхээр УИХ-д оруулаад ирвэл би дэмжинэ.

- Та яг аль шатны шүүхийг хэлж байна? АН, МАН-аас нэр дэвшигчид бие биенээ шүүхэд өгчихсөн шүү дээ?

- Аль ч шатных бай би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ.

- МАХН нэг хүний хэргийг улсын ажилтай холбож байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү?

-Засгийн газар хамтарч байгуулчихаад ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргаж буй нь МАХН-ыг гэр бүлийн нам гэж харагдуулж байна. Үүнд эсрэг байр суурьтай байгаа. Алс хэтээ харахгүй байгаа юм болов уу даа, тэд.

- Тус намаас нэг гишүүний асуудал маргаантай байгаа та үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Тэр бол тухайн намынх нь дотоод асуудал. 

- Ярианыхаа сэдвийг өөрчлөөд бондын талаар ярилцъя. Болох уу?

- За.

-Засгийн газраас их хэмжээний бонд гаргаж байна.  Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс түүхэндээ анх удаагаа олон улсын санхүүгийн зах зээл дээр таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болж, УИХ-аар баталлаа.  Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдээр Эзэн богд Чингис хаанаараа овоглосон бонд арилжаалагдаж байна. Монгол Улсыг дэлхий нийт нэг үеэ бодвол хүлээж авдаг болж. Энэ нь манай улстай олон нийт арилжаа наймаа, хөрөнгө оруулалтын талаар ярьж эхэлснийг илтгэж буй юм. Мөнгө зээлсэн газар манай улсыг ардчилсан орон учир энэ хөрөнгийг үр дүнтэй ашиглана гэсэн итгэл найдвартай байгаа.Тиймээс бондыг зарцуулах асуудал маш чухал. Ардчилсан хувьсгалаас хойш 23 жилийн хугацаанд энэ өндөрлөгт хүрэхийн тулд бид маш их саад бэрхшээл туулсан байдаг.

- Бондын зарцуулалтын хяналтын хувьд жоохон тааруу юм шиг санагдсан. Таны хувьд?

-  Энэ мөнгөний зарцуулалтыг  УИХ-ын хоёр  байнгын хороо биш бүгдээрээ хянах ёстой. Олон нийтийн хяналт зайлшгүй шаардлагатай байна. Бид маш бодитой ТЭЗҮ-тэй төсөлд ашиглах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ хийгдэж байгаа. Хэрэв бид буруу зарцуулбал Чингис хааныхаа нэрийг дэлхийд худалдаж байгаагаас өөрцгүй. Нэг ёсондоо бид улсынхаа нэрийг барьцаалаад мөнгө авсан. Тиймээс цаашид улстөрчид хариуцлагатай мэдэгдэл хийж байх ёстой. Өнгөрсөн долоо хоногт МАХН засгаас гарна гэхэд манай бонд Лондонгийн хөрөнгийн бирж дээр найман хувиар унаж, хүү нь өссөн байна лээ. Энэ маш ноцтой асуудал. Бонд Монгол Улсын дансанд орж ирсэн цагаас хойш манай улс төрчид хариуцлага гэдгийг бодит утгаар нь ойлгох хэрэгтэй.

Манайх олон бонд гаргаж байсан. Намайг 2008 онд анх УИХ-ын гишүүн болж байхад ноос ноолуурын салбарынханд 40 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаж байсан. Тухайн үед үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Одоо бондууд ар араасаа цувран гарч байна. Эдгээр бондыг гаргахаас өмнө хамгийн анх гаргаж байсан бондуудын зарцуулалт ямар байсан эсэх, зориулалтын дагуу ашиглаж чадаж уу зэргийг судлах ёстой. Хэрэв эдийн засгийн үр өгөөж багатай байвал асуудлыг өөр өнцгөөс харах нь зүйтэй. Цаашид УИХ-аас бонд гаргахад анхаарах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Манай улс хамгийн сүүлд арьс ширний үйлдвэрлэгч нарт зориулж бонд гаргалаа.  Гэтэл өмнөх бондуудын хүү, эдийн засгийн судалгаа тооцоо байдаг эсэх нь эргэлзээтэй. Эдийн засгийн хувьд ашигтай гээд бонд гаргаад байгаа үгүйг тодруулж нэг мөр болгох хэрэгтэй. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бонд гаргаж байгаа нь зөв. Аж үйлдвэр болон арьс ширний боловсрох үйлдвэрийг монголын төр л хөл дээр нь босгож чадна. Тиймээс төрөөс дэмжих нь зүйтэй. УИХ дахиад энэ чиглэлээр бонд гаргахгүй байх.

- “Чингис” бондоор санхүүжих төслүүд “бүрхэг” байгаа нь асуудал болоод байна?

-Энэ яг бодитой болоод байгаа зүйл. Хөгжлийн банкаар 500 гаруй сая ам.долларын бонд гаргасан. Түүний хүүнд бид өдөрт 90 сая төгрөг төлж байгаа. Энэ мөнгөөр нэг цэцэрлэг барихад хангалттай хүрэлцэнэ. Манай төр засгийн бүтэц доголдож байгаагийн нэг шинж. Хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байгаа учраас ийм асуудал гарч байна. Хариуцлага дутаж буйгийн нэг тал шүү дээ. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр МАН-ынхан Хөгжлийн банкнаас иргэдэд нийгмийн халамж хэлбэрээр мөнгө тараах гэж байсан. Харин тухайн банкинд уг асуудлыг хариуцаж байсан албан тушаалтан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн татгалзаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Бид цаг хугацаа алдмааргүй байна. Нэгэнт л хүү төлөөд эхэлчихсэн учир ТЭЗҮ-ийг цаасан дээр яаралтай буулгаж, бодитой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

- Арьс ширний салбарыг хөгжүүлэх зорилгоор бонд гаргаж байгаа. Энэ бонд “нүдээ олсон” уу?

- Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх хэрэгтэй байна. Туул гол руу бохирдсон ус маш ихээр орж байгаа. Тиймээс нэгэнт тэд дэмжлэг авч байгаа учраас уг ажлыг хийх ёстой. Мөн ажлын байраа нэмэгдүүлэх нь чухал. БНХАУ манай арьс ширний томоохон зах зээл байсаар ирсэн. Үеийн үед манайхаас хагас боловсруулсан хямд үнэтэй бүтээгдэхүүн авч байна. Бид эцсийн бүтээгдэхүүнээ эх орондоо гаргах байгальд хоргүй технологи нэвтрүүлэх нь чухал. Энэ бүхнийг одоо гаргаж буй бондоор дэмжиж байгаа. Одоо үр дүнг нь шаардах ёстой. Тиймээс ҮХАА-н яамнаас өмнө нь гаргаж байсан бондын хэрэгжилтийн үр дүнг би шаардсан. Удахгүй надад материал нь ирэх байх. Тэр үед нь байр сууриа илэрхийлнэ.

- Хүний хөгжил сангаас олгох 340 мянган төгрөгийн эх үүсвэрийг бонд гаргаж шийдвэрлэнэ гэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- Хөрөнгө мөнгө хэрэгтэй болохоор л бонд гаргадаг энэ хэлбэр оновчтой биш. Сая тэрбум орчим ам.долларыг нийгмийн халамж руу тараасан. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмадуудад өгөх мөнгийг олгох ёстой ч бонд гаргах замаар өгнө гэдэгтэй санал нийлэхгүй байгаа.

- Бонд гаргахын тулд хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт заалт оруулах нь зүйтэй юу?

- Үүнийг би дэмжихгүй байгаа. УИХ дээр ямар тохиолдолд бонд гаргах ёстой вэ гэдгийг дахин сөхөж яримаар байна.

- Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top