Лабораторийн зориулалттай спиртийг хилээр нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн /2012.12.13/ нэгдсэн хуралдаанаар шийдлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хийв. Түүний мэдээлснээр Монгол Улсад бүртгэгдэж үйлдвэрлэж, импортолж байгаа эм биобэлдмэл, эмийн ургамал, уламжлалт, эм, эмнэлгийн хэрэгсэлд физик-хими, хими, микробиологийн шинжилгээг стандарт, фармакопейн бүрэн үзүүлэлтээр хийж, чанарын баталгааг гаргах шаардлага тавигддаг байна. Эдгээрийн 70-80 хувь нь Өндөр идэвхт шингэний хроматограф /ӨИШХ/-ийн аргаар хийгдэх шинжилгээ байгаа боловч метанол болон бусад төрлийн спиртийн уламжлалын бодис олдохгүй байгаагаас ихэнх эм, биобэлдмэлийн лаборатори энэ шинжилгээг хийж чадахгүйд хүрчээ.

Одоо мөрдөж буй Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад “Бүх төрлийн спирт”-ийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон учир спиртийн бүх уламжлалын бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байгаа аж.

Түүнээс болоод Эм, биобэлдмэлийн лабораториуд төдийгүй Хүнс, хор судлалын, Таримал ургамлын үр хорио цээрийн, Нян судлалын лаборатори, Гаалийн хяналтын төв лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, эмнэлгийн нян судлалын болон эд эсийн шинжилгээ хийдэг клиникийн лабораториудад өндөр буюу 99и хувиас дээш цэвэршилттэй метанол, этанол, пропанол, бутанол, пентанол зэрэг спиртийн уламжлалын бодисуудыг өдөр тутмын физик-хими, химийн болон эд, эсийн шинжилгээнд ашигладаг. Гэтэл этанолоос бусад спиртийг манай улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд үндэсний спиртийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэж байгаа этилийн спирт нь 96 хувийн цэвэршилттэй байдаг нь лабораторийн өндөр мэдрэг тоног төхөөрөмжид тохирохгүй байгаа юм байна. Тиймээс дээрх жагсаалтад өөрчлөлт оруулах талаар тогтоолын төсөлд тусгасан юм байна. Ингэхдээ жагсаалтад “Бүх төрлийн спирт” гэснийг “Лабораторийн зориулалттайгаас бусад бүх төрлийн спирт” гэж өөрчлөхөөр байгаа ажээ.

Уг асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top