“Лицензийн төлбөр Норвегид байхгүй”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

 

“Норвегийн уул уурхайн менежмент” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголд Улсад хэсэг хугацаанд хайгуулын шинэ лиценз өгөхгүй болсныг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхээр болсон, удахгүй энэ сэдвээр хэлэлцүүлэг хийнэ гэдгийг мэдээллээ. “Хэдийгээр зарим судлаач Скандинавын орнууд, Норвегийн туршлага Монголд таарахгүй гэж хэлж байсан ч хориглох тусам сонирхол татсан” гээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнө Норвегийн албаны хүмүүс ирж хэлэлцүүлэгт оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

 Харин Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондевик “Байгалийн баялаг бол маш том хишиг боловч цаанаа маш том эрх ашиг агуулдаг. Үүнд төрийн хяналт чухал. Байгалийн баялгийг ашиглахдаа зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйн эрх ашгийг тусгах ёстой. Норвегийн ашигт малтмалын салбар 500 жилийн түүхтэй. Энэ салбарын хууль, эрх зүйн орчныг анх 1539 онд цаасан дээр буулгаж, мөрдөж эхэлсэн. Норвеги бол хаант засаглалтай орон. Хуулиндаа ямар төрлийн ашигт малтмал төрийн мэдэлд, ямар нь хувийн мэдэлд байхыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын салбар мэргэжлийн өндөр төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Өмчийн аль хэвшлийн уурхай ажиллаж байгаагаас үл хамааран байгалийн баялаг төрийн мэдэлд байдаг” гэлээ.

Ашигт малтмалын ордыг анх илрүүлсэн этгээдэд давуу эрх олгож, байгальд сөрөг нөлөө үзүүлбэл торгууль ногдуулдаг. Хэд хэдэн этгээд хамтарч хайгуул хийсэн тохиолдолд орд илэрсэн талаар хэн түрүүлж захиргаанд мэдээлсэн нь анх илрүүлсэн этгээдээд тооцогддог байна. Туршилтын олборлолтыг тусгай зөвшөөрлийн дагуу хийдэг аж. Хэрэв хувийн эзэмшлийн газарт ашигт малтмалын орд илэрвэл эзэмшигчтэй нь хэлэлцээ хийж, саналын зөрүү гарвал засаг захиргаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг ажээ.

Хайгуулын дараа үйл ажиллагаа явуулж тогтворжвол борлуулалтын орлогоосоо жил бүр 0,5 хувийн татвар төлөх бөгөөд энэ нь 28 хувийн орлогын албан татвараас гадна төлөх татвар юм. Арван мянган куб метрээс илүү хэмжээний уул уурхайн ажил хийвэл тусгай зөвшөөрөл авдаг. Үүний дараа байгалийн хяналт, мониторинг хийдэг. Төлөвлөгөөт хяналт шалгалтын зэрэгцээ төрөөс гэнэтийн шалгалт хийж зөрчил илэрвэл тусгай эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм байна.

Ашигт малтмал ашиглахад болгоомжтой хандахгүй бол авлига, хээл хахууль дэлгэрэх “шимтэй хөрс” болдгийг ноён Кьелл Магне Бондевик анхааруулж байлаа.

Норвегийн Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас тус улс газрын тос, байгалийн хийн ихээхэн баялагтай талаар илтгэлдээ дурдаж байв.

 Норвеги улс нь төрийн өмчит газрын тосны компани байгуулах, төсвийн болон мөнгөний зөв бодлого явуулах замаар экспортын бусад салбаруудаа хамгаалж улам баяжиж чаджээ. Норвеги нь газрын тосны салбараас өндөр татвар авч энэ мөнгөө нийгмийн болон үйлдвэрлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд зориулдаг юм байна. Тэдний гол онцлог нь газрын тосыг далайн эрэг орчмоос, мөн усан дороос олборлодог аж. Таваас долоон км өрөмдөж байж газрын тос олбордох тохиолдол ч байдаг. Нэг цооног дунджаар 180 сая ам.долларын өртөгтэй байх нь ч бий. Хайгуулын явцад нөөц тогтоогдохгүй бол тэр мөнгө салхинд хийснэ. Хэрэв нөөц байгаа нь тогтоогдвол нөөц тогтоож чадалгүй зарсан зардлыг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг юм байна. Татвар авах, чөлөөлөх зардлыг тогтоохын тулд татварын төлөлтийг дараа жил рүү нь шилжүүлдэг аж. Хайгуулын эхний жил хамгийн их алдагдалтай байдаг. Газрын тос олборлогч компаниуд эхний хэдэн жилдээ татвараас чөлөөлөгддөг ч долоо дахь жилээс татвартай болж 50 хувийн татвар, түүн дээр орлогын 28 хувийн татвар, нийт 78 хувийн татвар төлдөг юм байна. Эхний жилүүдэд татвараас чөлөөлөгдсөн ашиг нь хожмын 78 хувийн татвартайгаа балансалдаг тул уг өндөр татварыг компаниуд эсэргүүцдэггүй гэлээ.

 Ашигт малтмал олборлох төслийн 50 хувийг төр эзэмшдэг бөгөөд уул уурхайн компани хэт томорч хэтэрхий их эрх мэдэл, мөнгө хөрөнгө төвлөрүүлэх нь эрсдэлтэй хэмээн үзэж төрийн оролцоог дэмждэг ажээ.

 Лицензийн төлбөр Норвегид байхгүй. Гарын үсгийн төлбөр байхгүй. Эдгээрийг төлбөртэй болгосноор цөөн хэдэн хүнийг баяжуулах, авлига, хээл хахуулийг өсгөх эрсдэлтэй учир төлбөр авдаггүй гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top