Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас ихэвчлэн бүрддэг тус байгууллагын Сайд нарын зөвлөлийн 19 дэх хуралдаан Ирланд Улсын нийслэл Дублин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд боллоо.
Монгол Улсыг оролцогч орноор элсүүлсэнийг албан ёсоор батламжилсан энэхүү хуралдаанд манай улсын Засгийн газрыг Гадаад харилцааны сайд Л. Болд төлөөлөн оролцлоо. Дэлхийн II дайны дараагаас 30 гаруй жил үргэлжилсэн “Хүйтэн дайн”-ы төгсгөлөөр Атлантын далайн хоёр эрэгт, ялангуяа Европ тивийн баруун хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх, хямралт байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эв зүйгээр зохицуулах, хямралын дараа сэргээн босгох ажиллагаа явуулах зорилгоор эхэлсэн яриа хэлэлцээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурал (ЕАБХАБХ) болж улмаар зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна хүний эрх, ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх асуудлаар байнга уулзаж хэлэлцдэг бүс нутгийн байгууллага болтол өргөжсөн байна
Финланд Улсын нийслэл Хельсинк хотноо 1975 оны 8 дугаар сарын 1-нд хуралдсан ЕАБХАБХ-ын төгсгөлд цэрэг-улс төр, эдийн засаг ба байгал орчин, хүний эрхийн асуудлаар гишүүн орнуудын хүлээх гол үүргийг тусгасны дээр төр засгийн зүгээс иргэд болон улс хоорондын харилцаанд баримтлах үндсэн зарчмыг тодорхойлсон баримт бичгийг баталсанаар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үндэс тавигдсан билээ.
Эхэндээ уулзалт, хурал зохион байгуулах хэлбэрээр ажилласан ЕАБХАБХ-ын үйл ажиллагаа 1990–ээд оноос тогтмолжиж, Ерөнхий нарийн бичгийн даргын газар, төрөлжсөн байгууллага, төлөөлөгчийн газруудтай болж 1990 оны 11 дүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтаас “Шинэ Европын тухай Парисын харти”-ийг баталсанаар байнгын ажиллагаатай бүс нутгийн хамгийн том байгууллага болсон байна.
Будапешт хотноо 1994 онд болсон дээд хэмжээний уулзалтаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гэж нэрлэгддэг болсон энэ байгууллага аюулгүй байдлын тухай ойлголтыг цогц байдлаар авч үзэх, 21 дүгээр зууны олон улсын аюулгүй байдлыг шинээр тодорхойлох, байгууллагыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нь бэхжүүлэхээс гадна хамрах хүрээг тэлж Владивлстокоос Ванкувер хүртэлх Евроазийн өргөн уудам бүс нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг тогтоох зэрэг шинэ шинэ зорилтыг удаа дараа дэвшүүлсэн нь амжилттай хэрэгжиж байна.
Оролцогч орнууд нэг нэг жилээр ээлжлэн даргалж жил бүрийн эцэст Сайд нарын зөвлөлийг нутагтаа хуралдуулж дараа жилийн үйл ажиллагаа болон бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, чиг удирдамж болох шийдвэрүүдийг гаргадаг. ЕАБХАБ-ыг 2012 онд даргалсан Ирланд улс Сайд нарын зөвлөлийн 19 дэх хурлыг өөрийн оронд ийнхүү зохион байгууллаа.
Сайд нарын зөвлөлийг хуралдаагүй цагт гишүүн орнуудын Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг Байнгын зөвлөл Австри улсын нийслэл Вена дахь Хофбург ордонд долоо хоног бүрийн Пүрэв гаригт чуулж ЕАБХАБ-д хамаарах бүхий л асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргадаг. Байнгын зөвлөлийг мөн л ЕАБХАБ-ын тухайн жилийн дарга улс удирдан явуулдаг.
Түүнчлэн зэвсэглэлд хяналт тавих, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт болон Европт ердийн зэвсгийг хязгаарлах тухай Гэрээний биелэлтийг хангах асуудлыг хариуцдаг Хамтарсан зөвлөлдөх хэсэг, Эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг Прагад төвтэй Эдийн засгийн чуулга уулзалт мөн жил бүр хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргадаг.
ЕАБХАБ-ын үйл ажиллагааг ЕАБХАБ-ын дарга удирдан явуулдаг бөгөөд Украйн, Швейцарь, Серб улсын Гадаад хэргийн сайд нар 2013, 2014, 2015 онд энэ үүргийг гүйцэтгэх болно. ЕАБХАБ-ын дарга тус байгууллагыг өмнөх жил нь даргалсан болон дараа жил даргалах улсын Гадаад хэргийн сайд нартай хамтран Гурамсан удирдлагын зарчмаар ажилладаг нь түүний үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, тасралтгүй удирдлагаар хангах боломжийг олгодог.
ЕАБХАБ-ын даргыг төлөөлөх, ажилд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын бүтэц, үйл ажиллагааны удирдлагыг хариуцдаг Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор Стратеги бодлогын газар, Tерроризмтэй тэмцэх алба, Хил дамнасан хууль бус наймаатай тэмцэх алба, Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төв, Эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг зохицуулах алба, Хүний нөөц, Удирдлага, санхүүгийн газар, Гадаад харилцааны хэлтэс, Жендерийн асуудал хариуцсан болон Сургалтын хэсэг ажилладаг. Гурван жилийн хугацаагаар томилогддог энэ албыг өдгөө Италийн дипломатч Л.Занниер хашиж байна.
Варшавт төвтэй Ардчилсан байгуулал ба хүний эрхийн асуудал хариуцсан алба нь гишүүн орнуудад явагддаг сонгуулийн үйл явцыг ажиглах, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагуудад арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулан сургалт зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, хүнийг хүйс, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил болон бусад шалтгаанаар алагчлан гадуурхахтай тэмцэх, хуулийг дээдлэх, ардчиллыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн ажиллагаа явуулдаг.
Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Гаагад төвтэй Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба чухал үүрэгтэй оролцдог бөгөөд үндэсний цөөнхийг хамарсан мөргөлдөөн, аливаа зөрчлийг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг.
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах, хэрэгжүүлэх талаар гишүүн орнууд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдалд хянал тавих, гаргасан зөрчлийг арилгуулах үүрэгтэй Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдаад ажиллаж байна.
Гишүүн орнуудын 320 хууль тогтоогчдоос бүрддэг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцон, зөвлөмж гаргах замаар гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагуудын оролцоог өргөжүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1991 онд байгуулагдсан бөгөөд гишүүн орнуудад ээлжлэн чуулж цаг үеийн тулгамдсан болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны асуудлуудаар тунхаг бичиг гаргадаг. Энэхүү чуулганд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, Ассамблейн гишүүдийн асуултанд хариу өгдөг. Парламентын Ассамблей гишүүн орнуудын парламент хоорондын яриа хэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орнуудын сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ажиллагааг мөн явуулдаг.
ЕАБХАБ нь Албани, Армен, Азербайжан, Беларусь, Босни Герцеговин, Хорват, Гүрж, Казахстан, Кыргыз, Македон, Молдав, Серб, Монтенегр, Тажикстан, Туркменстан, Украин, Узбекстан зэрэг 17 оронд 19 Төлөөлөгчийн газар ажиллуулдаг байна.
ЕАБХАБ-ын төсөв 150 сая евро болсны 72 хувь нь төлөөлөгчдийн газрын үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд нийт 3500 гаруй хүн ажилладгийн 3000 гаруй нь төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажиллагаанд хамрагддаг, тэднээс 4 дахин олон хүн тухайн улс орнуудаас цалинжин ажилладаг байна. 2013 оны тухайд Венад 13 орон тоо нэмэгдэж,төлөөлөгчийн газруудад 141 орон тоог хасагдах аж.
Оролцогч орнууд ОХУ, Гүржийн хоорондох Абхаз,Умард Оссетийн, Азербайжан, Арменийн хоорондох Уулын Карабахын асуудлаар хоорондоо зөрүүтэй байр суурь илэрхийлж, ардчилал, хүний эрхийг хамгаалах тал дээр харилцан шүүмжлэл хэлж байсан боловч Хельсинкийн Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсанаас хойшхи 40 жилийн хугацаанд нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөнийг харгалзан мөргөлдөөнийг зохицуулах, үндэстэн дамнасан аюул заналхийлийг арилгах, интернэтийн эрх чөлөөг баталгаажуулах, иргэнийн нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэхэд чиглэсэн “Хельсинки+40” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал нэгдсэн нь Дублинд болсон 19 дүгээр хурлын томоохон ололт байлаа.
Монгол улс олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, яриа хэлэлцээний механизмуудад нэгдэн орох гадаад бодлогын зорилтын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр 2004 онд Болгарын нийслэл Софи хотноо болсон тус байгууллагын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдааны үеэр Азийн тавдахь улс болон нэгдсэн.
Манай улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, Дээд хэмжээний уулзалт, Сайд нарын Зөвлөлийн болон Байнгын Зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний аюулгүй байдлын асуудлаарх уулзалт, Хамтын ажиллагааны түнш орны зохион байгуулдаг бага хурал зэрэг арга хэмжээнд оролцон хамтарч ажиллах чиглэлүүдээ тодорхойлж үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн.
ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2006, 2012 онд манай улсад айлчилж төр, засгийн тэргүүн, зарим сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар, тухайлбал, Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хил хамгаалах менежмент, цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн наймааны эсрэг тэмцэх чиглэлээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцон манай хүчний байгууллагын ажилтнууд, судлаачдад ЕАБХАБ-аас явуулж буй үйл ажиллагааны талаар лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулсны дээр цагдаагийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан нь ЕАБХАБ-тай тогтоосон хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн байна.
Манай улс 2007 онд ЕАБХАБ болон түүний Азийн түнш орнуудын хооронд хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бага хурал, 2008 онд “Зүүн хойд болон Төв Азийн аюулгүй байдлын асуудлууд”, 2009 онд Хүний наймаа- орчин цагийн боолчлолын эсрэг тэмцэх нь сэдэвт олон улсын шинжээчдийн уулзалт, 2011 онд “ЕАБХАБ- Монгол-2011 он” бага хурлыг Улаанбаатар хотноо зохиож цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар тодорхой зөвлөмж, санал гаргасан байдаг. Эдгээр зөвлөмж, саналд хэд хэдэн чухал асуудал тусгагдсаны дотор өөрийн шинжээчдийг аюулгүй байдлын чиглэлээр зохиогддог ЕАБХАБ-ын бүс нутгийн хурал, семинар, сургалтын хөтөлбөрт түлхүү оролцуулах, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт болон бусад төвд өөрийн шинжээчдийг дадлагажуулах боломжийг ашиглахыг зөвлөсөн нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулпдаг бүс нутгийн хамгийн том байгууллагад нэгдсэн манай улсын хувьд ач холбогдолтой юм. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж орж байгаа Монгол Улсын хувьд аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах, тогтвортой хөгжих, байгаль орчныг хамгаалах, сайн засаглал, сонгуулийн ардчилал, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг олон томхон зорилтыг шийдвэрлэхэд Европын улсуудын арга туршлага, тэднийг эгнээндээ нэгтгэдэг ЕАБХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа бодитой дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй.
Лондон дахь ЭСЯ-ны зөвлөх Г.Ганболд
Сэтгэгдэл ( 0 )