Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад 12 жил хууль батлалцсан цөөхөн улстөрч бүсгүйчүүдийн нэг, Хэнтий нутгийнхны хувьд улс төрийн дэвжээнд Б.Бат-Эрдэнэ аваргаас дутахааргүй “босоо бөх” байсан эрхэм гишүүн Д.Арвин энэ удаагийн сонгуулиар хуучин тойргоо сэлгэн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, дахин сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулан тангаргаа өргөсөн билээ. Гэвч үүнтэй зэрэгцэн түүнийг намын харьяаллаа солин АН-д элсэх гэнэ гэсэн цуу яриа энд тэндгүй дэгдэн ид хүчээ авч байна.
“Олны үг ортой” гэсэн ардын мэргэн үг байдаг. Бас”овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ” гэсэн түүнээс дутахааргүй онч мэргэн үг ч бий. Тэгвэл эдгээр үгсээс ургуулан бодвол, Д.Арвин гишүүнийг намаа солиход юу нөлөөлөв гэсэн асуулт урган гарах нь зүйн хэрэг.
Цагтаа Д.Арвин гишүүн МАН-ыг улаан цээжээрээ хамгаалан хавийн амьтантай муудалцаж, нэг хэсэг Л.Гүндалай гишүүнтэй бүр “хонь -чоно” болчихсон байсныг бүгд санаж байгаа. Тэр ийм л их хайртай байсан, намдаа.
Тэгвэл энхрий хайрт МАН нь түүнийг яаж “хайрласан” бэ?
Бидний мэдэхийн лав, өнгөрөх сонгуулиар бөөн юм болж байж арай чүү гэж Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракц, мөн М.Энхболд тэргүүтэй МАН-даа хамгийн тогтвортойд ордог”Хотын фракцтай” хэл амаа сайн ойлголцсоны хүчинд түүнтэй мөнхийн “харшилтай” Генсек У.Хүрэлсүхийг шахаанд оруулж байж Баянзүрх дүүрэг дээр тогтох шиг болсон. Түүнээс өмнө Д.Арвинг тойроггүй хоцорлоо гэсэн шум дэгдээд намжсан. Хэрэв тэр анхнаасаа Хэнтийдээ нэр дэвшсэн бол аль хэдийн ногоон гэрлээр гараад ирэх байсан биз, бас ч үгүй тойрогтоо хийсэн юмтай, хэлэх үгтэй түшээдийн нэг юм чинь. Тэгэхээр дээр үеэс л нам нь түүнийг жаахан “жийх” маягтай болж эхэлсэн бололтой. Тэр нь саяын дахин сонгуулийн явцад улам тодорсон гэлцээд байгаа. Өнгөрсөн хаврын сонгууль болон саяын дахин санал хураалтын үеэр намынх нь удирдлагууд, дүүргийн нам, штабын ажилчид нь Д.Арвины эсрэг, нэг намын өрсөлдөгч Д.Батзоригийн талд ажилласан гэж яригдаад байсан. Энэ бүхнээс болж тэр намдаа гомдсон байж болох. Хэрэв нам нь үнэхээр тийм “хогийн зан” гаргаад байсан бол одоо намаа солих нь гэсэн ярианд өртөөд байгаа Д.Арвин гишүүнийг 100% буруутгах ямар ч шаардлага алга. Харин өөрийн зүгээс ямар нэгэн "НО-той", АН-ын ивээлд багтахыг санаархах, эсвэл ямар нэгэн "шантаажинд" орсон байвал асуудал өөрөөр тавигдах нь гарцаагүй. Гэхдээ л адилхан нэг намын хоёр байтал Б.Батзориг “өврөөс нь”, Д.Арвин “араас нь” төрчихсөн биш дээ.
Мөн түүний хэт шулуун шударга зан ч бас нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэрээр зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө "...Манай нам эв нэгдэлгүй байсан нь нууцгүй үнэн. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай намд муу муухай бүхэн бугшиж, дотооддоо идээ бээрэнд баригдсан...","...АН-ыг хар л даа. Фракциудаа ил тод зарладаг. Гэтэл манай нам гаднаасаа эвтэй юм шиг харагддаг мөртлөө дотроо тийм биш. Нэгийгээ зууж, доош нь татдаг зантай..." гэх мэтчилэн ил тодоор хэлчихсэн удаатай. Ингээд 2012 оны 10 сарын 14-ний өдөр нийтлэгдсэн, сэтгүүлч Я.Мөнгөнцэцэгтэй хийсэн ярилцлагаас иш татъя:
“...-Бага хурал дээр намаа хатуу шүүмжилсэн гишүүдийн нэг нь та гэж сонссон. Чухам юунд нь шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд манай нам эв нэгдэлгүй байсан нь нууцгүй үнэн. Ихэнх гишүүн нь МАХН руу явчихлаа шүү дээ. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай намд муу муухай бүхэн бугшиж, дотооддоо идээ бээрэнд баригдсан. АН-ыг хар л даа. Фракциудаа ил тод зарладаг. Гэтэл манай нам гаднаасаа эвтэй юм шиг харагддаг мөртөө дотроо тийм биш. Нэгийгээ зууж, доош нь татдаг зантай. Жишээ нь "Элсний 13"-ыг байгуулсан хүмүүст одоо болтол өс санаж, намнадаг. Энэ байдал нь үргэлжилсээр байгаа. Үүнийг би сая бүр ч их мэдэрлээ. "Элсний 13"-т орсны төлөө намайг унагах гэж өнгөрсөн 2008 оны сонгуулиар яаж зүтгэцгээв дээ. Тэр сонгуулиар намайг огтхон ч дэмжээгүй шүү дээ. "Элсний 13"-т орж намаа шинэчлэхийн төлөө явснаараа би ингэж "нүдүүлж" явна. Энэ өшөө авалт хэзээ дуусах юм, бүү мэд.
-МАН сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг удирдлагууддаа тооцож, тэднийг өөрчилсөн. Энэ нь үнэхээр хариуцлага тооцсонд тооцогдох болов уу?
-Үгүй ээ. Энэ бол хариуцлага тооцсон хэлбэр биш гэж бодож байгаа. Гэхдээ С.Батболд даргыг хэтэрхий эрт огцорчихлоо гэсэн бодолтой байгаа шүү. Ядаж орон нутгийн сонгуулийг өнгөрөөх байж дээ гэсэн бодол төрдөг.
-Таныг МАХН руу явж магадгүй хүмүүсийн нэг гэдгийг өнгөрсөн хавраас их ярьж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тэр үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дагаад явчихбал болох л байсан. Гэхдээ тэгээгүй шүү дээ. Харин намайг МАХН руу явуулах сонирхолтой хүн их байна. Би өөрөө ямар ч шийдвэр гаргаагүй байхад "Арвин МАХН руу явах нь" гэцгээх юм.
-Танд тийшээ явах бодол байхгүй юм уу?
-Намайг яагаад өөр нам руу хөөгөөд байгаа юм. Намайг намын Удирдах зөвлөлд орсны дараа "Арвин МАХН руу явж байгаа" гэсэн яриа гарсан. Тэгэхээр намайг явуулах сонирхол хүмүүст их байсан байх. Миний хувьд Хэнтий аймгаас Ардын намд гурван удаа суудал авчирсны хувьд өөрийгөө энэ намд үнэ хүндтэйд тооцдог. Гэтэл намайг огтхон ч хүндлэхгүй, ингэж хандаж байна шүү дээ. Бүр намын анхан шатны гишүүдэд "Арвин МАХН руу явна" гэсэн зүйлийг зориуд тараасан байна лээ. Телевиз, сониноор ч их ярьж, бичүүлж байна даа.
-Та ингэж адлуулж байснаас МАХН руу явчихсан нь дээр юм биш үү?
-Би өөрийнхөөрөө л шийднэ дээ.
-Таныг Н.Энхбаярын хүн гэж адлаад байдаг шиг байгаа юм...
-Н.Энхбаярын хүн гэвэл олон бий шүү дээ. М.Энхболдыг хотын намын хорооны дарга болгох гээд Н.Энхбаяр дарга хөтөлж оруулж ирсэн. Т.Бадамжунайг бараг л Намбар гуайн хамаатан гэх ухааны юм яриад оруулж ирсэн. Ц.Мөнх-Оргилыг улс төрд Н.Энхбаяр дарга л хөтөлсөн. С.Батболд, С.Баяр дарга гээд бүгдийг нь тэр оруулж ирсэн шүү дээ. Харин ч би Н.Энхбаяр даргаар хөтлүүлж улс төрд ороогүй. Удам судраа дагаж энэ намд элссэн хүн. Энэ намд итгэж, үнэнч явсны хувьд үе үеийн намын дарга нараа хүндэтгэж харьцдаг байлаа. Тэгээд ч Н.Энхбаяр даргын үед би байнгын хорооны дарга, сайд байсангүй. Намын Удирдах зөвлөлд ч багтаж яваагүй юм шүү. Тэгэхээр хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй ээ. Өнөөдрийг хүртэл би аль нэг фракцид орж явсангүй. Чин үнэнчээр намын төлөө хэлэх үгээ хэлсээр яваад өдий хүрлээ. Даанч ямар ч үед гишүүдэд намаас үзүүлдэг тэр дэмжлэг надад олддоггүй байсан. Бүх зүйлд өөрийн бор зүрхээрээ явж, хүнд зовлон бэрхшээлийг ганцаараа давж ирсэн. Бүх сонгуульд Арвин гэдэг хүн Ардын намын гишүүн биш юм шиг бор зүрхээрээ явдаг байсан шүү...” гэжээ.
Эдгээр үгс нь журмын андуудад нь таалагдаагүй байх магадлалтай. Ер нь сүүлийн үеийн МАН-ын дотор шулуун шударга хүн тэсч үлдэхэд бэрхтэй гэлцэх юм билээ, ортой ч байж магад. Үүнээс улбаалан, МАН-ын нэгэн ахмад гишүүний сэтгэгдлийг толилуулахыг хүслээ: “МАН-ынхан минь хүнлэг байж үзээрэй, би насаараа энэ намын гишүүн, одооч хэвээрээ. Гэтэл та нарын зарим увайгүй удирдлага, буруу шийдвэрээс болж нам 2 салж, нэгнийгээ хамгийн чухал үед насаар нь шоронд хатааж, өөрсдөө АН-д адаг болтлоо доош хийлгээд байгаагаа та нар юу гэж үзэж байна? Дангаараа төрийн эрх барь гэхэд 50 хувийг АН-д өгөөд байсан, АН одоо та нарт яаж хандаж байна? Та нарт толгой байна уу? С.Баяр гэж төрийг байтугай ар гэрээ төвхнүүлж чадахгүй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж байгаа бол та нар алдана шүү, сануулъя. Нэр цэвэр, ухаалаг, боловсролтой, хэл устай, шилдэг боловсон хүчнээ сонгож гаргаарай. Хатуу хэлэхэд, та нарт дургүй хүрч байгаа шүү! Гэхдээ намаа солихгүй ээ. Ахмад гишүүний гашуун үг гэж бодоорой” гэжээ.
Төгсгөлд нь хэлэхэд, Д.Арвин гишүүн аль намд орох нь хувь хүний сонголт байж болох хэдий ч түүнийг сонгосон хүмүүсийн чухам хэд нь Д.Арвин гэдэг хувь хүнд бус, МАН-ын нэг суудалд саналаа өгсөн байж болохыг таахад үнэхээр бэрх. Энэ өнцгөөс харвал, нэг намын нэрээр сонгогдож гарч ирчихээд, өөр намд элсэн орох нь зүйд хэр зохистойг ёстой бүү мэд. Зарим эрх мэдэлтнүүдийн энэ талаар ярьж буйг анзаарахад үүнийг зохицуулдаг хуулийн заалт байхгүй гэж сонсогдсон. Хэрэв тийм бол өөр аргаар л зохицуулах байх даа...
Ямартай ч, Д.Арвин гишүүндээ “ухаалаг” сонголт хийж, улам ихийг бүтээгээрэй гэж хүснэм.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )