Д.Оюунхорол: ”Бүдүүн бүлэг” байгуулна гэсэн асуудал яригдаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

            УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-  Албан бус бүлгүүд хоёр гишүүнээр бүл нэмлээ.  Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Хоёр эмэгтэй гишүүн тангаргаа өргөлөө. Ингэснээр манай намын бүлэг гурван эмэгтэй гишүүнтэй боллоо. Д.Арвин гишүүний хувьд дөрөв дэх удаагаа УИХ-д улс төрийн нэлээд хатуу дүрмээр тоглож орж ирж байгаа. Тиймээс энэ өрсөлдөөнд ялж орж ирж байгаад туйлын их баярлаж байна. Улс төрд мятрашгүй тэмцэл, зүтгэл үр дүн авчирдгийн том жишээ байлаа гэж бодож байна. Д.Сарангэрэлийн хувьд дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж, ард түмний дуу хоолой болж байсан. Энэ хүн УИХ-д орж ирсэн нь сайн зүйл болсон.

 УИХ 11 эмэгтэй гишүүнтэй болсноор жендерийн тэгш байдлын оролцоог бэхжүүлж чадаж байна гэж ойлгож байна.

- Өчигдөр яагаад тав биш гурван гишүүн тангараг өргөсөн юм бэ? Намын бүлгүүд тохиролцоонд хүрээгүй  хэрэг үү?

-Яг тохиролцоо ч гэж дээ. Өнөөдөр манай эмэгтэй хоёр гишүүнийг тангараг өргүүлэх нь зайлшгүй шаардлагатай байсан. Зарчмын дагуу орж ирсэн. Нөгөө хүмүүсийн асуудлаар тодорхой зүйл мэдэхгүй байна.

- МАН-ын бүлгийг хэзээ албажуулах вэ?

- МАН-ын бүлгийг байгуулах асуудлыг хурдан оруулж ирээсэй, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаасай. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хурдан шийдвэрлээсэй гэж бодож байна. Ингэсэн цагт улс төр дэх зөрчил, маргааныг шийдвэрлэх боломжтой болох юм.  УИХ-ын дэгийн тухай хуульд маргаантай байсан асуудлыг хоёр намын бүлэг ярилцаад тохирсон байгаа.  

- Бүлгийн хугацаагүй завсарлага авдаг байсныг ажлын хэдэн өдөр болгосон бэ?

- Завсарлагыг хугацаагүй гэдгийг өөрчилж 7 хоног болгосон. Төрийн ажлыг гацаагаад суух биш аль болох зөвшилцөөд явах хэрэгтэй байна. Үгүй бол Монголын улс төрийг хамгийн муухай харагдуулж байгаа юм. Улс төрчид иргэд юу гэж байгааг сайн бодож судлах хэрэгтэй юм шиг байна. Миний ойлгож байгаагаар улс төр дэх урвалт Монголын улс төрийг муухай болгож, үнэгүйдүүлж харагдуулж байна. Төр төр шиг байхын тулд монгол ухаанаар зөв ойлголцох хэрэгтэй байна.

-МАХН-тай нэгдэж "бүдүүн бүлэг" байгуулна гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?

-Хэзээ ч тийм юм байхгүй. "Бүдүүн бүлэг" байгуулна гэсэн асуудал яригдаагүй.

-Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21 мянган төгрөгийг олгуулах гэсэн ч бүтэл муутай байна. Яагаад тэр вэ?

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг зайлшгүй олгох асуудлыг хэлэлцсэн. Үүний хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газраас бонд гаргаж байж шийдвэрлэнэ гэж Сангийн сайд оруулж ирсэн. Энэ нь зайлшгүй шаардлагатай байсан гэж ойлгож байгаа.

Ер нь Монголын төр ард иргэддээ олгоно, өгнө гэж амласан зүйлээ төрийн ажлын залгамж шинж чанараар үргэлжлүүлж хийх ёстой. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй гэдэг шиг уламжлалгүй шинэчлэл гэж байж болохгүй. Өмнөх Засгийн газрын хийж гүйцэтгэж байсан ажлыг өнөөгийн Засгийн газар уламжлал болгон хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил байгаа. Түүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмадуудад олгох 340 мянган төгрөгийг олгох ёстой асуудал байсан. МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжиж, шийдвэрлэхэд оролцсон. Тэгээд ч олгох ёстой гэж үзэж байгаа.

Дээр нь нэмээд орлого багатай, амьдралын түвшин доогуур иргэдэд 21 мянган төгрөгийг олгооч гэдгийг бид дэвшүүлж тавьж байгаа. Нэг хэсэг хүмүүс халамжийн бодлогыг хавтгайруулах гэж байна гэдэг. Монголын төр орлогогүй иргэдээ ажилтай болгож чадахгүй байгаа тохиолдолд цөөхөн хэсэгтээ ядаж халамжийн бодлогоор дамжуулж 21 мянган төгрөгийг олгооч гэж гуйж байгаа.

Бид иргэдтэй уулзаад явж байхад 21 мянган төгрөгөөр амьдарч байсан хүн олон байсан. Энэ бол амьдралын үнэн. Ажил хийе гэхээр ажил олддоггүй, цалин тэтгэвэр байхгүй, дээр нь төрөөс олгож байгаа урамшууллыг авч чаддаггүй. Тэгэхээр үүнийг буруу талаас нь тайлбарлах, эсвэл эсэргүүцэх гэж яримааргүй байгаа. Олон улсад  ажилгүйдлийн тэтгэмж олгодог төрийн бодлого явж байгаа. Тиймээс бид тодорхой хэсэгтээ анхаарах хэрэгтэй байна. Нэгэнт ядрууралтай тэмцэх алхмыг хийж чадаагүй тохиолдолд ядаж тэр үе шатыг хэрэгжүүлэх хүртлээ халамжийн бодлогоо дэмжээд зорилтот бүлэгтээ өгөөч гэдгийг миний бие, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан гээд бидний хэсэг нөхөд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан ч чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй байгаад байгаа. Сангийн сайдаас асуусан ч үүнийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн.

-340 мянгөн төгрөгийг олгохдоо бонд гаргаж байгаа. 21 мянган төгрөгийг олгохдоо хаанаас санхүүжилт авах вэ?

-Ер нь Монгол Улс уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэд зөв оруулаад, түүнээс олгох хуваарилалтыг иргэдэд шударга өгөх асуудлыг ярьж байгаа.  Үүнийг эрх зүйн орчинтой болгосон Хүний хөгжил сангийн тухай хууль. Тэгэхээр орлогоо зөв бүрдүүлэх, зөв менежмент хийх, уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аль болохоор зөвшилцөж, бага маргалдаж, асуудлыг зөв шийдээд явахын бол сайн үр дүнг нь ард түмэн хүртэх ёстой гэж ойлгодог. Тэр утгаараа энэ ажлыг хурдтайгаар хийж, зөвшилцлийн замаар Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой.

-Гэр бүлийн тухай хуулийн хувьд?

-Би Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2011 онд өргөн барьсан. Хэлэлцэж амжаагүй байтал УИХ-ын дараагийн сонгууль бүрдсэн. Тиймээс энэ асуудлыг буцаах тухай санал оруулсан байна лээ. Гэхдээ би ажлын хэсгээ өргөтгөж, гишүүдийнхээ тоог нэмж байгаад буцаагаад өргөн барина. Монгол Улсад гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, задрал, олон асуудал үүсээд байгааг шийдвэрлэхийн тулд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль цаг үеэсээ хоцрогдсон. Тиймээс гэр бүлийн шинэ харилцааг зохицуулахад маш олон зүйл заалтыг өөрчлөх, нэмэх асуудал байна. Нөгөө талаас Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх ёстой. Бидний өргөн барьсан хуультай нэмээд энэ асуудлыг ярих шаардлага байна гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг ямар асуудлыг шийдвэрлэх гэж оруулсан бэ гэвэл хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна. Монгол Улсад гэр бүлийн хариуцлагын тухай асуудал маш задгай явж байгаа. Шүүхээр шийдэгдэж байгаа нийт асуудлын  30 хувь нь гэр бүл цуцлалт байна шүү дээ.

- Гэр бүл цуцлахад хүүхэд хамгийн ихээр хохирч, эцгүүдэд хожил болдог. Үүнийг хуулинд хэрхэн тусгасан бэ?

-Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 97 мянга хүрч байна. Үүний цаана хүүхдийн эрх ашиг тийм хэмжээгээр хохирч байгаа юм. Гэр бүлийн хариуцлагаас зугтааж байгаа олон аав, зарим ээж нар өнөөдөр хүүхдийн эрх ашгийг бодох цаг нь болсон. Тиймээс хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байдаг, хүүхдийн өмчлөх эрхийг энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж өгье гэсэн хуулийн төслийг санаачилж өргөн барьсан.

 Цаашид хэлэлцүүлж, батлуулах болно. Дөрвөн жилд УИХ-д суух зорилгыг нэгдүгээрт энэ хуулийг тавьсан гэж хэлж болно.

- Ярилцлага өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа

 

 

 

Гадаад дахь Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж  100 хувийн саналаар уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэх эсэх нь асуудал гэдгийг гишүүд онцолж байлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг: Ажилтнаа сонгуульд саналаа өгөх боломжоор хангах асуудлыг хувийн хэвшлийн байгууллага ажил хэрэг болгох нь чухал.
УИХ-ын гишүүн Л.Цог: Сонгогчдын идэвх тааруу болж байгаа нь төр, засагт итгэх итгэл буурсны илэрхийлэл. Тиймээс  урамшуулал олгох хэрэгтэй.

Ирэх жил болох Ерөнхийлөгчийн  сонгуулийн зардлыг энэхүү хуулиар мөн тусгаж өгсөн байна. Мөн гадаадад дахь Монгол Улсын иргэд оролцох талаар хуулийн төсөлд тусгасан. Тэдний саналыг ЭСЯ, консул байгаа газруудад авах юм байна.

Дашрамд дурьдахад  УИХ-ын сонгуулиар  гадаад дахь Монголчууд санал өгсөн ч орон нутгийн сонгуулиар өгч чадаагүй юм. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад дахь Монголчууд оролцох ёстой гэдгийг тусгасан нь  энэ аж.

 А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top