УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, Д.Ганбат Л.Цог, С.Баярцогт нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Хуулийн төсөлд шүүхийг тойргийн журмаар байгуулахаар тусгасан байна. Тодруулбал, хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны 9 шүүх, нийт 18 шүүхийг байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4, нийт 59 шүүхийг байгуулна гэж хуулийн төсөл санаачлагчдын нэг Х.Тэмүүжин гишүүн ярилаа.
Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах хуулийн үндсэн санаа агуулсан юм байна. Ингэхдээ шүүхийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцжээ.
Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд 76, сум дундын шүүхэд 170, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажилладаг байна. Тэгвэл төсалд давж заалдах шатны шүүхэд 57 , захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд 36, сум дундын шүүхэд 57, дүүргийн шүүхэд 93 шүүгчийн орон тоо нэмэгдэхээр тусгаж. Өөрөөр хэлбэл, одоо улсын хэмжээнд 442 шүүгч ажиллаж байгаа бол төсөлд тусгаснаар 681 шүүгчийн орон тоотой байхаар өргөжүүлсэн байна.
А.Баярмаа
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аас батлагдан гарснаар Манай улсын шүүхийн өнөөгийн тогтолцоо Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэгдэж шударга, хариуцлагатай, иргэдийн хяналт бүхий шүүх засаглалтай болох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )